Гайхширал, гуниглал...

 

Олон цагийн турш дахь гайхшрал минь гунигаар солигдлоо.Улсынхаа төрийн далбаа, төрийн сүлд, нийслэл хотын сүлд -энэ гурвыгаа ширтэж, гайхширч, гуниглаж сууна.

Төрийн далбаа дээрх соёмбо тэмдэг бол Монгол хүний бүтээл биш, XVII зууны сүүлч хүртэл Монголчууд энэ тэмдгийг мэддэг ч үгүй, дээдэлдэг ч үгүй байсан. Сайн цагийн мянган бурхны тамганы голд байдаг энэ дүрсүүдийг төвдийн лам нар л дээдэлдэг, шүтдэг байжээ. Энэ тэмдэг бол Төвдөөс /магадгүй Энэтхэгээс гаралтай байж ч болох/ гаралтай, шашны л холбогдолтой. Уугуул Монгол дүрс, зураг яав ч биш!

Төрийн сүлдэн дээрх морь бол яалт ч үгүй хийморь лундааны гэгдэх энэ зурган дээрх морийг л санагдуулах ажээ. Дээр нь бас л нөгөө соёмбо! Уурга барьсан Монгол хүнийг соёмбоор сольж яах гэсэн юм бол оо?

Төвдийн нөлөөнөөс, шашны зан үйлээс холдсон даруйдаа Монголчууд таван хошуу малаа, тариан түрүүг, уурга барьсан морьтой хүн, уул, талаа, ургах нараа сүлдэндээ багтаажээ. Тэр сүлд л илүү сайхан, илүү дотно санагдах юм.

Нийслэл хотын сүлдийг хараач ээ! Өөх ч биш булчирхай ч биш гэж энэнийг хэлдэг байх.

Үхэр эвэр, чих, шувуун хошуу, эмэгтэй хүнийх гэхээр нүцгэн өд сөдгүй гар, хүзүүний зүүлт, дэлэн хөх, сумо бөхийнх шиг гүзээ, харин хөл нь махчин шувууных. Бүхэлдээ бол шувуу, үхэр, хүний эрхтэнгүүдийн ямар ч нийцгүй, нэг амьтны биш бие, дүрс. Шувуу хөхтөн амьтан биш.

Хэн энэ зургийг, зураг ч гэж дээ, хөгийн дүрсийг бүтээсэн юм бол оо? Шашны дээвэр дор байхдаа ч гэсэн уран зураг яруу сайхныг, сүрлэг сайхныг бүтээсээр ирсэн юм шүү. Хангарьд гэх энэ зураг даан ч дорой, булай бүтээл болжээ.

 

Харамсан, гуниглан ярих, хэлэх зүйл их байвч товчилж ганцхан санаа хэлье.

Өвөг Монгол, уугуул Монгол, өнөөгийн Монгол үнэт зүйлсээ л төрийн далбаа, төрийн сүлд, нийслэл хотынхоо сүлдэнд оруулцгаая!

 

Тэгж чадвал л Монголчууд бид тэргүүнээ бөхийлгөн хүндлэх, сүсэглэх болно. Өөрийн эрхгүй л өвдөг сөгдөн мөргөх, залбирах болно.

 

Яг л ингүүлж чадах өөрийн, уугуул, уламжлалт дүрс, зураг л төрийн далбаа, төрийн сүлд, нийслэлийн сүлдэн дээр байх ёстой. Удаах шинэ Үндсэн хуулийн төсөл зохиох, хэлэлцэх, батлах үед өмнө өгүүлэгдсэн зүйлүүдийг тооцож үзээсэй, залруулаасай гэсэндээ энэ тухай өгүүллээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав