Зүүн Төвийн Холбоог үүсгэн байгуулагч залуустай ярилцлаа.

 

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?

 

Намайг Т.Энхбаяр гэдэг. Токиогийн Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсөөд тэндээ магистр хамгаалсан.  Дараа нь Америкт Жонс Хофкинсийн их сургуульд мөн магистр хамгаалсан. Одоо докторантурт сурч байна. “Зүүн төвийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн.

Намайг Ж.Лхагвасүрэн гэдэг. Токиогийн Их Сургуулийг мэдээлэл технологийн чиглэлээр бакалаврт сурч, магистр хамгаалсан. Тус улсад систем интегратор компанид гурван жил ажиллаад Монголдоо ирсэн. Эх орондоо ирээд Удирдлагын академид Бизнесийн магистрын зэрэг хамгаалсан. 2005 оноос хойш хувийн секторт, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байна. “Зүүн төвийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга.

Намайг З.Шагдарсүрэн гэдэг. Япон улсын Токиогийн Их Сургуульд эрх зүйн чиглэлээр бакалавр, магистр хамгаалсан. Мөн АНУ-д эрх зүйгээр мастер хамгаалсан. Монголдоо болон гадаадад банк, санхүүгийн салбарт, тодруулбал Монгол банк, Олон Улсын Валютын Сан зэрэг зохицуулагч байгууллагуудад тодорхой хугацааанд ажиллаж байсан. Бид гурав нэг үед суралцсан, нэг сургуулийн бүтээгдэхүүнүүд. Токиогийн Их Сургуулийн анхны Монгол төгсөгчид. Бид нэг улсын хөгжлийн жишээг судалсан.

Зүүн төвийн үзэл баримтлалыг оюутан цагаасаа ярилцдаг байлаа. Нэг үзэл бодолтой болсон учраас хамтарч ажиллая, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулья гэж нэгдэхэд их амар байсан. Чилийн хөгжилд Чикагогийн их сургуулийн төгсөгчид хувь нэмэр оруулсан гэдэг шиг бид ч мөн сургуулиасаа сурч мэдсэнээ хамтын хүчээр улсынхаа хөгжилд нэмэрлэхийг л зорьж яваа юм. Би “Зүүн төвийн холбоо”-ныхоо тэргүүн. 

 

“Зүүн төвийн бодлогын хөгжлийн холбоо”-гоо танилцуулахгүй юу? Юуны учир ийм холбоо байгуулах болов?

 

З.Шагдарсүрэн: “Зүүн төвийн холбоо” бол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага. Монгол улсад нийгэм, эдийн засгийн байдал, баялгийн хувиарлалт, нийгмийн шударга ёсны асуудал, тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа зэрэг асуудлууд  хурцаар тавигдаж байгаа өнөө үед хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал байх ёстой гэдэг үүднээс Зүүн төвийн үзэл баримтлалыг ард иргэддээ таниулах, улс төрийн боловсролын дээшлүүлэх, улс төрийн сонголт хийхэд туслах, дэмжих зорилготой байгуулагдсан юм. 

Ж.Лхагвасүрэн: Зүүн төвийн үзэл баримтлал бол өөрийн философитой, шударга ёсны тухай томъёололтой. Үүнээсээ ургасан төр, татвар, баян ядуугийн ялгаа, ажилгүйдэл, халамж, боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон асуудлуудад тогтсон бодлоготой. Энэ үзэл баримтлалаар амжилттай яваа улс орон маш их байна. Жишээ нь: Герман, Франц, Англи, Япон, Солонгос, Тайвань, Сингапур гэх мэт. Эдгээр улсуудын гол онцлог бол хүндээ их анхаардаг. Хүнийхээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн номын сан, спорт цогцолбор гэх мэт зүйлст онцгойлон ач холбогдол өгдөг. Үүгээрээ дамжуулж бүх хүн тэгш сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг юм.

 

 

 

Тэгэхээр манайх шиг Манжийн дарлалд 200 жил, социализм байгуулах гэж 70 жил, сүүлдээ МАНАН-гийн дарангуйлалд 30 жил яваад оюун санаа болоод эдийн засгийн хувьд ядуурсан, ядуудаа дассан Монголчуудад энэ сэтгэл зүйгээсээ ангижрах, энэ байдлаасаа гарах хамгийн тохиромжтой үзэл баримтлал бол зүүний бодлого юм.

 

 

 

Мөн МАН, МАХН, МСДН, ХҮН гэх мэт өөрсдийгөө зүүн төвийн гэх намууд Монголд бий. Гэтэл үнэн чанартаа зарим нь олигархиудын гар хөл болж, хэт барууны бодлого явуулж байна. Эдгээрийг засаж, зүүн төвийн үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлэхийг шахаж шаардах зорилгоор ТББ-аа байгуулсан.  

Т.Энхбаяр: Монголд өөрсдийгөө зүүн төвийн гэж нэрлэдэг улс төрийн хүчнүүд байгаа. Гэвч тэд зөвхөн өөрсдөө буюу мөн олигархиудад ашигтай, монополи бодлого явуулдаг. Монголд тулгамдаж буй өөр нэг асуудал бол хөдөлмөрийг үнэлдэггүй явдал. Хөдөлмөрөөс олж буй орлогод маш өндөр татвар оногдуулдаг. Монгол хүн өнөөдөр хөдөлмөрлөөд 34 хувийн татвар төлж ирсэн. Гэтэл ямар нэгэн аргаар хөрөнгөжсөн хүн түүнээсээ татвар төлдөггүй. Ийм тэгш бус байдал байна. Энэ байдлыг засъя, хөдөлмөрийг үнэлсэн, хүний төлөө гэсэн бодлогыг Монголд нэвтрүүлье гэдэг үүднээс бид нар энэ холбоог байгуулсан юм.

 

Холбоо байгуулагдаад хэр удаж байгаа вэ? Хийж, хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа дурьдвал?

 

Ж.Лхагвасүрэн: Санаа бол нилээн дээр үед байсан. Намууд болохгүй байна гэдгийг бид ярьж хөөрч, хувь хүний түвшинд эсэргүүцэж тэмцэж, дуугарч байсан. Зохион байгуулалтанд орж бүртгүүлсэн нь 2019 оны намар. Түүнээс хойш бид гол нь өөрсдийн цахим хуудсан дээрээ бодлогуудын тухай томъёоллуудыг  гаргах, мэдээлэл өгөх, нэвтрүүлэг хийх, мөн хэд хэдэн улс төрийн намуудтай харилцаж, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа. Хүүхдийн мөнгө 20-н мянга төгрөг олгох гэсэн маазарсан юмаа больж, нэн даруй 200-н мянга болгох, боловсролын салбарт хоёр ээлжийг нэн яаралтай халж нэг ээлжтэй болгох хэрэгтэй, Монгол хүүхдийн авъяасыг хөгжүүлэх тал дээр шинэчлэл бус бүр хувьсгал хийх хэрэгтэй, ядуурлыг арилгахын тулд цалинг доод тал нь 3 сая болгох шаардлага байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд намуудын мөрийн хөтөлбөрт санаа оноогоо хэлж, оруулах хэлбэрээр ажиллаж ирлээ.

З.Шагдарсүрэн: Хамгийн олон хэрэглэгчтэй гэдэг утгаар нь сошиалд мэдээллээ оруулж байгаа. Хөдөлмөрчдийг татвараар дарамтлахаа болъё. Хөрөнгөнөөс татвар авдаг болъё гэдгийг олон янзын жишээгээр гаргаж тавьж байгаа. 

Ж.Лхагвасүрэн: Хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүний өртөг дотор хөдөлмөрийн эзлэх хувийн жин нь ойролцоогоор 60-70 хувь байна. 100 төгрөгний талхны 60 төгрөг нь хүний хөдөлмөрт төлөгддөг. Монголд энэ тоо 22 байна. Монгол хүний хөдөлмөр дэлхийн хөгжилтэй орнуудаас 3 дахин хямд үнэлэгдэж байна. Тэгэхээр таны, миний цалин өнөөдрийнхөөс 3 дахин их байж болохоор байгаа юм. Энэ бол нийгэм маань болохоо байсны нэг л жишээ. Үүнтэй л тэмцэж, үүнийг өөрчлөх нь бидний туйлын зорилго. 

З.Шагдарсүрэн: Төр засгийн бодлого ард олондоо тэгш, хүртээмжтэй байх. Хууль, шүүхийн завхралыг засах, хариуцлага хүлээлгэх тогтолцооны шударга ёсны асуудал байна. Хамгийн гол нь ард иргэдийн ухамсарт, нийгмийн сэтгэл зүйд шударга ёс тогтоох ёстой. 

 

 

 

Ж.Лхагвасүрэн: Шударга ёсны томъёолол олон янз байна л даа. Хүн болж төрөөд сайхан, хэцүү амьдрах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч гэсэн бидний хувьд шударга ёс гэдэг бол баян нь ядуудаа туслах, баян хүн ч ордог нийтийн жорлон, нийтийн тээвэр, нийтийн үйлчилгээтэй болохыг л хэлээд байгаа юм.    

 

 

 

З.Шагдарсүрэн: Зүүн төвийн үзлийн нэг гол санаа бол өөрөөс хамаарах зүйлүүд дээрээ өөрөө хариуцлага үүрээд яв. Харин танаас хамаарахгүй зовлонгоос чинь нийгэм хуваалцъя гэж онолын түвшинд ярьдаг.  

 

Сая их сонин жишээ хэллээ. Монголын нийгмийг сайжруулахын тулд баян хүн ч суудаг нийтийн тээвэртэй болох хэрэгтэй гэж. Баян ядуугийн ялгаа Монголд их болж байна. Зөвхөн баячуудын ордог газар гэж бий болж байна. Ядуу хүн орж үзээгүй байх жишээний. Энэ ялгаа заагийг арилгахын тулд давын өмнө юу хийх ёстой вэ?

 

Т.Энхбаяр: Гэр хороолол, нийтийн тээврийг хөгжүүлье гэвэл шийдвэр гаргадаг дарга нарыг автобусанд суулгаж, гэр хороололд амьдруулах хэрэгтэй. Өөрсдөө тансаг сууцанд амьдарч, улсын машинаар яваад байгаа хүмүүст чинь энэ байдлыг өөрчлөх сонирхол төрөхгүй шүү дээ. Гадаадад эмчилгээнд явж байгаа хүн Монголын эмнэлгийг мэдэхгүй байна. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан хүн зөвхөн дотооддоо эмчлүүлэх, Ерөнхийлөгч гэр хороололд амьдрах ёстой гэдэг  шаардлага тавибал гэр хороолол сайхан болж магадгүй. Шийдвэр гаргадаг хүмүүс үүнийг хүсэхгүй байна. Бидний санаа бол дарга нарт хийсэн хоолыг нь өөрсдөөр нь идүүлэх хэрэгтэй байна. Өөрсдөд нь мэдрүүлэх хэрэгтэй байна. Хүүхэд нь гэр хорооллын сургуульд сурдаг бол тэр сургуулийг сайжруулахыг хүснэ шүү дээ. 

З.Шагдарсүрэн: Монголыг яаж ч сүйдэлж байсан дарга нарын өөрсдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Жишээ нь: Та төрийн өндөр албан тушаалтан бол танай хүүхэд гадаадад сурахгүй ээ. Энэ бол таны эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш. Зүгээр л сонголт. Төрийн албанд орохоосоо өмнө шийдвэрээ гарга. Ингэх юм бол улсын сургуулиуд сайжирна. 

Ж.Лхагвасүрэн: В.Путин төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад эмчлүүлэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан. 

 

 

 

Монголд бол УИХ-ын гишүүн болон сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нар гээд 200 хүний л асуудал. Өөрсдөө тансаг машинд сууж, өндөр хашаатай хаусанд амьдарчихаад ордон, яам, хоёр гүүрний хооронд холхичихоор гэр хорооллоо мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр тэднийг заавал гэр хороололд амьдар, хүүхдээ заавал гэр хорооллын сургуульд сурга гэж шаардах хэрэгтэй. 

 

Т.Энхбаяр: Хотын захиргааг Баянхошуу рүү нүүлгэ гэж Э.Бат-Үүл дарга зөв л хэлж байж. Дээрээс нь Засгийн газрын ордныг Долоон буудалд байрлуулмаар байгаа байхгүй юу. Тэгвэл ард түмний амьдралыг өдөр бүр мэдрэнэ шүү дээ.

З.Шагдарсүрэн: Манайд бараг ядуусын хороолол үүсээд байна шүү дээ. Япон, Солонгост үүний эсрэг төрөөс орон сууцыг захиалахдаа заавал янз бүрийн орлоготой хүмүүс худалдаж авах бололцоотой, тийм орон сууцны хорооллуудыг барина шүү гэсэн шаардлага тавиад байгаа. Зарим оронд орлого багатай хэсэгт тусад нь хороолол бариад өгчихөөр тэнд ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг нэмэгдэх, нийгмийн хуваагдал үүссэн асуудал бий. Тэнд өсөж төрсөн хүүхэд тэр орчноосоо гарах хэцүү байдаг гэдэг ч юмуу. 

Ж.Лхагвасүрэн: Ерөөсөө л цалин нэмэх. Нэм, нэм, нэм өөр арга байхгүй. Үйлдвэрчний эвлэл гэж үлбийсэн байгууллага чинь уг нь тэмцэл хийж байх ёстой байхгүй юу. Төрийг шахах хэрэгтэй. 

Т.Энхбаяр: Монголд цалин нэмэх боломжгүй гэж байгаа ч зөндөө боломж байна. Маш их баялаг байна. Харамсалтай нь буруу гарт байна.

З.Шагдарсүрэн: Монголд тархи угаалт маш их байна. Монгол хүн өндөр цалин авч болохгүй юм байна гэдэгтээ итгэчихсэн байна. Таны цалинг нэмнэ гэхээр инфляци яриад мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг мөнгөний бодлого яриад л гэх мэт. Мэдээллийг маш буруу дамжуулж байна. 

Ж.Лхагвасүрэн: Монголчуудыг оюун санааны хувьд зомби байдалтай болгочихсон. Цалин нэмнэ гэсэн хүнээ сэхээтнүүд нь ч тэр нөгөөдүүл нь ч тэр нийлээд шоолно. Дээр дооргүй тийм болчихож.

 

Т.Энхбаяр: Монгол улс сүүлийн 20-н жилд оффис, машин гээд дарга нарын тусгай хангамжинд нэг их наяд төгрөг зарцуулаад байна.  Монголд мөнгө байна. Гэвч үнэтэй машинд зарцуулна гэдэг чинь гадагшаа л урсаж байгаа хэрэг юм. 

 

З.Шагдарсүрэн:  Холбооны гол зорилго бол энэ бүгдийг л өөрчлөх.

 

Монголд зүүн төвийн үзэл баримтлалтай гэж өөрсдийгөө тунхагладаг боловч эсрэгээр нь үйл ажиллагаа явуулдаг намуудын тухай ярилаа. Үүнийг тодруулаач?

 

Т.Энхбаяр: Тухайлбал, МАН УИХ-ын 2016 оны сонгуульд хувь хүний орлогын албан татварыг бууруулна гэж амлалт өгч орсон. Татвар буурсан нь үнэн. Гэхдээ зөвхөн баячуудын, хөрөнгөтэй хүмүүсийн, уул уурхайн компаниудын татварыг л бууруулсан. Өөрсдийгөө зүүн төвийн гэдэг боловч хэт барууны ч гэхгүй ер нь бол өөрсдийнхөө төлөө л зүйлийг хийж байна. 

Ж.Лхагвасүрэн: Хамгийн тод жишээ гэвэл Монгол Ардын Нам байна. 1990 оноос хойш МАН гэдэг онгоц жолоодлогоо дээрэмчдэд алдсан. Аймаг, дүүрэг, сум бүрт салбартай, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын гээд маш хүчтэй байгууллагуудтай маш том бүтцийг мафиуд эзэлж аваад түүгээрээ төрийн эрхийг мөнхөд өөртөө байлгадаг болсон. Хийдэг ажил нь өөрсөддөө л хэрэгтэй юм хийнэ. Өөрсдийнхөө татварыг чөлөөлнө, өөрсөддөө өршөөлийн хууль гаргана.

 

 

 

Олигархиуд олон тэрбумын өр шир хуримтлуулж байгаад л нэг Өршөөлийн хууль гаргуулдаг. Ковид19 гээд НДШ чөлөөлнө л гэнэ. Гэтэл нийгмийн даатгал төлдөггүй, хувиараа бизнес хийж байгаа иргэдээ хаяж байгаа байхгүй юу.

 

 

 

Бусад орнууд бол шууд бэлэн мөнгө өгч байна. Тэд тэнэгтээ ийм шийдвэр гаргаагүй шүү дээ. Бэлэн мөнгө л бодит амьдралд хэрэг болно гэдгийг мэдэж байгаа учраас хувь хүнийх нь данс руу хийж байна. 

З.Шагдарсүрэн: Ямаанд өгч байгаа мөнгө нь 300 тэрбум. Хэдэн компани, хэдэн хүнийг дэмжих юм. Нөгөө талд хүүхдэд өгч байгаа мөнгө 30 тэрбум. Гэтэл ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг Итали зогсолтонд орсон байдаг. 

Т.Энхбаяр: Ямаанд хүүхдээс 10 дахин их хайртай гэсэн үг. 

 

Ингээд яриад эхлэхээр зарим хүмүүс та нарыг нийгмээ чирдэг, хөрөнгөтэй хэсгээ дарангуйлах нь, эргээд социализмаа мөрөөдөөд эхэллээ гээд шүүмжлэх байх л даа?

 

Т.Энхбаяр: Хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь жирийн хүмүүстэйгээ адилхан татвар төлөх хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа хүн чинь адилхан хөдөлмөр эрхэлж байгаа хүн шүү дээ. Тэд нарт бид нарын бодлого харин ч ээлтэй. Эрсдэл хүлээгээд бизнес хийгээд явж байгаа хүмүүс байна. Тэдэнд ашигтай. Харин хөдөлмөр эрхлэхгүйгээр, лиценз зараад, газрын наймаа хийгээд, “Эрдэнэт”-эд шахаа хийгээд баяжсан хүмүүст бол ээлгүй. Баялаг бүтээгээд нийгмээ чирээд авч яваа хүмүүст бол ашигтай бодлого.

З.Шагдарсүрэн: Бизнесийн хүрээнд ч гэсэн өрсөлдөөнийг шудрага байлгамаар байна. Яагаад төрийн эрх мэдлийг, албан тушаалаа урвуугаар ашигласанд нь илүү ашигтай байдаг юм. Уг нь нийгмийг амжилттай бизнесмэнүүдээс илүүтэй дундаж давхрага авч явдаг баймаар байгаа юм. Тогтвортой, боловсролтой, хүмүүжилтэй. Улс орон гэдэг чинь хүн амьдрах таатай орчин байх ёстой. Түүнээс бус хэдхэн амжилттай бизнес яваад бусад нь тааруу байх нь бидний зорьж байгаа зүйл биш. 

Т.Энхбаяр:  Баялаг бүтээгчид гэж яриад байгаа. Баялгийг чинь бүгдээрээ л бүтээж байгаа шүү дээ. Эмч, багш, ажилчин, малчин, бизнес эрхлэгч гээд. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн үүнд хамаатай. 

Ж.Лхагвасүрэн: Зүүн төвийн үзэл бол коммунист үзэл биш. Энэ үзэл бол чөлөөт зах зээл, ардчилал хоёрыг дэмжинэ. Гол нь энэ хоёрыг зоргоор нь тавьчихвал сэргэлэн цовоо нь яаж ийж байгаад хөлжөөд,баян ядуугийн ялгаа гараад тэр нь сүүлдээ гүйцэгдэхгүй утгаа алддаг юм. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. Тиймээс үүнийг төрийн бодлогоор зохицуулдаг. Сонирхлоороо цалин нэмдэг хүн ховор учраас үүнийг бодлогоор хийхгүй бол болохгүй шүү гэсэн санаа яваад байгаа юм. Үүнийг л хийе гэж байгаа юм. Түүнээс биш халамжийн бодлогоор явъя гэсэн санаа огт байхгүй. Үүнийг мушгин гуйвуулах хэрэггүй гэж хэлмээр байна. 

З.Шагдарсүрэн: Зүүн төв, баруун төв гээд улс орон бүрт янз бүр байна. Монгол улсынхаа хувьд авч үзвэл бидэнд зүүн төвийн үзэл баримтлалаас өөр сонголт байхгүй. Эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаасаа төсвөө бүрдүүлдэг. Хүн амын бүтэц нь ихэнх нь хүүхэд, залуучууд. Улс орны баялаг, түүнийг хүртэх иргэд хоёрын авцалдаанд асуудал байна. Бүх хүүхэд, залуусаа уурхайчин болгоод баялагаас хүртээх боломж байхгүй. Тэгэхээр уул уурхайн баялагаа хүүхэд залуусынхаа боловсрол, эрүүл мэндэд зарцуулаад нийт нийгмээрээ уул уурхайн баялагаа хүртээд явах нь зүйтэй л гэж үзэж байгаа юм. Өөр сонголт байхгүй. 

Зүүн төвийн холбооны удирдлагууд болох та бүхэн ямар нэгэн намын гишүүн үү? Энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлхийн тулд шийдвэр гаргах түвшинд очих хэрэгтэй шүү дээ. 

Ж.Лхагвасүрэн: Зүүн төвийн гэх намуудыг хараад байхад Монгол Ардын Нам бол зүүн төвийн нам биш. Олигархиудын нам болсон. Ардчилсан Нам өөрсдийгөө баруун гээд зарлачихсан. Тэгэхээр энэ МАНАН бүлэглэлийг арилгах боломжтой, бодлого нь зүүн төвд арай дөхүү улс төрийн хүчин хаана байна вэ гээд судлахаар МАХН байна. Иймээс бид УИХ-ын 2020 онд бол МАХН-ыг дэмжиж оролцоё гэж шийдсэн байгаа. Тэр ч утгаараа мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд нь хамтарч орсон. Хэрэгжих боломжтой, боломжгүй гэж ярьж байгаа ч хүсэл байвал бүтэхгүй зүйл гэж үгүй. Хэд хэдэн бодлогын гаргалгаа, шийдлүүд дээр мэргэжлийн үүднээс хамтарч ажиллалаа. 

 

Ардчиллын анхдагч Да.Ганболд, Э.Бат-Үүл нарын зэрэг улс төрчид Монгол дампуураад байгаагийн учир нь бол зүүний үзэл, зүүний бодлого дэлгэрсэн, төрийн зохицуулалт хэт их байгаагийнх гэж ярьдаг. Монголд зүүний үзэл тэгж их дэлгэрсэн үү. Эдгээр хүмүүсийн хэлж байгаатай санал нийлэх үү?

 

 

Ж.Лхагвасүрэн: Огт нийлэхгүй. Ард түмний тархи толгойг угаадаг энэ ажлаа 30 жил хийлээ. Одоо болоогүй юмуу?  Монголд зүүний бодлого гээд байх юм байхгүй. Юу ч байхгүй. Тендер цохихийг л төрийн зохицуулалт гэж хэлээгүй юм бол энд бодлого гаргаад, зохицуулаад байгаа юм юу ч байхгүй. Өөрсдөө л зохицуулж тендер авч байгаа байх.   

 

Т.Энхбаяр:  Өөрсдийнхөө компанид монополи эрх тогтоодог. Оросоос шатахуун импортлохын тулд тусгай зөвшөөрөл авдаг. Яаж авдаг юм бүү мэд. Нөгөөдүүл нь цөөхөн хэдхэн компанид өгдөг. Тэд нар нь үнээ өсгөнө. Хот хоорондын нийтийн тээвэр гэхээр цөөхөн хэдхэн компанид эрх өгчихнө. Гэх мэтээр монополи эрх өгөөд байгаа төрийн зохицуулалт хэтрээд байгаа нь нэг талаар үнэн. Гэхдээ энэ нь өөрсөддөө л зориулсан зохицуулалт. Түүнээс биш чөлөөт зах зээлийн зарчимтай нийцэхгүй. 

З.Шагдарсүрэн: Өөрсдөө төрийн эрх барихгүй болохоороо баахан хашгирах юм. Төрийн зохицуулалт, халамж чинь ихдээд байна, зах зээлийг боомиллоо гээд л. Тэгээд өөрсдөө гарч ирэхээрээ нөгөө шүүмжилж байсан хүмүүсээсээ илүү монополи эрх үүсгэж байна. Албан тушаал ашигласан хэрэг гарч байна. Энэ бол зарчимгүй л үг хэллэг. Түүнээс бус зүүн, баруунаа ялгаад ч байгаа юмуу гэдэг нь тодорхой бус байна. 

Ж.Лхагвасүрэн: Дээр нэр дурьдсан хүмүүс өөрсдөө социализмын үед сурч боловсорсон хүмүүс шүү дээ. Яг зах зээлийнхэ мөн чанарыг, Ардчиллынхаа үндсэн зарчмуудыг, хүний эрх гэж яг юу юм гэдгийг ойлгож байгаа гэдэгт нь би бол сүүлийн үед эргэлзээд байгаа. Тэдэнд барууны онолоос сурах боломж байгаагүй. 

З.Шагдарсүрэн: Эдийн засгийн Нобелийн шагналтнуудыг хар л даа. Бүгд л нийгмийн шударга ёс, баян ядуугийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлж байж хүн төрөлхтөн цаашаа явна, нийгэм хөгжинө гэдгийг гаргаад тавьчихаад байхад аль хуучин 1990-ээд оны өмнөх коммунизмаараа айлгаад, ард иргэдээ ядуу байлгая гэж байгаа бол уучлаарай, одоо бол яагаад ч ийм үзэл явахгүй. 

Т.Энхбаяр:  Монголд үнэхээр зүүний үзэл хэтэрхий хөгжсөн бол энэ их баян ядуугийн ялгаа гарах уу?  Нэг нь хэдэн зуун тэрбум доллартай, нөгөө хэсэг нь өдөр хоногийнхоо хоолыг аргацаасан ийм нийгэм үүсэх үү, үүсэхгүй юу. Энэ байдал бол зүүний үзэл байхгүйг л харуулж байна. 

 

Монголын ард түмний хүсэл бол амьжиргаа, өрхийн орлогоо дээшлүүлэх явдал шүү дээ. Үүний тулд нэн шаардлагатай хийх алхам нь юу байх вэ?

 

Ж.Лхагвасүрэн: Монгол улс гуравхан сая хүн амтай. Хоёр их супер гүрний дунд оршиж байна. Энэ хоёр хөршөө харгалзан үзэхгүйгээр хөгжих боломжгүй л дээ. Тэгэхээр энэ цөөхөн хүн амынхаа авъяас дээр тулгуурлаж хөгжихгүй бол Хятадтай үйлдвэрлэлээр, Оростой баялгаар өрсөлдөх боломж нэн тааруу. Бид баялгаа аль болох хурдхан шиг хүүхдүүдээ боловсролтой болоход зарцуулах хэрэгтэй. Боловсрол гэдэгт дэлхийд өрсөлдөх хэл устай, математик, урлаг соёл гээд бүхий л түвшинг хэлж байна. Энэ боловсролыг л хурдан хөгжүүлэх хэрэгтэй. Болдогсон бол 10 жилийн хугацаанд 10 их наяд төгрөгийг боловсролын салбарт тасралтгүй оруулмаар байна. Ингэвэл хүүхдүүд маань өөрсдөө дэлхий рүү гараад, өөрсдийнхөө авъяасаар хөгжөөд явах боломжтой болно. Тэр болтол байгалийн баялгаа аль болох ядуурлыг арилгах тал руу зарцуулмаар байна. Үүний тулд цалин нэмэх хэрэгтэй. Орон сууцжуулах хэрэгтэй. Яагаад зарим нь таатай орчинд хичээл номоо хийж байхад зарим нь ус, нүүрс зөөгөөд  явж байх ёстой юм. Энэ чинь өөрөө төрсөн цагаасаа эхлээд шударга бусаар явж байна шүү дээ. Үүнийг нэн яаралтай тэгшлэхгүй болвол үндэстэн маань хэцүүднэ. Гуравхан сая, бүгдээрээ ахан дүүс биз дээ. Америк шиг холилдсон үндэстэн биш шүү дээ. Яагаад гуравхан саяулаа сайхан амьдарч болдоггүй юм бэ.

З.Шагдарсүрэн: Монгол улсын өрсөлдөх чадвар их чухал л даа. Уул уурхайн лицензтэй хэдхэн баян үүсээд Монгол улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх үү. Иймээс нэн яаралтай эхний арга хэмжээ бол цалин орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.

Т.Энхбаяр:  Татварыг нэн даруй багасгах хэрэгтэй. Мөн компани цалин нэмэх тусам татварын дарамтанд унадаггүй тогтолцоо хэрэгтэй байна. Ингэвэл компаниуд өндөр цалин өгөх боломжтой болно. Ажил олгогч, ажилчин хоёроо дэмжээд өгвөл түүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд чинь хөгжинө шүү дээ. Тэгэхгүй бол татварын мөнгө чинь хэн нэгэн даргын “Ланд 200” машин болж, Тоёота компаний орлого болоод яваад өгнө шүү дээ. Бид бүх алтаа нууцаар гадагшаа алдаад байгаа нь саяхан илэрлээ. Тэгэхээр магадгүй бүх алтны ордоо төр мэдэлдээ авах хэрэгтэй байна. Байгалиа баахан сүйдэлж хаяад тэгээд ихэнхи алтаа гадагш нь алдчихдаг байдлаа зогсоох хэрэгтэй. 

 

З.Шагдарсүрэн: Иргэдийн шууд орлогод анхаармаар байна. Цалин, халамж, тэтгэмж гэх мэт. Манай төсөвт багагүй мөнгө байдаг. Гэтэл бүтээн байгуулалт гээд баахан тендер зарладаг.  Сумын төвд засаг даргын байр, соёлын төв, засмал зам тавидаг. Монголын баялаг ард иргэддээ хүрдэггүй нь тэндээс харагдана. Өгсөн дарга авлигаа авна, авсан компани цавчаа хийнэ. Тэгээд амьдралд хэрэггүй байшин үлдэнэ.  

 

Т.Энхбаяр:  Тэр байшин нь эргээд зардал болдог байхгүй юу. Халаалт, урсгал зардал гээд. Ямар ч утгагүй юм болдог. Сумын ард иргэдэд ч хэрэггүй. Баахан мөнгө барилгын материал гээд Хятад руу гардаг.

З.Шагдарсүрэн: Иймээс шууд орлогодоо анхаарсан нь дээр байгаад байгаа юм. Улс мөнгөгүй юу гэхээр байшин барилга, усан оргилуур, юу юу ч гэдэг юм, маш их нүсэр зүйлс богино хугацаанд барьж байна. Хямрал гээд хүүхдийн мөнгийг нэмье гэсэн чинь сард 10000 төгрөг. Түүнээс илүү мөнгө байхгүй. 5 сая төгрөгний цалин боломжгүй гээд байдаг. Гэтэл өөрсдөө хэдэн тэрбумаар оффис, контор барьдаг, машин авдаг ийм л байна. 

Ж.Лхагвасүрэн: Багш нарын цалинг нэмнэ гэхээр дарга нар цавчаа хийж болдоггүй. Шууд орлого нэмэхэд цавчаа хийх боломжгүй байхгүй юу. Төсөвт эзлэх хувийн жин нь хүндээ бус дандаа байшин саванд байдаг. Өөрсдөд нь цавчаа хийхэд амар зүйлүүд рүү хийдэг. Хүн рүү хандсан нь дөнгөж 30 хувь хүрэхтэй үгүйтэй. Түүнийгээ болохоор мөнгө байхгүй гэж тайлбарладаг. 

З.Шагдарсүрэн: Тэгээд та нарт мөнгө өгөхөөр инфляци өснө. Мөнгө хэвлэх юмуу гэдэг. Та нар цалингаа нэмүүлж яах гэсэн юм. Утгагүй шүү дээ гэж хэлж байна. 

 

Төрийн алба өөрөө мөнгөөр очдог газар болсон болохоор тэнд очсон улсууд нь цавчаа хийж мөнгөө эргүүлж авдаг юм шиг байгаа юм?

 

Ж.Лхагвасүрэн: Монголын бүтээмжийг доошлуулж буй зүйл бол яах аргагүй авлигал.  Авлигалын ялыг онц хүнд болгох хэрэгтэй. Ах дүү, авгай хүүхдийнх нь хамаг хөрөнгийг нь хураадаг, царцаадаг, доод тал нь 30-н жилийн ял өгдөг болгох хэрэгтэй. 

З.Шагдарсүрэн: Авлигыг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний суурь нь улс төрийн системд байна. Сонгууль, эрх мэдлийн хувиарлалтанд байна. Сонгуулийг шударга явуулах, зардлыг төр даая гэж байна. Энэ бол зөв. Сурталчилгааг хязгаарлах. 

Т.Энхбаяр:  Нэг хүн сонгуулийн сурталчилгаанд 400 саяыг зарцуулах боломжтой гэж байгаа юм. Одоогийн цахимжсан үед 4 сая төгрөгөөр л хүмүүст мэдээллээ хүргэнэ шүү дээ. 

Ж.Лхагвасүрэн: Сонгуулийн зардлыг маш өндөр болгодог зүйл бол хэвлэлээс илүү ухуулагч нарыг цалинжуулах байдаг юм. Орчин үед ухуулагч хөлслөхийг болих хэрэгтэй. Намууд хоорондоо ТВ-гээр хөтөлбөрөөрөө мэтгэлц.

З.Шагдарсүрэн: Ухуулагч нар чинь мөнгө тараадаг нэг хэлбэр болоод байна. Түүнээс нэг их ухуулаад л нөгөөх нь ухуулагдаад байх харилцаа биш болсон.

Т.Энхбаяр:  Төрийн албан хаагчдыг нэг удаа адестатчилах хэрэгтэй.

 

 

 

З.Шагдарсүрэн: Төрийн албан хаагчид чадваргүй, бүтээмжгүй, сэтгэлгүй байна гэвэл 60 тэрбумын гэдэг ч юмуу нөгөө улс төрийн авлигатай тогтолцоондоо байна. Өөрийнхөө хүнийг байршуулна гэдэг ч юмуу. Ийм нэг завхарсан ойлголттой. Хоёрдугаарт олон жил ярьж байгаа, мерит систем, хүний мэдлэг, чадварт тулгуурласан боловсон хүчний бодлого алдагдсан. Төрийн албанд томоохон шинэчлэлт хийх ёстой. 

 

 

 

Ж.Лхагвасүрэн: Сонгуульд ялалтанд оруулсан хувь нэмрээр нь эрх мэдэл хувиарлалт 19-р зуунд Амеракт нэг удаа дэлгэрээд, түүнээсээ болж тэр улс дампуурах шахаад тэгээд энэ болохгүй юм байна гэж халаад тэгээд төрийн алба өндөр мэдлэг туршлага шаардсан алба болж эхэлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш төрийн алба маш өндөр мэдлэг шаардаж эхэлсэн. Хууль, эрх зүй, эдийн засаг, тэгээд тухайн салбарынхаа нарийн мэдлэгийг. Ингээд ирэхээр төрийн албан хаагчид яах аргагүй бэлтгэгдсэн байх шаардлагатай болсон. Хоёр хөрш маань үүн дээр маш их анхаарч байхад манайх өнөөх л 200, 300 жилийн өмнөх ялалтанд хувь нэмэр оруулснаар нь, боов тарааж байгаа юм шиг хийгээд явж байгаа нь бас л нэн яаралтай засахгүй бол болохгүй л асуудал. 

 

Төрийн албан хаагчдыг яаж бэлтгэх ёстой юм бэ? 

 

Ж.Лхагвасүрэн: Японд бол бодлогын түвшний хүмүүс нь нилээн хэцүү шалгалт өгдөг. Яаманд ороод хэлтэс бүрт 3, 3-н жил тойроод 20-иод жил ажилладаг. Тэгээд 40 орчим насандаа гадагшаа сургуульд явж ирээд хэлтсийн дарга ч юмуу бодлого тодорхойлох түвшинд очдог. Нэгдүгээрт яамандаа бүх хэлтсээр дамжсан учраас ажлаа сайн мэддэг. Хоёрдугаарт сонирхолтой нь бодлого гаргагч нар тендерт ерөөсөө оролцдоггүй юм байна лээ. Яагаад гэвэл бодлого гаргадаг хүмүүс асуудалд орооцолдоно гэж үздэг. Тиймээс улс төрчид нь ч бодлого гаргадаг хүмүүстэй нэг их уулзаад байдаггүй юм байна лээ. Тэгж явсаар Төрийн Нарийн бичгийн дарга хүртлээ дэвшдэг. Тэндээсээ тэтгэвэрт гардаг. 

 

Т.Энхбаяр: Хятадад төрийн маш том, том шалгалтуудыг өгдөг. 10, 20 жил шахуу бэлдэж ордог. Хятадын түүхэнд тэдгээр шалгалтуудад Монгол хүмүүс дээгүүр байр эзэлж байсан тохиолдол нилээн байдаг юм байна лээ. Туркын эзэнт гүрэн гэхэд л гадаад хүүхдүүдийг боол маягаар авчраад тусгай сургуульд сургаж бэлтгэж байсан байдаг. Сонирхуулж ярихад шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үе үеийн улс орнуудын төр засаг албан хаагчдаа маш нарийн аргаар бэлтгэж ирсэн байна.  

 

З.Шагдарсүрэн: Японд Мэйжийн үеэс төрийн албаа чанаржуулж эхэлсэн байгаа юм.  Тэр үед төрийн албаны цалинг маш өндөр тавьж байсан. Төрийн албанд ороод 3 жилийн дотор байртай болно гэдэг хэлц үгтэй байсан байгаа юм. Нэг талаас цалин хангамж сайн, нөгөө талаас шударгаар албан тушаал ахидаг байсан. Манайд бол бүх түвшинд шударга ёс алдагдсан. Тэр арын хаалга, авлигаар тийм албан тушаалд очжээ гэж ярихаас тийм сургуулийг тэгж онц төгсөөд, тийм яаманд дарга болжээ гэж сонсогддоггүй. 

Сонгон шалгаруулалт шударгаас гадна дотроо өсөн дэвших маш чухал. Нэг местэн дээр удаахгүй байгаа юм. Яагаад гэвэл тэндээ архагшаад, уйдаад, үр дүн нь муудаад эхэлдэг. Одоо энэ албан тушаал дээр таниас илүү юм гарахгүй гэдэг.

 

Сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье

 

Ярилцсан  Ч.Явуухүү