Хөл хорионы турш орж гарахаа цагдуулсан хүмүүс зуныг хүлээж байна. Энэ зун хаачих вэ гэсэн яриа айл болгонд эсвэл анд найзуудын дунд өрнөж байгаа нь лавтай. Тэдний хүсэл биеллээ олох эсэхийг цар тахлын эсрэг тогтоосон бүх нийтийн хөл хорио, COVID-19 үндсэндээ шийдэхээр байна

Амь тавих нь холгүй байгаа аялал жуулчлалын салбарын энэ зуны найдвар нь дотоодын жуулчид. “Үл үзэгдэх экспорт” хэмээн өөрсдийгөө өргөмжлөх тус салбар жилд нэг сая гаднын жуулчин хүлээж авах мөрөөдөлтэй. Гэвч энэхүү мөрөөдөл нь одоо улам хол сонсогдож байгаа биз. Үүнийг хэсэгтээ л дурсахгүй эсвэл мартах нь зөв бололтой. Дэлхий нийтийг хамарсан COVID-­19 цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон нь аялал жуулчлалын гадаад зах зээлийг бүхэлд нь хумьж орхисон. 2020 онд гаднаас жуулчин хүлээж авах талаар яриад ч нэмэргүй. Хэн ч наашаа ирэхийг хүсэх билээ. Хүсээд ч хил хаалттай, хөл хориотой. Харьд зовж зүдэрч буй өөрийн улсын иргэдээ ч татан авч чадахгүй байгаа улсад юун аялал жуулчлал, гаднын жуулчин бодох мантай. Ийм сэхээ алга. Цар тахлын аюул ч дэргэдээс холдоогүй байна. Энэ оны хоёрдугаар сараас хойш гадагшаа чиглэсэн аялал зугаалга болон ажил хэргийн албан томилолт цөм цуцлагдсан. Манай улсаас жилд 1.5 сая хүн давхардсан тоогоор гадагшаа аялж зугаалах эсвэл худалдаа наймаа хийх, хурал чуулганд оролцох зэргээр хилийн дээс алхдаг. Нэг хүн дунджаар 1000 орчим ам.доллар үүнд зарцуулдаг гэвэл 2020 оны хувьд багагүй валют дотоодод хэмнэлт болж үлдсэн гэсэн үг. Иргэдийн хувьд ч мөн адил. Хөл хорионы турш орж гарахаа цагдуулсан хүмүүс зуныг л хүлээж байна. Энэ зун хаачих вэ гэсэн яриа айл болгонд эсвэл анд найзуудын дунд өрнөж байгаа нь лавтай. Тэдний хүсэл биеллээ олох эсэхийг цар тахлын эсрэг тогтоосон бүх нийтийн хөл хорио, COVID­-19 үндсэндээ шийдэх нь. Мөнгөнөөс илүү цар тахал хэн хаашаа хэзээ аялалд гарахыг зааж өгөхөөр байна. Гадагшаа нэгэнт явахгүйгээс хойш дотооддоо аялах, эх орныхоо үзэсгэлэнт газартай танилцах гэсэн хүмүүс урьд жилүүдийнхээс илүү байх, тэр хэрээр жуулчны баазууд ачаалалтай байхыг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчдын тоон үзүүлэлт хурдацтай нэмэгдэж буй. Энэ жилийн хувьд өсөлт агших бус тэлэх боломж бас байгаа. Жилийн дөрвөн улирлын гуравт нь унтаа байсан аялал жуулчлалын салбар сэрж, сэргэж, жуулчны баазууд зогсолт хийхгүй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх найдвар унтраагүй байна. Цаг хугацааны хувьд авч үзвэл, ирэх сар дотоодын жуулчдын оргил цаг байхаар байна. Маш давчуу гэж тодорхойлж болох юм. Гэхдээ л ирэх сарын турш дотоодын жуулчид оволзож, аяллын компаниуд захиалгад дарагдах магадлалыг удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио нэмэгдүүлж байна. Дотоодын жуулчдын талаар нарийн судалгаа өнөөдрийг болтол хийгдээгүй ч өсөлттэй салбарт тооцогдож ирсэн. Хөвсгөлийг 40 мянгуулаа зорьж байсан үе энэ зун давтагдах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Дарханы зам асуудалтай хэвээр байгаа нь Сэлэнгэ чиглэлийн авто тээврийн аяллыг зогсонги байдалд оруулах нэг бодит эрсдэлд тооцогдож байна. Хэнтий, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Увс дотоодын жуулчдын анхаарлын төвд байсаар. Тэр тусмаа Увс засмал замтай болсноор тус чиглэлд дотоодын жуулчид хөврөх боломжийг нэмэгдүүлж буй. Хөгжиж ядаж буй балчир салбарт амьдрах нас, алхах тэнхээ өгөх “сэргээш” бол дотоодын жуулчид. Байгаа энэхүү нөөц боломжоо түшиглэх нь алдагдлаа 100 хувь биш ч гэлээ нөхөх бодит гарц. Дотоодын жуулчид өнөөдөр хамгийн үнэ цэн бүхий аялагч болж хувирсан. Аяллын компани болгон дотоодын жуулчдыг онилж байна. Гэхдээ яаж тэднийг татах вэ, үнийн ямар бодлого баримтлах вэ. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл тодорхой бус хэвээр. Ердийн үеийнхээс тэс өөр нөхцөл байдал аялал жуулчлалын салбарт үүссэн гэдгийг огт мартаж болохгүй. Эдийн засгийн хямралыг ч энд тооцохгүй байхын аргагүй. Бэл нимгэн жуулчид орон хотоос гарахаар зэхэж байгаа нь дамжиггүй. Тэдний аялалдаа үрэх мөнгө үлэмж бага. Үүнийг анхаарахгүй бол боломжоо алдана гэсэн үг. Өндөр үнээр хатуурхах бус шинэ цэс, шинэ үйлчилгээ санал болгоод үзэхэд ч гэмгүй. Цар тахлын дэглэмийг жуулчдад мөрдүүлэхээс гадна ариутгал тогтмол хийх гэх мэт нэмэлт шинэ зардлууд гарах нь дамжиггүй. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, аялал жуулчлалын салбар энэ оны эхний улиралд эрс хумигдсан. Хоёрдугаар улиралд ч сэргэхээргүй байгаа. Дэлхийн улс орнууд гадаад зах зээлд бус дотоодын зах зээлд түшиглэн бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар зорьж байна. Хөл хорионоос үүдэн аялал жуулчлалын алдагдал улам тэлэхээр буй. Үүний эсрэг зогсох хүч нь дотоодын жуулчид. Жилд хагас сая жуулчин хүлээн авдаг манай улсын хувьд дээрх нөхцөл байдлаас үүдэн хүнд өдрүүд үргэлжилсээр. Гаднын жуулчид бус дотоодын аялагчид аялал жуулчлалын салбарт энэ зуны турш итгэлт түнш. Тиймээс эко 00, халуун хэмжих багаж, гар ариутгах бодис гээд урдынхаас илүү эмх цэгц, эрүүл, аюулгүй байдал чухалд тооцогдохоор байна. Уул уурхай, ноолуурын салбарын дараа орох аялал жуулчлалын салбар жилд хагас тэрбум орчим ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлдэг. Үүнээс хэд мянган дахин бага орлогыг дотоодын жуулчид бүрдүүлнэ. Гэхдээ өнөөдрийн хувьд үргээж болохгүй олз. Хөл хорио тавигдах үед компаниуд бэлэн байвал цаг хугацаа хэмнэнэ. Бэлтгэлээ хангахгүй бол оройтохоор байна. 

Засгийн газрын мэдээ сонин