Хянан шалгах түр хорооны даргаар Ц.Баатархүүг томилов
15 минутын өмнө

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр /2026.11.17/ хуралдаж, Түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, П.Батчимэг, Ц.Баатархүү, М.Нарантуяа-Нара, М.Энхцэцэг, М.Сарнай, П.Наранбаяр, Ч.Лодойсамбуу нар оролцсон.

Улсын Их Хурлын 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах Хянан шалгах түр хороог байгуулсан.
Түр хороо 1992-2025 оны шийдвэрүүд, нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, ой, усны хамгаалалтын бүсэд газар олгосон эсэх, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн эдэлбэр газарт газар олгосон байдал, газар олголтын мэдээллийн сан, эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан, хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах юм.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилох саналыг хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасныг тодотгоод, дээрх хуулийн заалтын дагуу Түр хорооны даргад анх энэхүү түр хороог байгуулах санал гаргасан Ц.Баатархүү гишүүнийг томилох талаар танилцуулсан юм.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүүг томилохыг дэмжив гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.






