С.Баярцогт: Ардчилсан нам 2027, 2028 оны сонгуульд ялагдвал Монгол Улс нэг намын давамгайлал тогтсон улс болно
15 минутын өмнө
Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.18/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат, Бодлогын зөвлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн модератороор Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Гантулга ажиллав. Хэлэлцүүлгээр иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт, түүнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар улс төрийн болон салбарын судлаачдын илтгэлийг сонсож, оролцогчдын байр суурь, саналыг нээлттэй хэлэлцсэн юм.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Эрх чөлөө яагаад үнэт зүйл байдаг вэ” сэдвээр илтгэл тавихдаа Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Ардчилсан намын өмнө тулгамдаж буй хариуцлага, ардчиллын үнэт зүйлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “МАН-ын үе дууссан. Цаг нь ирэхэд тэд шүүхийн өмнө бие биеийнхээ эсрэг гэрч болж очих болно. Энэ цаг үед Ардчилсан намд асар том хариуцлага ногдож байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх бус, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа бодитоор эргэцүүлж, ардчиллын суурь үнэт зүйлдээ үнэнч байх шаардлагатай. Тэр дундаа бусдын эрх чөлөөг хамгаалах нь ардчиллын хамгийн чухал зарчим бөгөөд энэ зарчмыг зөвхөн тунхаглах бус, бодит үйл хэрэг болгох ёстой. Хүнийг өөрөөр сэтгэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилж, хорьдог аливаа үйлдлийг ардчилагчид бид ямагт эсэргүүцэх учиртай. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрөөр сэтгэх, шүүмжлэх эрх бол ардчиллын салшгүй үндэс билээ. Энэ бол манай намын эрмэлзэл, эрхэм үнэт зүйл. Бид алдаагаа засаж, урагшилна. Давхар, дараалан ялна. Үүнд битгий эргэлз. Ардчилсан нам бол Монголчуудын аюулгүй байдлын баталгаа юм” хэмээв.
Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат “Монгол Улсад ардчилал тогтсон 1990 оноос хойш иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, аливаа асуудлаар зоригтой дуу хоолойгоо хүргэж ирсэн ч 2016 оноос хойш энэ эрх чөлөө аажмаар хумигдаж, өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн” гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эрх баригч МАН-ын үед үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлэл хэлсэн хүмүүсийг Эрүүгийн хариуцлагаар сүрдүүлэх, баривчилж хорих замаар нийгэмд айдас төрүүлж, иргэдийн дуу хоолойг хязгаарлах хандлага газар авсан. Мөн хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, цагдан хорих явдлыг хязгаарлах эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудалд төр хэрхэн хандаж байгааг харуулж байна. Иргэний эрх эрх чөлөөгүйгээр ардчилсан тогтолцооны талаар ярих боломжгүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламентын спикер нь цэргийн ёсолгоо хийгээд зогсдог бол тэр улсыг ардчилсан улс гэж хэлэхгүй. Даргад эрх мэдэл төвлөрүүлэх бус, иргэдэд өөрсдөд нь эрх мэдлийг өгөх, эрх чөлөөгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлэх ёстой.
Үүний тулд даргын тогтоосон дэг журам бус, иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн дархлааг хамгаалах учиртай. Хэн ч олонх болсон бай, эдгээр гурван зарчмыг үгүйсгэх хэмжээний популизм хийж болохгүй. Ардчилал болон хууль дээдлэх зарчим харилцан тэнцвэртэй байж гэмээнэ Үндсэн хуулийн дэг журам мөрдөгдөнө. Монгол Улсын хууль, шүүхийг улс төрийн цагдаа болгохыг Ардчилсан нам дэмжихгүй. Бид засгийн эрхийг авсан тохиолдолд эрх мэдлийг задалж, зааглах, харилцан хяналтад оруулах, процессжуулах гэсэн гурван алхмыг зоригтой хийх хэрэгтэй. Хууль цаасан дээр үлдэх бус амьдрал дээр хэрэгждэг болгохын тулд шударга шүүхтэй болж, төрийг Үндсэн хуулиар хязгаарлах цаг болсон. Үндсэн хуулийн дэг журмыг Ардчилсан нам мандуулах ёстой” гэлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт хэлэлцүүлгийг дүгнэж хэлсэн үгэндээ “2027, 2028 оны сонгуульд ялалт байгуулах нь намын гишүүд, дэмжигчдийн хүсэл зориг төдийгүй Монголын ардчиллыг хамгаалах, улс орны ирээдүйг зөв замд нь хөтлөх ард түмний захиалга юм. Улс төрийн үйл явц, нөхцөл байдлаас үл хамааран Ардчилсан нам ирэх сонгуулиудад ялалт байгуулахын төлөө нэгдэж,эв нэгдэлтэй, хариуцлагатай ажиллах ёстой.
Учир нь Ардчилсан нам сонгуульд ялагдвал Монгол Улс нэр төдий ардчилсан тогтолцоотой боловч бодит байдал дээр нэг намын давамгайлал тогтсон улс болох эрсдэлтэй.
“Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч гэсэн ялзарна” гэдэгчлэн МАН гурван удаа дараалан сонгуульд ялснаар төрийн эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрч, өнөөдөр төрийн тогтолцооны дотоод ялзрал, хариуцлагагүй байдлаар илэрч байгааг бид харж байна. Иймээс Ардчилсан намын өмнө зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус, улс төрийн бодит хяналт, тэнцвэрийг сэргээж, олон намын тогтолцоо, ардчилсан засаглалыг бэхжүүлэх түүхэн үүрэг хүлээгдэж байна” хэмээн онцлов.
Үндэсний хэлэлцүүлгийн гол зорилго нь иргэдийн саналыг нэгтгэн, бодитой шийдэл, зөвлөмж боловсруулах, улмаар холбогдох байгууллага, намын удирдлагад хүргэж, олон нийтэд танилцуулахад чиглэж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй тангаргийн гэрээ байгуулах, улс төрийн зорилгоор хууль зөрчин баривчилж, ял тулгасан эсэхэд хяналтын сонсгол хийх, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Үндсэн хуулийн шүүхээр хамгаалуулах эрх зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргав. Уг зөвлөмжийг намын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээр хэлэлцүүлж, тодорхой шийдэл боловсруулан төрийн бодлогод тусгах юм.






