Монголын олон мянган охид, бүсгүйчүүдийг хүчээр биеийг нь үнэлэх замаар хүний наймааны золиос болж байна. Энэ олон эмэгтэйчүүдийн амьдралын замнал Хятадын Эрээн хотын эмсийн хүрээлэнгээс эхэлж, цаашлаад Макаогийн эмсийн хүрээлэн хүртэл явдаг аж.

Ингээд гадаадын нэгэн сайтад хүний наймааны золиос болсон монгол бүсгүйчүүдийн талаар нийтэлснийг хүргэж байна.

11 дүгээр сарын нэгэн дүнсгэр өдөр Эрээн хот дахь Алтан гүүр гудамж өнгө өнгийн гэрлээ асаажээ. Харин шилэн хорго бүхий өрөөнүүдэд залуухан охид бүсгүйчүүд хэрэглэгчээ хайн бие хаагаа гайхуулан зогсож, зарим нэг нь телевизор үзэн эвшээн сууна.
Харин гудамжинд охидын харгалзагчид гэх хар савхин хүрэмтэй залуус тамхи татан хоорондоо юм ярьцгаана. Энэ зуур биеэ үнэлэгч авах гэсэн хүмүүс такси хөлөглөн охидыг цонхоор нь шинжинэ.

Нэг сонирхолтой нь биеэ үнэлэлтийн газартай зэрэгцэн цагдаагийн газар тун ойр байрладаг юм. Эрээн хот дахь энэ газар нь Монголын хилтэй ойролцоо газар.


Тамхины иш, үнсээр дүүрсэн өрөөнд 23 настай Алимаа /жинхэнэ нэрээ хэлээгүй/ ээлжийн ажлаа хүлээн авахаар ирлээ. Тэрээр нүүрээ маш ихээр будсан, хумсаа ногоон өнгөөр гоёж, үсээ улаан хүрнээр будуулжээ. Түүний хажууд нэгэн гөлөг эрхлэн тоглох аж. Өрөөнд байрлуулсан зөөлөн сандалын ард хагас нүцгэн хүүхний зураг өлгөөстэй .... Алимаа Esse Lights тамхи угсаруулан татаж өөр 2 бүсгүйтэй ярилцаж байв. Тэд мөн түүний адил монгол бүсгүйчүүд байлаа.

Алимаа яагаад энд ирсэн талаараа бидэнд ярьсан нь тун сонирхолтой байв. 2 жилийн өмнө тэрээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг байжээ. Тухайн үед тэрээр найзын хамт Бээжин хотын караоке бааранд ажилд оруулж өгье гэсэн 2 залуугийн ятгалгад орж, найзын хамт Хятадад ирсэн байна. Харин энд ирсэн даруйдаа тэрээр буруу хүндээ итгэсэн гэдгээ мэджээ. Нөгөө залуус охидыг энд биеэ үнэлэх ажил хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.

"Тэд биднийг зочид буудлын өрөөнд оруулан бусдад хүчиндүүлж буй хятад охидыг харуулсан. Та нар хэрэв хэлснийг хийхгүй бол ийм зүйл хүлээж байгаа шүү" гэж нөгөө залуус биднийг сүрдүүлсэн хэмээн Алимаа ярьсан юм. Тухайн үед азаар бичиг баримтаа хураалгаагүй байсан учир Алимаа пасспортоо хөхөвчиндөө хийж нуун шөнө болонгуут зугтаажээ. Тэрээр бараг 2 өдөр нэгэн дутуу баригдсан барилгын дунд нуугдан өдрийг өнгөрүүлжээ. Таних хүнгүй, газар мэдэхгүй тэрээр хувь заяатайгаа эвлэрэн ийнхүү эмсийн хүрээлэнд ажиллах болжээ.

Эрээний эмсийн хүрээлэнгээс цааш явж, Макаогийн казино болон Бээжингийн караокед ажиллах болсон олон мянган монгол эмэгтэйн хүний наймааны золиос болсон түүхтэй Алимаагийн энэ амьдрал тун төстэй. Жил бүр 3000-5000 монгол охид бүсгүйчүүд бусдын хууран мэхлэлтэд автан секс үйлдвэрлэлийн боол болж, хүний наймааны золиос болдог гэсэн судалгаа гарчээ.

Улаанбаатар хот дахь Хүйсийн тэнцвэрт байдлын газрын ажилтан Чимгээгийн ярьснаар, хүний наймааны зуучлагчид гол хамаастануудтай байнгын холбоотой байдгаас гадна тэдний золиос нь боловсролын түвшин доогуур, ядуу амьдралтай охид хүүхнүүд голчлон байдаг аж. Тэд заримдаа сонин сэтгүүлд зар тавьж, гадаадын улс оронд үнэ төлбөргүй тэтгэмжээр суралцуулна, өндөр цалинтай ажилд оруулна гэх зэргээр хүмүүсийг хууран мэхэлдэг.

Энэ мэтээр хууран авчирсан эмэгтэйчүүд бие болоод сэтгэл санааны ихээхэн дарамтад орж, зодуулж, хүчиндүүлж, хар тамхинд орох зэргээр асар их хохирол амсдаг.

Хүний наймааны золиос бологчид нь бичиг баримтаа бусдад алдан энэ нь тэднийг өрийн дарамтад орсон мэт харагдуулна. Тэднийг худалдан авахад их хэмжээний мөнгө зарцуулсан учир өрөө төлж дуустал энэ ажлаа хий гэсэн шаардлага тавьдаг байна. Охидууд эхэндээ байгаа газраасаа зугтаадаг ч мөнгө төгрөггүй, бичиг баримтгүй учир хүчээр энэ ажлаа хийсээр л байдаг.

Ийм ажил хийж байгаад эх орондоо эргэн очсон эмэгтэйчүүд бие эрхтэний болоод сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амссан байдаг. Түүнчлэн эрүүл мэндийн хувьд ч тун хүнд, элдэв янзын бэлгийн замын халдвар өвчин туссан, шарх сорвитой болох нь энүүхэнд.
1990 онд Монгол коммунизм дэглэм нуран унаснаар улс төрийн олон тогтолцоо бүрдэж, эдийн засгийн зах зээлд ихээхэн өөрчлөлт оржээ. Монголд ардчилал бий болсноор эрх чөлөөт байдал бий болж зарим нэг зүйлд сайн тал үзүүлсэн ч хүний наймааны нөхцөл байдлыг ч ихээхэн дэмжин өгчээ. 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталснаар монголчуудын хувьд гадаадын орнууд руу аялах боломжийг ихээр нэмэгдүүлсэн нь ажилгүй, ядуу иргэд хүний наймааны зуучлагчдын анхааралд өртөх болжээ

Монголын хилтэй тун ойр Эрээн хот арилжаа наймаанаас гадна монгол бүсгүйчүүдийн биеэ үнэлэлтийг дэмжсэн гол цэг болсон. Энэ хотын төв талбайд гартаа бөмбөрцөг барьсан нүцгэн эмэгтэйн хөшөө байрладаг бөгөөд энэ нь монгол эмэгтэйн гоо сайхны дүрсэлсэн гэж оршин суугчид ярьдаг. Гэтэл нь энэ үнэн хэрэгтээ гоо сайхан бус өөр зүйлийг нь буруугаар ашиглахыг хүссэн бололтой.

Эрээн хот нь Хятад руу орох гол хаалганы нэг бөгөөд хилээр нэвтэрч буй машинаар хүний наймааны золиос болсон монгол охид ихээр ирдэг. Охидын ихэнх нь Хонгконг Макао руу цааш явдаг. Харин зарим нэг нь эндээ биеэ үнэлэгч болдог. Эрээн хотод ойролцоогоор 300 гаруй монгол охин биеэ үнэлдэг гэнэ. Секс арилжааны шинж тэмдэг бүхий сурталчилгаа Эрээн хотын энд тэндгүй л байна.
33 настай Хавар гэгч өвөр монгол залуу биднийг Алтан гүүр гудамжинд хүргэсэн юм. Энэ гудамжийг Улаан дэнлүүний гудамж гэсэн нэрээр олон хүн мэднэ.

Энэ гудамжинд залуу охидыг нэг шөнө 300 юань, цагаар бол 200 юаниар биеийг нь үнэлүүлдэг. Харин жаахан ахимаг настай хүүхнүүд нэг удаагийн хавьталтанд 20 юань авдаг гэнэ.
Алимаагийн найз гэх 22 настай Гэрлээ нийт орлогынхоо 30 хувийг өөртөө авч, үлдсэнийг нь босс нь авдаг талаараа ярьсан юм. Түүний харгалзагч залуу нь өрөөний түрээс зэргийг нь төлдөг аж.

Болормаа гэгч 27 настай эмэгтэй 2 жилийн өмнө Алтан Гүүр гудамжинд ирсэн бөгөөд одоо тэрээр эмсийн хүрээлэнд өөрийн гэсэн өрөө түрээслэх болжээ. Тэрээр анх зөөгч хийхээр энд ирсэн ч эцэстээ бие үнэлэгчийн ажил хийх болсноо хожим мэджээ. "тухайн үед би маш их балмагдсан. би хүн болгоноос туслахыг хүссэн ч тэд дандаа л намайг бусдад зарахыг хүссэн. Эцэст нь би мөнгөгүй болж, биеэ үнэлэхийг зөвшөөрсөн. Миний анхны үйлчлүүлэгч маш сайн хүн байсан" гэж Болормаа тухайн үеийн сэтгэгдэлээ ярьсан юм.

Одоо тэрээр олсон орлогоороо өрөө түрээслэн бусад охидоо зардаг болжээ. Түүний өрөөнд 17 насны 4 охин байдаг аж. "Манай охид үргэлж бэлгэвч хэрэглэдэг. Би тэдэнд маш сайн анхаарал тавьдаг.Ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд хангалттай мөнгө олох үүднээс ийм ажил хийж байна даа" гэж тэрээр хэлсэн юм.
Энд явж байхад дунд эргэм насны 2 эмэгтэй бидэндтэй хамт явж байсан монгол сэтгүүлчээс нутгаасаа охин олж ирж чадах эсэхийг асуув. "Та хэрэв 5 эмэгтэй олж ирвэл тус бүр нь 2000 юань өгье" гэж тэд санал тавьсан.
Хилээр охидыг нэвтрүүлэх тун хэцүү болсон өнгөрсөн жил 24 охиныг оруулж ирэх гэж байгаад хилийн хамгаалагчдад баригдсан талаараа мөн ярьж байлаа. Энэ наймаа жилийн жилд өргөжиж байгаа зарим охид биеэ үнэлэгч болно гэдгээ мэдээд ч ирдэг гэж эмэгтэйчүүд дахин ярив.


 


Сүүлийн жилүүдэд Макаогийн казино Америкийн Лас Вегастай өрсөлдөх болжээ. Португалийн хуучин колони улсад мөрийтэй тоглоом, секс үйлдвэрлэл ихээхэн хөгжижээ. Түүнчлэн энд бие үнэлэлтийг хуулийн дагуу зөвшөөрдөг. Үүнийгээ дагаад зочид буудал, сауна ихээр нээгдсэн бөгөөд тус газруудад голчлон Тайвань, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн залуу бүсгүйчүүд ажилладаг байна.

Энэ газар мөн сүүлийн үед монгол охид ихээр ирэх болжээ. Төрийн бус байгууллагын гаргасан тооцоогоор Макаод 500 гаруй эмэгтэй биеэ үнэлдэг аж. Энд мөн л нөгөөх дарамт хавчлага байдаг. Зочид буудлын жижиг өрөөнд байрлах охид ямар нэг гомдол гаргавал зодож нүдэн, хүчинддэг байна.

2007 онд Макаод биеэ үнэлдэг 15 настай охинд бусдаас тусламж хүссэн мессеж явуулсных нь төлөө харгалзагч залуус нь хэлийг нь тайрч байсан хэрэг гарчээ.
"Харгалзагчид охидыг үргэлж сэтгэл санаагаар дарамтлан гэр рүүгээ ярьвал ална гэх зэргээр сүрдүүлдэг. Эсвэл Макаод биеэ үнэлээд завхайрдаг гэдгийг чинь хэлнэ гэж мөн сүрдүүлдэг байна."

Биеэ үнэлж буй охид өөрсдөө бэлгэвч худалдан авахыг эзэд нь зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн эздээсээ худалдан авч, үүнийгээ төлөх ёстой өрөндөө суутгуулдаг гэнэ. Үүнээс гадна зарим нэг охидыг хар тамхинд оруулан мөн үүнийгээ тэдэнд зардаг аж.
Хүний наймааны золиос болсон охидыг энэ мэтээр сүрдүүлэх нь энгийн үзэгдэл. Хэрэв тэд эзнийхээ үгэнд орохгүй бол эрхтэнийг нь донор болгоно гэж ч ярьдаг байна. Хүний нүд хийсэн шилэн сав барьж ирээд "Та хэдийг зарвал биеэ үнэлснээс илүү ашиг олох юм байна" гэж эзэд нь дамшиглах нь олонтаа тохионо.

Мөн зарим нэг монгол охидын дунд ам дамжсан олон яриа байдгаас хамгийн аймшигтай нь толгойгоо тасдуулсан охин гэнэ. Гаж донтой 5 хятад залуу монгол охин худалдан авч, түүнийг элдэв янзаар хүчиндэн сүүлд нь толгойг нь тасдан хөл бөмбөг тоглосон аж. Энэ бүхэнд нь эмсийн хүрээлэнгийн эзэн уурлаагүй ч мөнгө олдог хүнийг нь ингэсэнд гомдолсон аж. Тэднээс харин нөхөн төлбөр шаардан өгөхгүй бол хүн амины хэргийг нь илчлэнэ гэж маргалдсан хэмээх яриа монгол охидын дунд байдаг гэнэ.

Хүний наймаа гэх аймшигт хэргийн цаана хэдэн мянган монгол охин хохирсон нь тийм ч тодорхой бус. Ямартаа ч гадаадын сайтад нийтэлсэн энэхүү нийтлэл цаг үеийн хувьд 1-2 жилийн өмнө гарсан ч гэлээ манай улсын эрх баригчид энэ гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ. Хүний наймааны хэрэг одоог хүртэл яригдсаар л байна.

С.Отгонбаяр

Эх сурвалж: http://www.mitchmoxley.ca/index.php?option=com_content&view=article&id=9