Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа. 

 

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар мэдээллээр энэ удаагийн ярилцлагаа эхлэх үү?

 

-Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж орсон. Үүнтэй холбоотойгоор 1992 онд орчин цагийн татварын алба үүсэн бий болсон. Ингээд таван төрлийн татварын хуулийг анхлан боловсруулж, 1993 оноос эхлэн мөрдсөн. 

 

Эдгээр таван хуулийн нэг нь одоогийн ААНОАТ-ын тухай хууль, тухайн үедээ Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль гэсэн нэртэй байсан. ААНОАТ-ын тухай хууль өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд хоёр удаа шинэчлэгдсэн.

 

Эхнийх нь 2006 оны зургаадугаар сарын 29-нд шинэчлэгдэн батлагдаж, 2007 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдсөн. Дараа нь 2019 оны гуравдугаар сарын 22-нд шинэчлэгдэн батлагдаж, 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс одоог хүртэл мөрдөж байна. Мөн 2025 оны эхнээс ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж, нэмэлт өөрчлөлтийн төсөл нь өргөн баригдаад, олон нийтийн санал авах процесс үргэлжилж байгаа. 

 

-Та яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа ААНОАТ-ын тухай хуулийг тайлбарлаж өгөөч?

 

-2020 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэлээр ямар гол өөрчлөлтүүд орсон юм бэ гэдгийг тайлбарлая. Жижиг дунд ААН-үүдийг дэмжихэд чиглэсэн маш томоохон зохицуулалтууд орсон.

 

Тухайлбал, бид нар хялбаршуулсан горим гэж нэрлээд байгаа ААН нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх зохицуулалт бий болсон.

 

Дээр нь 300 сая хүртэл татвар ногдох орлоготой жижиг дунд ААН-үүд нэг хувийн татвар төлөх, 300 сая төгрөгөөс 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой ААН 10 хувиар ногдуулж татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах зохицуулалтууд орсон.

 

Өмнө нь буюу 2007 онд оруулсан өөрчлөлтөөр гаднын хөрөнгө оруулалтуудыг татахын тулд бизнесийг идэвхжүүлэхийн тулд бүх татварын хувь хэмжээг 10 хувь болгож тогтмол татвартай болсон байсан.

 

Харин 2020 оны өөрчлөлтөөр шаталсан татвартай, тухайлбал татвар ногдуулах орлого зургаан тэрбум хүртэл бол 10 хувиар ногдуулах, зургаан тэрбумаас дээш бол зургаан тэрбум хүртэл дүнд 10 хувиар ногдуулаад 600 сая төгрөг, үүн дээр 6 тэрбумаас давсан дүнд 25 хувиар татвар ногдуулдаг болсон. 

 

-Жижиг дунд үйлдвэрлэгчид бол татварын тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүмүүс шүү дээ. Энэ хүмүүст зориулсан хөнгөлөлт гэсэн үг үү? 

 

-Тийм. Татварын хуулиудад үүнээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлтийн олон заалт бий. Жишээ нь, ААНОАТ гэхэд 33 төрлийн хөнгөлөлт байдаг. Эдгээр хөнгөлөлтийн ихэнх нь жижиг дунд ААН-үүдэд чиглэсэн. Мөн дээр нь Монгол Улсын санхүү төсвийн бодлогын хүрээнд, эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлт чөлөөлөлтүүд байдаг. 

 

-ААНОАТ-ыг хэн төлөх ёстой билээ?

 

-ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийг хоёр ангилж байгаа.

 

Нэгдүгээрт, Монгол Улсад байрладаг байрладаг албан татвар төлөгч.

Хоёрдугаарт, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч. 

 

Монгол Улсад байрладаг гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, удирдах дээд байгууллага нь Монголд байрлаж байгаа ААН-үүдийг ойлгоно. 

 

Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэдэг нь удирдах дээд байгууллага нь Монгол Улсад байхгүй, төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсаас орлого олж байгаа тохиолдлыг хэлнэ. Жишээлбэл, Японы Тоёота компанийн дистрибьютер нь манайд байдаг. Татвар төлөгчдийг Монгол Улсад байрладаг, байрладаггүй гэж ангилаад байгаа гол шалтгаан нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн ямар орлогод нь Монгол Улс албан татвар ногдуулах юм бэ гэдэг тухай асуудал байгаа юм. 

 

-Ялгаатай байдаг гэсэн үг үү?

 

-Тийм. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн хувьд бол Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, дээр нь гадаадад олсон орлогоос нь Монгол Улс татвар авна. Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс бол зөвхөн Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогоос нь л татвар авна. Үүнтэй холбоотойгоор татварын хууль тогтоомжийн хүрээнд үндсэн хоёр зохицуулалт байдаг.

 

Нэгдүгээрт, Давхар татварын гэрээ гэсэн ойлголт байдаг. Энэ гэрээ байгуулсан хоёр улс нэг төрлийн орлогоос татварыг давхардуулан авахгүй байх үндсэн зохицуулалтыг агуулж байдаг. Хэрэв Монголд татвар ногдуулсан бол энэ орлогоос Давхар татварын гэрээтэй нөгөө улс татвар авахгүй гэсэн үг. Эсрэгээрээ бусад улсад татвар ногдуулаад авчихсан байх юм бол Монгол Улсад төлөх татвараас нь гадаад улсад төлсөн татварыг нь хасаж тооцно гэх зэргээр татварыг давхардуулахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улстай давхар татварын гэрээтэй 26 улс байна.

 

Хоёрдугаарт, татварын асуудлаар харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улс гэсэн ойлголт байдаг. Үүнийг давхар татварын гэрээтэй бас хольж ойлгоод байдаг. Энэ нь татвартай холбоотой мэдээллийг харилцан солилцох боломжтой улсууд л гэсэн үг. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу Татварын ерөнхий газраас жил болгон татварын мэдээлэл харилцан солилцох боломжтой улсын жагсаалт гаргадаг. 2024 оны эцсийн байдлаар энэ жагсаалтад 143 улс байна. Тэгэхээр Монголын татварын алба эдгээр 143 улстай татварын мэдээллийг харилцан солилцоод, эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэн, ААН-ийн мэдээлэл манай татварын мэдээллийн санд бүртгэгдээд явж байдаг гэсэн үг.

 

-Олсон бүх орлогоос нь татвар авна гэж ойлгож болох уу?

 

Тийм. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу ААН-ийн олж байгаа орлогыг дотор нь дөрөв ангилдаг. 

 

Нэгдүгээрт, үйл ажиллагааны орлого. ААН бүрийн хувьд үйл ажиллагааны чиглэл өөр байж болно. ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэж байдаг. Тэр улсын бүртгэлийн гэрчилгээ дээр заагдсан үйл ажиллагааг явуулаад олсон орлого нь үйл ажиллагааны орлого болно. Энэ нь ААНОАТ ногдох орлогын үндсэн хэсэг байна. Үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахдаа нийт олсон орлогоос нь тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлыг хасаад үлдсэн дүнгээс нь буюу ашгаас тооцдог. Өөрөөр хэлбэл ААН үйл ажиллагаа явуулаад 10 төгрөгийн орлого олсон, энэ 10 төгрөгийн орлого олохын тулд 8 төгрөгийн зардал гаргасан гэвэл ашиг буюу 10-аас 8-ийг хасаад үлдсэн 2 төгрөгт албан татвар ногдуулна. 

 

Хоёрдугаарт, хөрөнгийн орлого. Өөрөөр хэлбэл ААН тодорхой хөрөнгө өмчлөөд, тэр хөрөнгөө ашиглаад орлого олж болно. Энд хөрөнгийн түрээсийн орлого байж болно, мөн эрхийн шимтгэлийн орлого байна. Дээр нь ААН-ийн худалдан авч эзэмшиж байгаа хувьцаа үнэт цаас байх юм бол ногдол ашгийн болон хүүгийн орлого зэрэг орлогууд энд багтана. Энд эрхийн шимтгэлийн орлого, хувьцааны ногдол ашгийн орлого, бонд болон үнэт цаасны хүүгийн орлогын хувьд нийт дүнгээс нь буюу олсон орлогоос нь шууд 10 хувиар тогтмол татвар авдаг. Харин түрээсийн орлогын хувьд түрээсийн гэрээний дагуу олсон орлогоос түрээсийн хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хасаад зөрүүгээс татвар авна.  Нэмж хэлэхэд нийт дүнгээс нь авч байгаа татварууд бол ихэвчлэн тогтмол хувь хэмжээгээр бодогддог, дээр нь тухайн орлогыг олгож байгаа этгээд нь татварыг суутгаж аваад цааш нь төлж байдаг.

 

-Тухайн ААН өөрөө төлөхгүй байх нь тийм үү? 

 

-Тийм. Суутгаж авсан ААН энэ дүнгээрээ цааш нь дамжуулан төлөх үүрэгтэй байдаг. Харин татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлдог буюу олсон орлогоос холбогдон гарсан зардлыг хассаны дараа ногдуулан төлж байгаа татварыг бол ААН өөрөө тодорхойлж төлнө. Яагаад гэхээр ААН өөрөө зардлаа нотлох шаардлагатай.

 

Манайх ийм орлого олсон энэ орлогыг олохын тулд ийм зардал гаргасан. Зөрүү тэдэн төгрөгийн ашгаас нь тэдэн төгрөгийн татвар төлнө гэдгээ ААН өөрөө л тодорхойлох боломжтой.

 

Тэгэхээр ААН өөрөө тодорхойлж татвараа төлдөг хэд хэдэн төрлийн орлогууд байдаг. Тэр бүгдийг нийлүүлж байгаад дүн нь өмнө хэлсэн 6 тэрбум төгрөг хүртэл байна уу, эсвэл 6 тэрбум төгрөгөөс дээш байна уу гээд шаталсан татварын хувь хэмжээгээр татвар ногдуулна. 

 

-Тэгвэл татвар ногдох орлогын гурав, дөрөв дэх төрөл нь юу байдаг вэ?

 

-Гуравдугаарт, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого байна. Хөрөнгийн орлого бол өмчилсөн хөрөнгөө ашиглаад олсон орлого. Иймээс хөрөнгийг өмчилсөн хэвээрээ байгаад байх юм бол энэ төрлийн орлогыг тайлант хугацаа бүрд олно. Гэтэл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого бол нэг удаагийн шинжтэй.

 

Жишээ нь, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэхэд нэг удаагийн орлого байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсны дараа манай өмч биш болчихно. Тэгэхээр нэг л удаа тайлагнана гэсэн үг. 

 

Харин үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлэх тохиолдолд тайлант үе бүрд түрээсийн орлого тайлагнах боломжтой. Энэ нь хөрөнгийн орлого болно. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого гэсэн энэ ангилалд мөн дөрвөн төрлийн орлого хамаарна. Үүнд, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлого, мөн хувьцаа үнэт цаас борлуулсны орлого, дээр нь бусад хөдлөх хөрөнгө борлуулсны орлого хамаарна. Энд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод нийт борлуулалтын үнийн дүнгийн 2 хувиар татвар ногдуулна. Бусад гурван төрлийн орлогын хувьд татвар ногдуулах орлогыг нь тооцдог. Өөрөөр хэлбэл борлуулсан үнээс холбогдох өртөг, зардлыг тооцож хассан дүнд татвар ногдуулна гэсэн үг. 

 

Үргэлжлэл бий. 

 

Х.Хатан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин