Нийслэлийн агентлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын иргэдэд зориулан нөөцөлсөн махыг өчигдрөөс эхлэн худалдаанд гаргажээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2019 онд нийслэлийн хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Энэ жил Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-тай хамтарч 20000 тонн нөөцийн мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 12000 тонн нөөцийн махыг бэлдээд байна. Үүнийг Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдана. Нэг дэлгүүрт өдөрт 289 кг мах өгөхөд нийслэлийн хэмжээнд долдугаар сар хүртэл мах хангалттай хүрэлцэнэ. Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгж (ААН) нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд 2-3 килограммаар савласан. Засгийн газраас тогтоосон үнээр худалдаж борлуулна” гэлээ.

Үхрийн ястай мах килограмм нь 7700, хонины ястай мах килограмм нь 6700, ямааных килограмм нь 6220 төгрөгийн үнэтэй байх нь. ХХААХҮЯ-тай дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргах боломжтой 35 ААН гэрээ байгуулжээ. Ингэхдээ экспортод гаргаж байгаа махныхаа 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх бөгөөд тус аж ахуйн нэгжүүд нийт 2500 тонн мах бэлтгэх боломжтой аж.