С.САРУУЛ

ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг эхлүүллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

Аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж чадвал түгжрэл 38 хувиар буурна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тоо өсч, сүүлийн гурван жил хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсон. Үүний 150 нь хүүхэд байна. Тиймээс энэ удаа  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна.

-Зам тээврийн ослын ихэнх нь орон нутагт үйлдэгддэг үү?

– Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгдсэний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дураараа биш дүрмээрээ” аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.

Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг. Тухайлбал, гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Мөн тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Хамгийн гол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хурт хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хэвшвэл зам тээврийн осол 50 хувь  буурах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn