Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Батнасан овогтой Ган-Очир гэгч  эхнэрээ хардаж,  өс санан  амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ.  Энэ хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан ч  хэргийг прокурорт шилжүүлжээ. Учир нь хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд  гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн аль нь шалгахаа  мэдэхгүй  хэргийн мөрдөн байцаалт зогсонги байдалд ороод байгаа ажээ.  Хэргийн талаар  бид  талийгаачийн эгч Н.Сугармаатай цөөн хором ярилцлаа.  

- Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан уу?

- Одоогоор Шүүх эмнэлэгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй.  Урьдчилсан байдлаар хүзүүндээ дөрөв, хэвлийдээ нэг, хацар шанаандаа нэг нэг шархтай байна гэсэн дүгнэлт гарсан.  .  Хайчны иш хугартал, хайчаа тултал нь хүзүүнд  нь дүрсэн байна гэдгийг хэлсэн.

Хэрэг гарах үед хажууд нь байсан дүүгийн яриагаар бол бол  /талийгаачийн эгч/ Б.Ган-Очир гэнэт босч ирээд хутга хайса, олдохгүй болохоор нь хайчаар шуул хүзүүнд нь  нилээн хэд дүрсэн.  Болиулах гэж оролдоход нь  “Одоо чамайг ална” гээд дайрсан байгаа юм. Зугтаад тусламж дуудаад  эргэж орж ирэхэд  талийгаачийг дүрж л байсан.

-  Тусламж ирэхэд дүү тань амьд байсан гэсэн?

- Цагдаа, тусламж дуудахад  дүү маань амьд байсан. Хэдийгээр  цусыг нь тогтоох гэж хичээсэн ч биеэс нь цус олгойдож гараад тогтохгүй байсан болохоор амийг нь аврах боломжгүй юм байна гэдгийг мэдээд дүү маань талийгаачийн толгойг нь түшээд “Хүүг нь бид өсгөөд, сайн хүн болгож хүмүүжүүлнэ” гэж л амалсан. Түргэн  тусламж цагдаагийн дараа ирсэн л дээ.  Түргэн ирэхэд амьсгал хураасан байсан.

- Хэргийн зүйл анги өөрчлөгдсөн үү?

- Хэргийг  анх Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байсан ч одоо Баянзүрх дүүргийн прокурорт байгаа.  Яагаад гэхээр хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд  гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн аль нь шалгах нь мэдэгдэхгүй байгаа юм билээ.  

- Талийгаачийг  Б.Ган-Очир аав, ээжийн хамт дарамталдаг байсан  гэх мэдээлэл байна?

- Найз нөхөд,  айл саахалтын айлынхан, ажлынхан нь  асар их дарамтад байсныг баталдаг.  Ажлынхан нь  9922 .... дугаараас дуудлага ирэх, смс ирэх бүрт царай нь зэвхий даачихдаг, цовоо сэргэлэн хүн ажил тарах үед айгаад нэг л тавгүй болдог нь ажиглагддаг. Мөнгөтэй байсн бол бие хамгаалагч хөлслөх юмсан гэж ярьдаг байсан гэдгийг бидэнд хэлсэн.  

Говь-Алтайд хадмындаа байхад хүртэл ээж нь, нөхөр байнга шахам зодож нүддэг байсан юм билээ.  Б.Ган-Очир  хоёр гурван хоногоор алга болчихдог. Хэлэхээр хадам аав нь өмөөрдөг.  Харанхуй шөнө болсон хойно хөөж, туусан ч тохиолдол байгаа. Хадам ээж нь нөхөртэй нь нийлж дүүг маань зоддог байсан юм билээ.  Хүүхдээ аваад наашаа ирэх гэхээр хүүхдийг нь өгдөггүй.  Жирэмсэн боллоо гээд хадам ээждээ хэлэхд ь нөхөр, хадам ааваас нь нууж байгаад зулбуулсан байгаа юм. Нутаг усныхан, айл саахалтын улсууд нь ч үүнийг баталдаг.  Ямар сайндаа л салаад яв, амь, амьдралаа бод гэж хэлж байсан ч хүүхдээ бодож  тэвчдэг байсан.  

- Б.Ган-Очир архины хамааралтай хүн үү?

- Ер нь бол уудаг. Уухаараа тавьтаргүй.  

-  Б.Ган-Очирын гэр бүлийнхэн холбогдсон уу?

-  Ажил явдал дээр нь  ирж хүүхдийг нь өгснөөс өөрөөр холбогдоогүй.

-  Б.Ган-Очир талийгаачийг  ална гэж сүрдүүлж байсан гэсэн?

- Чамайг алчихаад  би ялаа үүрээд гараад ирнэ. Нас залуу байна. Хүн алах,  мал гаргах адилхан.  80 сая байхад би гараад ирнэ. Бүгдийг нь судалсан.  Чадвал голомтоор нь чадахгүй бол нэгийг нь ална гэж Б.Ган-Очир хэлж байсан юм билээ.  

- Хүүхэд нь хаана байгаа вэ?

- Хүүхэд нь манйа ээж дээр байгаа.  Хэрэг хуулийн дагуу шийдэгдсний дараа  бид өргөж авахаар төлөвлөөд байна.  Үлдсэн ганц хүүг нь сайн хүн болгоно л гэж бодож байна.  Талийгаачийн хувьд Японд суралцаж, хүүгээ эмчлүүлэх зорилготой байсан, хичнээн сэргэлэн цовоо хүүхэд байлаа даа.  Их л зовлоо доо /уйлав/.

Энэ хэргийг гэрч  болсон төрсөн эгч нь өнөөдрийг хүртэл тайвширч чадахгүй байгаа бөгөөд  гэрийнхэн нь  хэргийг  хурдан шийдэгдээсэй  хэмээн хүсч байгаа ажээ.  

Өнөөдөр энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-р зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл анги нь   арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. өөрөөр хэлбэл Б.Ган-Очир өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болохоор өршөөлийн хуульд хамрагдах боломжтой юм.   

Уг нь санаатайгаар  хүний аминд хүрсэн Б.Ган-Очир Эрүүгийн хуулийн 91.2-р зүйлээр ангиар яллагдаж, арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэгдэх учиртай...

Гэр бүлийн хүчирхийлэл үүгээр дуусгавар болж, нийгмийг сэрэмжлүүлэх зорилгоор энэхүүмэдээллийг бэлтгэсэн болно.

 

А.Баярмаа