ОХУ- ын Ерөнхийлгч Владимир Путин Украйны нөхцөл байдлын талаар  Ново-Огарево хотноо хэвлэлийн бага хурал хийлгэлээ. 

"Үндсэн хуулийг зөрчин төрийн эргэлт хийсэн, засгийг зэвсэглэн булааж авсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэн ч хариултыг нь өгч чадахааргүй асуултыг би асуумаар байна. Яах гэж үүнийг хийв ээ" хэмээн Ерөнхийлгч өгүүлжээ. 

Владимир Путины үзэж байгаагаар сөрөг хүчний үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл Украйны баруун болон баруун өмнөд хэсэгт даамжирсан гэнэ. "Үндсэн хуулийг зөрчин, үймээн самуун гаргаж, эх орноо үймээнд хутгах ямар хэрэг байсан юм бэ? Одоо ч гэсэн Киевээр нүүрэндээ багтай, гартаа зэвсэгтэй дайчид холхилдож л байна. Украйны ард түмэн өөрчлөлтийг хүссэн ч дээрэмчид тонуулчдыг төрийн эрхэндээ гаргасан хууль бус өөрчлөлтийг өөгшүүлэх хэрэггүй" хэмээн Путин онцолжээ. 

  Путин түүнчлэн Украйны цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч нь Виктор Янукович гэдгийг онцлоод түүнийг огцруулах ямар ч үйл ажиллагаа явагдаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг хууль ёсны гэж хэлж болохгүй. Хууль ёсоор бол цорын ганц ерөнхийлөгч байгаа, түүнд ямар ч эрх мэдэл, засаглал байхгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ би энэ тухай хэлсэн, дахин хэлье, Украйны цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч бол Янукович гэж Владимир Путин өгүүлжээ.

Харин Орос улсад Янукович ирснийг Орос улс хүлээж авсныг тайлбарлахдаа Украйнд Януковичийн амь насанд халдах магадлал өндөр учраас сайхан сэтгэлийн үүднээс түүний хувь тавиланд оролцсон. Гэхдээ Януковичид улс төрийн ирээдүй байхгүй хэмээсэн байна. Путин хоёр хоногийн өмнө Януковичтой уулзсан тухайгаа мөн сэтгүүлчдэд дуулгаж “Янукович амьд. Өөрт нь муу санаж байсан хүмүүсийн хойно орж , оршуулган дээр нь зогсохоор эрүүл энх байгаа” гэжээ. 

    Украйны цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч нь Виктор Янукович гэдгийг онцлоод түүнийг огцруулах ямар ч үйл ажиллагаа явагдаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Харин Украйн руу цэрэг оруулах тухайд гэвэл Украйны дорнод хэсэгт эмх замбараагүй байдал гарч, Украйны ард түмэн тусламж хүсвэл Орос улс туслахад бэлэн. Гэхдээ энэ нь эцсийн арга байх болно гэж Путин мэдэгдсэн байна.

“Бид Украйны ард түмэнтэй дайтахгүй. Хэрэв бид ийм шийдвэр гаргах юм бол зөвхөн Украйны ард түмнийг хамгаалахын тулд дайтах болно”  хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Владимир Путины үзэж байгаагаар Украйны бүхий л иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран улс орны амьдралд оролцох, энэ орныхоо хувь заяаг тодорхойлоход оролцох эрхтэй байх ёстой гэнэ.

Түүнчлэн Путин Украйнд явагдах ерөнхийлгчийн сонгууль хүчирхийллийн уур амьсгал дунд болж өнгөрвөл үр дүнг нь хүлээн звшөрөхгүй гэж сануулсан байна.

Харин орос цэргүүд орсон тухайд “Бид Украйны зөвхөн хөрш орон төдийгүй ах дүү улс гэж үздэг. Харин манай зэвсэгт хүчин бол зөвхөн зэвсэг нэгт ахан дүүс төдийгүй, тэдний олонх нь нэгнээ биечлэн танина. Орос, Украйны цэргүүд гар нийлэн ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Крымд ч одоо яг л ийм байдлаар ажиллаж байна. Бурхны авралаар нэг ч буун дуу гараагүй байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ” хэмээжээ. 

Харин барууны орнууд Оросд тавьсан хоригийн тухайд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Орчин цагт бүх зүйл уялдаа холбоотой, нэг нэгнээсээ шалтгаалдаг ийм үед нэг нэгэндээ хор хохирол учруулж болно.

Гэхдээ энэ нь харилцан хохирол учруулсан л хэрэг болно. Энэ тухай бодох хэрэгтэй. Харин их наймын уулзалтын тухайд мэдэх юм алга. Бид их наймын уулзалтанд бэлдэж байгаа. Түншүүдээ хүлээж байна. Хэрэв тэд ирэхийг хүсэхгүй бол тэр л биз дээ” хэмээжээ. 

Олон нийт Крымийг Орос өөрийн бүрэлдэхүүнд авах гэж байна гэсэн яриаг Владимир Путин няцааж, “Орос улс Крымийг нэгтгэх төлөвлөгөө гаргаагүй. Иргэд өөрсдөө л сайн дураараа, аюулгүй байдлаа бодолцон ирээдүйгээ тодорхойлох ёстой” хэмээжээ.