В.НЭРГҮЙ

Үйлчилгээний газрууд өрөвдөлтэй болжээ. Яваад орохоор өмнөөс гар дагуулж хардаг хүүхдээс ялгагдах юм алга. Өдөр ирэх тусам иргэд цар тахалд аажмаар дээрэлхүүлж байна. Эдийн засаг, сэтгэл санаа гээд уналтад орохгүй цэх зогсох боломж багассаар л. Өглөө сэрээд л сэтгэл түгшсэн өнгөөр мэдээ хүлээнэ. Өдөрт зуу зуугаараа нэмэгдэж байгаа цар тахал хэдэн зуун мянган төгрөгийн орлого хааж, хэдэн арван аж ахуйн нэгжийг үүдээ барихад хүргэж байна.

Ингээд бодохоор бидний амьдрал уналт дунд байх шиг. Энэ бүхнийг Сайд, УИХ-ын гишүүн, мэргэжлийн эдийн засагчаар тайлбарлуулаад байх шаардлага алга. Мөн худлаа үнэн мэргэжлийн хэллэгтэй гарц гаргалгаа хайсан асуултын хариулт ч хайх хэрэггүй бололтой. Үнэндээ сүүлийн хоёр жилийн дотор хамгийн их борлуулагдаж байгаа бараа бол маск. Үүнээс бусад нь бараа бүтээгдэхүүний гүйлгээ 60 хувь буурсан. Иргэдийн өр шир үнэндээ дааж даахааргүй боллоо. Гэсэн ч амьдрал үргэлжилсээр л. Төр нь шийдвэр гаргаж, түүнийг нь ард түмэн дагасаар л. Үнэндээ дарга нарын шийдвэрт нийцүүлж хөлөө олох гэж аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд зовж байна. Энэ бүхнийг нуршихийн учир өчигдөр хэд хэдэн үйлчилгээний газраар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Манай нийслэл хот үсчин, гоо сайхан, бараа, хүнсний дэлгүүр гээд үйлчилгээний газраар “баян”. Ганцхан жишээ дурдахад л Анкарагийн гудамжинд үсчин, гоо сайхны 28 газар зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг.

Хэдийгээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хаяа дэрлэн байрлах нь ашиг орлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай ч өрсөлдөөний хуулиар чанар, стандартаараа хоорондоо өрсөлдөн үйлчлүүлэгчдэд хямд үнэ, өргөн сонголтыг олгож байгаа сайн талтай. Нөгөө талаараа нийгмийн дундаж давхаргын амьдралтай хүмүүс нэгэн үсчний сургалтад суралцаж төгссөн. Тэд хүний гар харахгүй өөрсдөө хоолоо олж идэхийн тулд сурсан мэргэжлээрээ л ийнхүү ажиллаж амьдралаа залгуулж байгаа. Тухайлбал СХД-ийн нутаг дэвсгэр буюу “Хархорин” худалдааны төвийн хойно шил шилээ дарсан үсчний найман газар үйл ажиллагаа явуулж байна. 

Бүгд түрээслэгч нар аж. Өдөрт 20 мянган төгрөгийн түрээс төлж үлдсэн орлогоороо амьдардаг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг үсчин өдөрт 20 мянган төгрөгийн үс засалт хийж чадахгүй байгаа гэнэ. Шалтгаан нь үйлчлүүлэгчид их цөөн болжээ. Бид “Сонор” үсчний газраар орлоо. Тухайн үсчний газрыг хоёр хүн түрээсэлдэг юм байна.

Биднийг ороход үсчид сандал дээрээ тухтай гэгч суучихсан утсаа оролдож суулаа. Харахаас л ажил үйл нь урам муутай нь илт. Үсээ засуулах зуураа үсчин Г.Оюунцэцэгтэй хэдэн хором ярилцлаа.

–Орлого ямар байна?

-Үнэндээ өмнөх шигээ биш болсон. Бид хөнгөлөлт үзүүлээд ч нэмэр алга. Өглөө 10 цагт ирж үсчний газраа нээгээд 19.00 цаг хүртэл суухад 20 мянган төгрөг хийж чадахгүй байна.

-Та энэ байраа түрээсэлдэг үү. Нууц биш бол сарын хэдэн төгрөг төлөх үү?

-Түрээсэлдэг. Өдөрт 20 мянган төгрөг төлдөг. Хоосон хонохгүйг л хичээх юм. Сарын сүүлчээр тооцоо хийхэд түрээс төлөөд цаана нь илүү гарах мөнгө бараг үлдэхгүй болчихоод байна.

-Орлого муу бол ажиллаад хэрэг байна уу. Хоосон түрээс төлөөд дэмий юм биш үү?

-Өөр яах вэ. Одоо ажил олдохгүй. Гэртээ хэвтээд байхаар хэн мөнгө өгөх вэ дээ. Заримдаа ч өдөржин зогсоод 1000 төгрөгтэй буух ч тохиолдол байна. Арга ядаад л төдөн хувь хямрууллаа гээд л цахимд зар оруулах юм. Үнэндээ хэцүү байна.

-Амралтын өдрүүдэд ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн. Үүнийг дагаж байгаа юу. Энэ зөв шийдвэр мөн үү?

-Нийгмийн дундаж давхаргын амьдралтай хүмүүсийг ядуу руу шилжүүлэх гэж байгаа юм шиг сонин шийдвэр санагдаад байгаа. Мэдээж дэлхий нийтээрээ цар тахал гээд түгшүүртэй үед иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нь зөв. Гэхдээ иргэдийнхээ үгийг хааяа сонсдог төртэй баймаар санагддаг. Хүмүүс амралтын өдөр л үсээ засуулдаг. 

Гэтэл амралтын өдрүүдээр үсчинг хаачихаар яах вэ. Бидний хувьд ч амралтын өдрүүдэд л орлого өмнөхөөсөө бага зэрэг ахиу байдаг. Өнгөрсөн бямба гарагт “Хаагаарай” гэж хаалгасан. Гэтэл ням гарагт “Нээ гэж байна” гэж манай найз утсаар ярихаар нь ирээд л нээсэн. Үнэндээ төрийн шийдвэрийг ойлгохоо больчихоод байгаа.-Хүмүүс ер нь ямар улиралд үсээ түлхүү засуулдаг вэ?

-Хаврыг үс засалтын “улирал” гэж хэлж болно. Цаг сайхан болоод ирэхээр хүн бүхэн гоёхыг хичээнэ шүү дээ. Намар хүүхдийн үс засалт нэмэгддэг.

-Үнэ ханшны хувьд?

-Том салоны үсчид үнэтэй засдаг байх. Миний хувьд эрэгтэй үсийг 5000 төгрөгөөр засдаг. Одоо хүмүүс өөртөө тэр дундаа үснийхээ эрүүл мэндэд их анхаардаг болсон. Өдийд үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй байдаг. Манай багцын үйлчилгээг хүмүүс их сонирхдог. Хямд болоод тэр байх. Үндсэндээ үс засалт 5000-160 мянган төгрөгийн хооронд урт, богиноосоо гадна хэрэглэж буй материалаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр л дөө. Үсчин, гоо сайхны газруудад анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд хааж байгаа нь ганцхан манай улсад хэрэгжиж буй бодлого биш. Коронавирусийн хоёр, гурав дахь давлагаа эхэлсэн Итали, Бельги, Их Британи, Герман, Дани зэрэг улсуудад үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээг түр хугацаанд хориглоод байгаа юм. Үсчний газраар үйлчлүүлсэн хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг ДЭМБаас анхааруулсан. Учир нь, үсчин үйлчлүүлэгчийн үсийг засахыг тулд маш ойрын зайнаас харьцах шаардлага гарна. Энэ нь хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих дэглэмийг зөрчиж байна. Үсээ будуулах зэрэг үйлчилгээ авахад 1-2 цаг шаарддаг учир халдвар тархах эрсдэлтэй. Үсчин бээлий өмсөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ үсийг угаах нь вирусийн халдвар авах эрсдэл дагуулна. Үйлчлүүлэгчийн үсийг сэнсдэж байхад халдвар авах эрсдэлтэй. Шинж тэмдэггүй халдвар тээгчид олширсон.

Ялангуяа залуучуудын дунд коронавирусээр шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол их байгаа нь эрсдэл дагуулдаг аж. Энэ талаар үсчидтэй яриа дэлгэхэд тоож байгаа нь ховор байлаа. Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газрын 78 дугаар тогтоол болон 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, УОК-ын нэгдүгээр тогтоол, УОК-ын даргын 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Тодруулбал, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоов. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)- аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон.

Ингээд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл үйл ажиллагааг нь хязгаарлах салбаруудыг танилцуулсан. Үүнд ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьж буй. Харин үсчин болон бусад үйлчилгээний газар хэрхэн ажиллах талаар ямар нэгэн заалт байхгүй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар шийдвэрээр хэн хаалгасан нь сонирхолтой. Дүүргээс нэг км замд хэчнээн үсчин, гоо сайхан үйл ажиллагаа эрхэлж болох тал дээр бариимталдаг ямар нэгэн журам, хязгаарлалт байхгүй учраас үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэн, байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг гэлээ. Ганцхан Чингэлтэй дүүрэгт 291 үсчин, гоо сайхны газар үйл ажиллагаа явуулдаг. Энэ жишгээр тооцох юм бол 2000 шахам үсчний газар нийслэлд бий. Цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан аж ахуй нэгжүүд, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа эргэн сэргээд удаагүй.

Мөн цалингийн зээлээс эхлээд иргэдэд анхаарал тавьж байсан шийдвэр, тогтоомжуудын хугацаа дуусаж байгаа болохоор банкнаас эхлээд иргэдэд дарамт учруулж эхэлж байгаа. Энэ цаг үед үсчин гэх мэт иргэдэд тогтмол үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын үүд хаалгыг хумиад байвал ёстой л муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгч болно. Гэхдээ үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, үйлчлүүлэгч нарт шаардлага тавих ёстой. Үүний дараа бид ГССҮТ-ийн хойно байрладаг “Олон үндэстний зоогийн газар”-аар орлоо. Үнэндээ нэг ч үйлчлүүлэгч алга. Хүн хэрхэн үйлчлүүлж байгаа талаар лавлахад ойролцоох цайны газруудаар л хүмүүс үйлчлүүлдэг болсон. Энэ нь мөнгө төгрөгтэй л холбоотой байх. 

Ажиглаад байхад хүмүүс ихэнхдээ ширхгийн хоол авч иддэг болсон. Манайх ч удахгүй хаалгаа барихад хүрч байна гэж ярьж байлаа. Үүдэндээ халуун шалгах, бүртгэл хийх зориулалттай гар ариутгагч тавьсан ширээ зассан харагдана. Үйлчлүүлэгч нар ч сандал дээрх зай барих зориулалттай хориглосон тэмдэг тавьжээ. Харахад үйлчилгээ сайн байж магадгүй энэ байгууллагын ажилчид мөн л гар утсаа “маажиж” өдрийг өнгөрөөж байгаа бололтой.Мөн дэлгүүрийн орлого, худалдан авалт ямар байгаа талаар ч сонирхлоо. Гэхдээ бид ямар нэгэн том сүлжээ дэлгүүр эсвэл төв зам дагуух олон хөлийн дэлгүүрийг гол зорилго болгосонгүй. Хорооллын арын гэр хороолол буюу Баянгол дүүргийн X хорооны нутагт байрлах “Харз” дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүрийн худалдагчийг Б.Лхагва-Очир гэдэг. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Үйлчлүүлэгчид хэр их байна?

-Яах вэ, хүмүүс оройн хоолныхоо хүнс ногоог авах л хэмжээнд байна. Ер нь их муу байна гэж бол хэлэхгүй. Тал талдаа л амиа болгоод байна. Гэхдээ хүмүүсийн худалдан авалт маш их буурсан. Айлын таван настай хүүхэд талх гуйж орж ирж байна шүү дээ. Ингээд бодохоор амьдрал маш хүнд болж, ядуурч байна шүү.

-Халдвар, хаммгааллын дэглэмийг хэр их мөрдөж байна вэ?

-Үйлчилгээний байгууллага болохоор чадлаараа л мөрдөж байна. Хүмүүсийг дуудаж хэл ам таталж байж л ганц нэг нь гараа ариутгаж байна шүү дээ. Тэрнээс биш санаагаараа хувийн ариун цэврээ сахиж, коронагаас хамгаалж байгаа хүн ховор байна.

-Хүнсний дэлгүүрүүдийг 20:00 цагаас хааж байгаа. Энэ зөв шийдвэр үү?

-Баячууд л 20:00 цагаас өмнө хэрэгтэй зүйлээ худалдаж аваад дуусчихдаг байх. 

Манай энд бол 20:00 цагт амьдрал эхэлдэг. Хүмүүс ажлаа тараад түгжирч явсаар нэг юм гэртээ ирнэ. Харих замдаа л манайхаар орж ганц нэг талх авна шүү дээ. Үнэндээ орлогын цагийг л хаачихаад байна. Яаж ч бодсон дэлгүүрийн ажлын цагийн зохицуулалттай санал нийлэхгүй байгаа.-Танай дэлгүүр бараа багатай байна уу даа?

-Орлогогүй болчхоод байна. Үнэндээ чи хар л даа. Тор дүүрэн иргэний үнэмлэх:х байна. Манай энэ хавийнхан арай ч ийм байгаагүй. Сүүлийн үед хүн бүхэн зээл тавьж байна. Олон жил болсон болохоор үгүй гээд байх хэцүү. Өгөөд байх бидэнд хэцүү байна. Зарим хүмүүс зээлсэн барааныхаа мөнгийг цалин дээрээсээ ч өгч чадахгүй байна шүү дээ.

-“Ковид-19”-ын халдвараас болж байна л даа. Хөл хорио хумихаар эдийн засаг хумигддаг юм байна?

-Мэдэх юм алга. Онцгой комисс нь ажлаа ч хийж чадахгүй юм. Мэдээ мэдээлэл харсан ч заримдаа итгэхэд хэцүү болоод байна шүү дээ. Цар тахал монголчуудын буяны уутыг гөвж чадахгүй байлгүй. Монгол хүний хөрөнгөө агуулах гүйлгээ ухаан уг нь том шүү дээ. Энэ Онцгой комисс гэдэг чинь хаадаг нээдэг савны таг биш юм байгаа биз дээ. Болохоо болилоо хаа, эсвэл нээ гээд л байх юм. Учрыг нь ойлгохоо байлаа, ард түмний амьдрал хэцүү л болж байна даа.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН