С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн
9 минутын өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө.
Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг.
Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг. Энэ зохицуулалт анх удаа хэрэгжиж, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхээр болж байна. Үндсэндээ дараагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард иргэдийн саналаар сонгож, УИХ-аар баталгаажуулах үйл явц өрнөнө.
Сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой. Энэ хугацаанд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Монгол Улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхаас гадна Монгол Улсыг төлөөлдөг. Мөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхтэй. Харин өнөөдрийн нөхцөл байдал анх удаа үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллана. Юуны түрүүнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, ард түмний амгалан тайван байдлыг хангах, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалах асуудалд анхаарна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд бусад үед хэрэгжүүлэхгүй байх зарчмыг баримтална.
Энэ асуудал анх удаа үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай зүйлүүд бий. Цаашид холбогдох хуулиудыг нарийвчлан судалж, Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ тодорхой болгоно.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн 22 бүрэн эрхийг заасан байдаг. Мөн бусад дагалдах хуулиар нийт 45 бүрэн эрхтэй. Тиймээс эдгээрийг нарийвчлан судалж, өөрийн үндсэн ажилтай хэрхэн хавсран гүйцэтгэхийг тодорхой болгоно.
Миний бие өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг гардан авсан. УИХ-ын Тамгын газар шаардлагатай хуулийн зохицуулалтыг хэрхэн хийх боломжтойг судалж байна. Энэ хүрээнд хууль санаачлах эрх бүхий УИХ-ын 126 гишүүн болон Засгийн газар хууль санаачлан ажиллах боломжтой.
Миний бие 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа тодорхой илэрхийлсэн.
Тэр байр суурь хэвээрээ байгаа. Өнөөдөр Монгол Улсад улс төржилт, талцал, хуваагдал үүсгэхгүйгээр ард иргэдээ амгалан тайван амьдруулахын төлөө ажиллах нь чухал байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын даргын албыг хашиж байгаа. Тиймээс маш хариуцлагатай, хүнд ачаа үүрч байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн амгалан тайван байдлыг эрхэмлэх нь чухал. Тиймээс 2027 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал одоогоор чухал биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч огцорсон, чөлөөлөгдсөн болон нас барсан гэсэн гурван тохиолдолд дөрвөн сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Үндсэн хуулийг Монгол Улсын иргэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Харин уг хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ. Тиймээс дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дууссан байх ёстой. Энэ бол хуулиар тогтоосон эцсийн хугацаа юм. Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, улс төрийн талцал, хуваагдлыг дэвэргэдэггүй, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж ажиллаж чаддаг хүн байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх нь хамгийн чухал" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.






