Манай улс амьжиргааны түвшин доогуур иргэддээ хүнсний талон олгодог болоод багагүй хугацаа өнгөрчээ. 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт одоогийн байдлаар 44325 өрх хамрагддаг аж.

Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутгийн 44325 өрхийн 240 мянган иргэн хүнс, тэжээлийн эрхийн бичгээр амь зууж байгаа гэнэ. Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ зэрэг арван нэр төрлийн бараа худалдаж авах эрхтэй.  

Ингэхдээ хүнсний талоныг хүүхдэд 8000, том хүнд 16000 төгрөгөөр тооцож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авдаг байна. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар нийслэлд амьдарч байгаа өрх 310, орон нутгийн иргэн 291.5-аас доош үнэлгээтэй гарсан тохиолдолд хүнсний талон авдаг юм байна. Бид хүнсний талон хүрэх ёстой эзэндээ хүрч байгаа, эсэхийг  Баянзүрх дүүргийн VIII, IX хорооноос сурвалжиллаа.

“ХҮНСНИЙ ТАЛОНД БАГТАХ ЁСТОЙ Ч ТАЛОН АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЙЛ БИЙ”

Олон хүүхэдтэй өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог хүнсний талон хүрэх ёстой эзэндээ хүрдэггүй гэх мэдээлэл бий. Бид энэ талаар тус хорооны халамжийн ажилтан З.Оюунчимэгээс тодруулахад “Манай хороо 3000 гаруй өрхтэй. Үүнээс 145 айл хүнсний талон авдаг. Тэдний олонх нь хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй айл байгаа. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг дөрвөн жилд нэг удаа явуулж, босго оноо тогтоодог. Хэрэв босго онооноос доош оноотой байх юм бол хүнсний талонд хамрагдах боломжтой.

ХХҮЕГ-аас оноо нь бодогдоод ийм айлууд талонд хамрагдана гээд ирдэг. Хэдийгээр босго оноо нь доогуур ч хүнсний талон авч чадахгүй байгаа айл манай хороонд бий. Оноо нь цаанаасаа бодогдоод ирдэг учраас хорооны ажилтан танил талдаа хүнсний талон өгнө гэсэн ойлголт байхгүй. Манай хороонд ганцхан дэлгүүр хүнсний талонаар үйлчилдэг юм байна. Улсаас цахим тендер зарлаж, дэлгүүрийг сонгодог. Хорооны халамжийн ажилтан  амьжиргааны судалгаа хийхээс өөр ямар нэгэн байдлаар хүнсний талонд нөлөөлдөггүй” гэв. Хүнсний талонд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Гэхдээ хүний тоо хязгаартай учир хүссэн хүн бүрийг хамруулах боломжгүй гэдгийг албаныхан онцлов.

“ХҮНСНИЙ ТАЛОНООР БАРАА АВЧ БАЙГАА ИРГЭДИЙН 70-75 ХУВЬ НЬ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН”

Тус хороонд ганцхан дэлгүүр хүнсний талоноор үйлчилдэг юм байна. Иргэд хүнсний талоны мөнгө орох үеэр уртаас урт дараалал үүсгэж, хүнсээ авдаг гэнэ. Энэ талаар “Нарлаг” хүнсний дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүрээс хоёр хорооны 180 гаруй айл талоноороо хоол, хүнсээ авдаг. Хүмүүс ихэнхдээ будаа, элсэн чихэр, гурил, мах, дайвар бүтээгдэхүүн худалдаж авдаг. Хүнсний талонтай айлын олонх нь хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд байдаг. Саяхнаас нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд олгодог хүнсний талоны үнийн дүн нэмэгдсэн.

Үүнээс өмнө нь хүүхдэд 5000 төгрөгт багтаж, хүнс олгодог байсан юм. Бүтэн сарын хугацаанд хүүхэд 5000 төгрөгөөр хооллоно гэдэг яагаад ч хүрэхгүй зүйл. Манай дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямдхан учраас иргэд талоныхоо мөнгөөр хагас сарын хүнсээ базаагаад л байдаг юм. Дунджаар айлууд ам бүлийнхээ тооноос шалтгаалаад, 54-80 мянган төгрөгийн эрхийн бичигтэй байдаг.

Сар бүрийн 20-ноос эхлээд, “Хүнсний талоны мөнгө орсон уу” гэж асуух иргэдийн цуваа үүсдэг. Төрийн сангаас мөнгө нь шилжиж орж ирэх гэж доод тал нь долоо хоног болно. Тэгээд сарын 27-29-ны хооронд иргэд хүнсээ авдаг даа. Манай дэлгүүрээр хүнсний талоноор үйлчлүүлж байгаа иргэдийн 70-75 хувь нь очих ёстой эзэндээ хүрч байгаа гэж бодож байна. Мөн зарим иргэд хүнс авах мөнгөөрөө архи, тамхи авах талаар хүсдэг гэсэн. Харин манай дэлгүүр анхнаасаа тийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн болохоор иргэн зөвхөн хүнсээ л авдаг” гэв.

 “САРД 72 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХҮНСНИЙ ТАЛОН АВДАГ”

Тус хорооны хүнсний талонд хамрагддаг 145 айлын нэг нь Г.Гарьдийнх. Тэднийх ам бүл долуулаа амьдардаг гэнэ. Гэрийн эзэн Г.Гарьд хөгжлийн бэрхшээлтэй учраас эхнэр нь түүнийг асарч, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг юм байна. Энэ талаар тэрбээр “Автын осолд ороод хоёр жил болж байна. Нэг жилийн өмнөөс хүнсний талонд хамрагдах болсон. Манайх сард 72 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичигтэй. Үүгээрээ мах, гурил, будаа ихэвчлэн авдаг юм. Эрүүл байхдаа өмнө нь улирлын чанартай ажил хийдэг байсан. Жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж хүнсний талонд багтсан.

Талон, группийн хэдэн төгрөгөөс өөр орлогогүй учраас амьдрал тиймхэн л байна даа. 72 мянган төгрөгийн хүнсээр сард амьдарна гэдэг бүтэхгүй. Хашааныхаа түрээс, тогны мөнгө гээд илүү гарах юм байхгүй” гэлээ. Гэр хорооллын айлууд хүнсний талон аваад ч амьдралд нь хүрдэггүй талаар ярьж байлаа. Арга ч үгүй биз бүхэл бүтэн долоон хүн амьдардаг айлд 72 мянган төгрөг хэдхэн өдрийн хэрэгцээнд зарцуулагдаад л дуусдаг.

“ХОРООНЫ ИДЭВХТЭЙ ЭСВЭЛ НАМЫН ГИШҮҮДЭД ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОДОГ”

Дээрх айлын хажуухан талд уулын энгэрт бага насны олон хүүхэдтэй айл байдаг юм байна. Уулын энгэрт хоёр тал хашаан дотор  дөрвөн ханатай гэрийн бүрээс нь урагдаж, авах юмгүй болтлоо илжирчээ. Гэрийн ханын хөл цухуйж, хатавч нь салхинд дэргэж, хүүхдүүд нь гэрийнхээ гадаа тоглож байлаа. Эднийх Баянзүрх дүүргийн IX хороо Ээж хайрханы хэсэгт хамаардаг гэнэ. Хүнсний талонд хамрагддаг эсэхийг гэрийн эзэгтэйгээс тодруулахад “Нөхөр бид хоёр 1-9 насны таван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Бага насны хүүхдүүдтэй учраас би ажил хийх боломжгүй. Харин нөхөр маань улирлын чанартай ажил хийдэг юм.

Хүнсний талон авах хүсэлт хороонд гаргахаар “Танайх амьжиргааны түвшин дээгүүр байна. Хүнсний талон авах хэмжээний ядуу биш” гээд байдаг. Уг нь хорооноос иргэдийнхээ гэрт нь ирж судалгаа хийж, амьжиргааны түвшин тогтоодог  юм билээ. Гэтэл манайд хорооны халамжийн ажилтан ганц ч удаа ирж судалгаа хийж байгаагүй. Нөхөр нь улирлын чанартай ажилтай, эсвэл хүүхдийн мөнгө авдаг гээд манайд хүнсний талон өгдөггүй юм уу, бүү мэд.

Миний бодлоор хорооныхоо идэвхтэй, хурал, цуглаанд байнга очдог эсвэл намын гишүүнд л хүнсний талоноо олгодог юм шиг байгаа юм. Угаасаа хорооны хэсгийн ахлагч нар хэсгийнхээ идэвхтэй гишүүдэд хүнсний талон олгодог нь нууц биш. Ганц манайх ч биш эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй ээжүүд хүнсний талонд багтдаггүй” хэмээв. Энэ мэт хүнсний талонд хамрагдаж чаддаггүй олон айл манайд бий. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр санхүүгийн үүсвэргүй иргэдээ амьжиргааны түвшин “аятайхан” гээд хүнсний талонаас хасаад байдаг  улс манайхаас өөр байдаггүй байх.

“ХҮНСНИЙ ТАЛОНААР АВАХААР БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДДЭГ”

Хороо тус бүрт ганц л дэлгүүр хүнсний талонаар үйлчилдэг юм байна. Тус дэлгүүрүүдийн үнэ харилцан адилгүй байдаг талаар иргэд ярьж байлаа. Зарим дэлгүүрүүд хүнсээ үнэтэй зарснаас болж, хүнсний талон нь хаанаа ч хүрдэггүй гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн Г.Цэдэв “Манайх олон нялх хүүхэдтэй учраас хүнсний талонд хамрагддаг байсан юм. Гэтэл өнгөрсөн сараас амьжиргааны түвшин дээгүүр гээд талон олгохоо больсон.

Манайхыг хүнсний талон авдаг байхад машин унасан залуучууд талонаар хүнс авдаг байсан. Гэтэл ядарсан мань мэтийгээ нэг л өглөө хасаад хаячихлаа. Манай эгчийн нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд нь бага насных. Тэднийх хорооноос ямар ч тусламж авч чаддаггүй. Талонд орох хүсэлт өгөхөөр л хасаад хаячихдаг. Мөн VIII хороонд ганцхан “Холбоо толгой” гэдэг дэлгүүр талонаар хүнс олгодог юм. Гэтэл тэр дэлгүүр нь зах зээлийн үнээс өндөр үнээр бараагаа зардаг юм. Тухайлбал “Ургац” гээд гурил бусад дэлгүүрт 24500 төгрөг гэж байхад тэднийд 27500 гэдэг. Мөн сахар, будаа 500-800 төгрөгөөр илүү зарагддаг” гэлээ.

“МАНАЙ ДЭЛГҮҮР НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ОЛГОДОГ”

Энэ талаар тус дэлгүүрийн худалдагч Ц.Наранмандахаас тодруулахад “Манай дэлгүүр НӨАТ-ын буцаан олголт олгодог. Зах зээлийн үнээр л бараагаа зардаг. Арай хямдхан байгаа дэлгүүрүүд нь бөөний төв байж магадгүй. Манай дэлгүүр хүнсний талонаар үйлчлээд удаагүй байгаа. Хүнсний талоноор амьдралаа залгуулж байгаа олон өрх манайхаас худалдан авалт хийдэг. Бүгд л амьдралын түвшин доогуур зайлшгүй авах шаардлагатай хүмүүс байдаг.

Ихэвчлэн гурил, будаа, мах, өндөг авдаг. Манайд сахар 2500, будаа 2800 төгрөг гэж байгаа. Гурил үйлдвэрээсээ шалтгаалаад 27500-31000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн хүнсний талон авах шаардлагатай олон өрх манай хороонд бий” гэлээ. Дээрх дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг ганцхан буудлын зайтай орших “Өрнөл” хүнсний дэлгүүрийн үнэтэй харьцуулж үзэхэд 500-4000 төгрөгийн зөрүүтэй байлаа. Тухайлбал, тус дэлгүүрт гурил 19500-27500 гэж байсан юм. Харин сахар 1900, будаа 2200 гэж байв. 

Зарим нь хүнсний талон авах гэж хорооны хаалга сахиж, “хөөгдөж” арай гэж амь зуух хэдэн төгрөгтэй болохтой зэрэгцээд энэ мэт дэлгүүрүүд нь үнээ нэмчихдэг юм байна. Мөн яг адилхан амьдралтай  хамар хашаанынх нь хөрш хүнсний талоноор хэд хоногийн хоол, хүнсээ аргалж байхад  зарим нь хоосон хонодог  хэвээрээ л байна. Хамар хашааны цаагуур хүнсний талон тасдагдаж, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй өрх толгойлсон ээжүүд гэр хорооллоор нэг байна.     

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН