Өчигдөр  салхины  улмаас  хүний толгой дээр юм унасан, айлын гэр нурсан,  бусдын өмчин дээр  эд зүйл унасан хэрэг цөөнгүй гарсан байна. Тодруулбал,

 Булган аймгийн Баян-Агт сумын нутгаар 2014.04.23-ны шөнө хүчтэй салхи салхилж тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ихэр” гэдэг газар нутагладаг малчин О-гийн 5 ханатай гэр нурсан байна.  

Увс аймгийн нийт нутгаар 2014.04.23-ны өдөр хүчтэй салхи салхилж “Увс” нуурын дэргэдэх аялал жуулчлалын гэр баазын найман ханатай 4 гэр, “Дэглий цагаан” нисэх онгоцны буудлын 48 метр төмөр хашаа, 38 ширхэг төмөр шон, Зүүнговь сумын Зэвсэгт хүчний 328 дугаар салбарын дээврийн хучилт, Холбооны газрын нарны самбар, сумын цэцэрлэгийн дээвэр, 7 айлын хашаа, 1 гэр, 3 хувийн орон сууцны дээвэр, Сагил сумын 6 айлын гэр, 17 айлын хашаа, Давст сумын Засаг даргын Тамгын газрын байрны дээвэр, соёлын төвийн дээвэр, 6 айлын хашаа, жишиг хорооллын 800 м хашаа, Бөхмөрөн сумын өвсний сарааны дээвэр, 12 айлын хашаа, 3 хувийн орон сууцны дээвэр, Өндөрхангай сумын 1 айлын гэр зэрэг нь хүчтэй шороон шуурганд унажээ.

 Говь-Алтай аймгийн нутгаар цас орж шуурсны улмаас Ховд аймгийн Дарви сум Говь-Алтай аймгийн Дарви сум хоёрын дунд 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 226 дугаар тулгуур хугарч унаад сумын цахилгаан эрчим хүч тасарсан аж. Мөн 225, 227 дугаар тулгуур багануудад ан цав үүсч цуурсан бөгөөд  энэхүү  гэмтлийг засахаар одоо ажиллаж байна.

 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэдэг газар цас орж шуурсны улмаас 40 хүн, 7 автомашинтай цасанд боогдсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашинуудыг татаж гарган аюулгүй болгосон.

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Зохиомж” дээд сургуулийн залгаа байрлах авто тавиулангийн төмөр дээвэр хүчтэй салхинд хуурч ойролцоо байсан 2 автомашин дээр унасан .

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Алтанбүрд” СӨХ-ийн Тод тоурын 21 дүгээр байрны дээвэр хүчтэй салхинд хуурч ойролцоо байсан 1 автомашин дээр унасан.

 Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Чингис” зоогийн газрын гадна ханын засвар хийж байсан 1м2 хэмжээтэй өнгөлгөөний шавар иргэн Э /55 настай, эрэгтэй/-ийн толгой дээр унаж гэмтээсэн, гэмтсэн иргэнийг Яаралтай түргэн тусламжийн эмч ГССҮТөвд хүргэсэн байна. Үүнээс гадна Аморе зочид буудлын барилгын өргөтгөлөөс төмөр унаж найман настай сурагч охины толгой дээр унаж тархиндаа гэмтэл авсан юм. 

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.