Дархлаа гэж юу вэ?

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт. Хүний биеийн дархлаа нь антигенээс (хөндлөнгийн бичил организмууд, токсин, харшил үүсгэгчид) хүний биеийг тусгаарладаг.

Биеийн дархлаа яагаад сулардаг вэ?

Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг аж. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг байна.

Дархлаа суларсныг яаж мэдэх вэ? 

Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны түрүүнд дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.

Дархлаагаа сайжруулах аргууд:

- Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

- Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

- Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой.

- Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.

- Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг.

- Дархлаа сайжруулах шинэ арга ухааны талаар сонин хэвлэлүүд байнга мэдээлдэг. Үүнээс хоцрохгүйг хичээж бай.

- Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.

Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй  холбоотой юм.