Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш буюу энэ сарын 25-нд говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Энэ сарын 25-нд буюу маргааш говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Энэ сарын 28-наас буюу ирэх долоо хоногийн Пүрэв гаригаас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ӨНӨӨДӨР /2019.02.24 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмолүүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 28-33 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, цас багатай газраар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн голын хөндий, Дарьгангын талаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн баруун, Өмнөговийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.