Эрх баригчид эдийн засгийн хямралын эх үүсвэрийг тавьчихлаа. Тэд цар тахлаар далимдуулан улс төр хийж, худалдаа, үйлчилгээний бүхий л салбарт хөл хорио тогтоож, экспортыг гацааж орхисон нь хамаг алдагдлын эх үндэс болж байна. Оны эхний улиралд 10.7 хувиар агшсан Монголын эдийн засаг сонгуулийн дараа хямралын гүн ангал руу унах болзлоо хэдийн хангажээ. Худалдааны салбарын нийт борлуулалт гэхэд 5.4 хувиар агшиж, иргэд аж ахуйн нэгжүүд 280 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Тус салбарт ажиллаж байсан олон мянган иргэн өнөөдөр ажилгүй, орлогогүй болжээ. Дахиад л статистик авч үзье. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Аялал жуулчлалын компаниуд цөм алдагдалд орж, зочид буудлын салбарын орлого 42.9 хувиар буюу үйл ажиллагаагаа бараг хоёр дахин хумижээ. Эдгээр салбарт ажиллаж байсан хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Цар тахлын эдийн засаг болон бизнест үзүүлж буй сөрөг нөлөөг даван туулах гэж зүдэрч байсан бизнес эрхлэгчдэд эрх баригчид хаалт тавьсаар. Хариу үр дүнд нь эдийн засаг 10.7 хувиар агшсан нь гүнзгий хямралын дохио болов. Цар тахлаас сэргийлэх нэрийн дор давхар эдийн засгаа ч хямрааж, эргэж сэргэх хамаг боломжийг нь хааж дөнгөлөө. Улсын төсвийн алдагдал талийж байна. Үүнийг хязгаарлах арга хэмжээг эрх баригчид шуурхай авах бус харин ч нэрмээс болж байна. Эдийн засаг агшиж, төсвийн орлого тасалдаж байхад төсөвт тодотгол хийх бус үрэлгэн зардлаа улам өөгшүүлсээр. Өрөөгөө тохижуулж, унаагаа солих зэргээр татвар төлөгчдийн мөнгөөр өнгөрсөн дөрвөн жилийн турш эрх баригчид ханаж цадахгүй тансаглалаа. Уул уурхай болон уламжлалт мал аж ахуйн салбарт бүхнээ даатгасан Монгол Улсын эдийн засгийг залж чиглүүлэх, засах бодлогыг Ардын намын Засгийн газар хэрэгжүүлж, хэвшүүлж чадсангүй. 

Ам.долларын ханш эдийн засаг ямар байдалд орсныг илэрхийлнэ. Ийм атал тоож байгаа юм алга. Байх ёстой үзэгдэл мэт эрх баригчид хэнэггүй хандсаар. Азийн хөгжлийн банкны шинэ тооцооллоор 2.1 хувь болж, эдийн засаг 2-3 дахин хумигдахаар байна. Дэлхийн банк манай улсад өгсөн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 1-2.4 хувь болгосон. Өмнө нь 5.6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Олон улсын байгууллагуудын дээрх таамгаас ч илүү хүнд цохилт манай улс сонгуулийн дараа амсахаар байна. Сонгуулийн дараах Монголын амьдрал бүрхэг, бүүдгэр талдаа хэлбийнэ. Төсвийн болон бусад байгаа нөөц боломжоо эрх баригчид зөвхөн сонгуульд зориулж, эдийн засгийг тамирдуулж байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх атал эдийн засгаа сүйрүүлж байна. Төсвийн алдагдал түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, 4-5 их наяд төгрөгт хүрч болзошгүй нь. Учир нь, 13.9 их наяд төгрөгийн зардалтай төсөв эрх баригчид баталсан нь эдийн засаг цар тахлаас ч өмнө хямрах учир шалтгаан болсон билээ. Ийм төсөв баталж байгааг эдийн засагчид шүүмжилж байсан. Ажилгүйдэл, ядууралд улсаараа энэ дөрвөн жилийн хугацаанд эзлэгджээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 200 гаруй мянган хүн ажилгүйдлийн эгнээд шилжихээр байна. Үүнийг бодлого тодорхойлогчдод хувийн хэвшлийнхэн сануулж, анхааруулсан ч чихэн дүлий, нүдэн балай сонгуультай золголоо.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН