Монголын аялал жуулчлалын салбарын жил бүрийн 3 дугаар сард уламжлал болгон зохион байгуулагддаг "International Travel Mart -2013" үзэсгэлэн энэ жил 14 дэх удаагаа болох гэж байна. 

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран "Ай ТИ ЭМ-2013" 14дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 3 сарын 23-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор зохион байгуулна.

Жил бүр үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь бүтээгдэхүүний технологи, сурталчилгаа өргөн хүрээг хамрах болж, салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсоныг илтгэж байна.

Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилахаас гадна Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадагш чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур операторууд, жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч үндэсний томоохон авиа компани, тийзийн үйлчилгээ эрхлэгч аяллын агентууд, урлаг соёлын байгууллага, гар урлал, ноос ноолууран эдлэл үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 130 гаруй байгууллага оролцоно.

Түүнчлэн өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилахаар зэхэж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Монголиан Аэрлайнс групп, Хамтран ажиллагч түнш байгууллагаар Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд оролцож байна.