Шинэ коронавируст халдварын дэгдэлтээс үүдэн дэлхийн нийтэд хөл хорио тогтоож, хохирол багатайгаар даван туулахыг хичээж байгаа.

2020 оны 5 дугаар сар 04-ний өдрийн байдлаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 177 улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасны улмаас  1.27 тэрбум буюу нийт суралцагчдын 72.4 хувь нь хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон байна.

Манай улсын хувьд хөл хорио тогтоосны улмаас  цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ЕБС-ийн 640.4 мянган суралцагч, их дээд сургуулийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад ороод байна. Өөрөөр хэлбэл бүтэн таван сарын турш танхимын сургалт тасалдсан юм.

Тэгвэл хөл хорионы улмаас танхимын сургалт зогссон энэ үед дэлхийн улс орнуудын боловсролын нэгдсэн тайлангаас үзэхэд

·    26 хувь нь теле хичээлээр

·    77.3 хувь нь цахим хэлбэрээр

·    4.2 хувь нь радио болон бусад хэлбэрээр сургалт зохион байгуулж байгаа бол 39 улс теле болон цахим хичээлийг хослуулан явуулж байна.

Манай улсын хувьд нийт 4773 цагийн 82.4 мянган минутын теле хичээлий 270 гаруй багш зааж, 100 гаруй арга зүйч, судлаачид зөвлөн, давхардсан тоогоор 170 орчим телевизийн ажилтан хамтран ажиллаж, Монгол, казах, тува болон дохионы хэлээр  бэлтгэн хүргэж байна.

Улмаар 2020-2021 оны хичээлийн жилийн эхэнд бататгах, сэргээн санах, давтах агуулга, арга зүй, аргачлалыг бэлтгэсэн байна.

Их дээд сургуулийн хувьд 95 дээд боловсролын сургалтын байгууллагад   148.4 мянган оюутан бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байгаа. Суралцагчдын хичээлийг цахимаар явуулж байгаа бөгөөд төгсөх курсийн бүх оюутан диплом бичих шаардлагагүйгээр төгсөлтийн шалгалт өгөх боломжийг олгож байгаа аж.

Мөн сургалтын төлбөрөө төлөх бололцоогүй байгаа оюутны хичээл сонголт, цахим системд хандах эрхийг нээж, суралцах боломжийг нээж байгаа юм байна.

Цаашид теле хичээл 2020.06.01-ны өдөр хүртэл орно.