Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт энэ сарын 17-ны өдөр хоёр настай П гэх хүү алга болсон хэрэг гарсан билээ. Хүүг алга болсон газарт эрлийн үйл ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байв. Эргэн тойрон битүү модтой газар аж.

Өчигдрийн байдлаар Онцгой байдлын газрын хошууч Л.Ганзоригоор ахлуулсан баг “Сайхан мод” гэх газрын дээд цармаас таван км-ийн урттай самналт хийж байв. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Соён гэгээрүүлэх тасгийн дарга, хошууч Б.Нямсайханаар ахлуулсан дроноор эрэн хайх бүлэг 14 км-ийн радиуст, мөн л эрэн хайх үүрэг гүйцэтгэжээ.

Түүнчлэн дулаан мэдрэгчтэй хоёр дроноор шөнө бүр хяналт хийж байгаа ч ул мөр олохгүй байгаа аж.

Алга болсон хүүгийн үеэл эгч С.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.


-Эцэг эх нь мод бэлтгэлийн ажил хийж байх үеэр хүү алга болсон гэх мэдээлэл бий. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Мөн хүүгийн эцэг эх Тариалан сумын уугуул уу?

-Манай хоёр дүү Шинэ-Идэр сумаас Тариалан суманд ирж суурьшаад дөрвөн жил болж байна. Одоо бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн хүмүүс гэж явдаг.

Хүү алга болсон өдөр аав болон өвөө, ах нар нь сумаасаа хойд зүгт түлээ бэлтгэлийн ажил хийж байсан. Харин хүүгийн ээж приус 30 маркийн автомашиндаа хоёр настай хүү болон таван сартай охинтойгоо хамт байжээ. Төд удалгүй дүү маань машиныхаа арын суудал дээр хүүгээ, жолоочийн хажуу талын суудал дээр охиноо унтуулаад аав болон нөхөртөө туслахаар явсан. Тэгээд түлээ бэлтгэлийн газарт байж байгаад 20 минутын дараа машин дээрээ ирэхэд охин нь ганцаараа унтаж байсан гэсэн. Ингээд хүүгээ алга болсныг манай хоёр мэдээд тэр хавийнхаа хүмүүстэй хамт хайж эхэлсэн. Ингэхдээ хүүгээ хол явж чадаагүй байх гэж бодсон байх. Хоёр цаг өнгөрөхөд хүү олдоогүй учраас 17:00 цагийн үед мэргэжлийн байгууллагад хандаж нутаг, орон даяараа мэдсэн юм. Манай хоёр өмнө нь ч гэсэн хоёр хүүхдээ машиндаа унтуулж үлдээгээд түлээ бэлтгэдэг байсан. Пүрэвсайхан дүүгээсээ огт холдож явдаггүй бөгөөд дэргэд нь уйлаад сууж байдаг байсан.

Манай хоёр хэлэхдээ хэрэв хүү маань өмнөх шигээ уйлсан бол дуунаар нь хүрээд ирнэ. Мөн таван сартай дүү нь сэрнэ шүү дээ гэсэн. Нээрээ ч уйлсан бол шууд л гүйгээд л ирнэ шүү дээ. Ямар хүн хүүхдээ хайхрахгүй орхих билээ.

-Хүү алга болохдоо ямар хувцастай байсан бол?

-Ээжийнх нь хэлснээр бол хүү алга болохдоо ганц дан цамцтай явсан гэсэн. Би ч айхдаа шууд л цаг агаар харлаа. Уг нь энэ сарын 21-нийг хүртэл ихэнх нутгаар тогтуун дулаан байна. Харин даваа гаригаас хангайн бүсийн нутгаар бороо, цас орохоор байна. Манай дүү хоёр настай хүүхэд гэхэд биеийн хөгжил их сайтай. Бондгор, сэргэлэн шар хүү байдаг. Мөн сумын эмч нар ч дүүг минь дархлаа сайтай гэж яриад байгаа. Яасан ч хэцүү юм бэ. Тэр жаахан амьтан алга болсон газрыг харж байгаа биз дээ. Хад асга, бартаа саад ихтэй. Гэхдээ бид дүүгээ амьд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Зарим хүн эцэг эхийг нь хариуцлагагүй байсан учраас ийм хэрэг гарсан гэх шүүмжлэл өрнөөд байна. Та үүнд юу гэж хэлэх вэ?

-Эцэг эхийг нь шүүж, буруутгаж, элдвээр битгий хэл. Одоо бид нэгнийхээ буруу зөвийг шүүж байх цаг биш. Хүүгийн аав, ээж хоёрын даралт унаж, биеийн байдал нь маш тогтворгүй байгаа. Ус ч уухгүй галзуу юм шиг л харсан зүгтээ хүүгээ хайгаад гүйчих гээд л хэцүүхэн л байна. Эцэг эхэд нь хамгийн хэцүү байгаа гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Хүүгийн эцэг эх 30 гаруй настай залуу хүмүүс байдаг. Элдэв муу зуршилгүй, маш даруухан залуу гэр бүл. Хүмүүсийн яриад байгаа шиг тийм муухай хүмүүс бол биш шүү. Хөдөөний хүмүүс учраас өөрсдийгөө илэрхийлэхдээ жаахан тааруухан гэв.

Ойр хавь бүхэлдээ шигүү модтой газар учраас дөрвөн иргэн төөрч Онцгой байдлын алба хаагчид олсон гэлээ. Түүнчлэн иргэдийг бие биеэсээ холдохгүй, аль болох нутгийн иргэдтэй хамт явахыг анхааруулж байв. Эрлийн ажиллагаанд 400 гаруй энгийн иргэд болон Онцгой байдлын алба хаагч нар оролцож байна. Түүнчлэн 10 дрон, 10 үнэрч нохой, 86 автомашинаар самналт хийж байв. Гэвч хараахан ул мөр олоогүй л байлаа. Мөн эрлийн багийнхан аавынх нь түлээ бэлтгэж байсан газар болон хүүхэд байсан газар хоёрын хооронд хэмжилт хийж алхаж үзэхэд гурван минут 15 секунд болсон аж.


Алга болсон хоёр настай хүү П-ийн ээж С.Мягмарсүрэн “Хөвсгөлийн өнгө” сайтад ярилцлага өгчээ.

-Намайг Самбуугийн Мягмарсүрэн гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат. Харин манай нөхөр Шинэ-Идэр сумын хүн. Бид хоёр Тариалан сумандаа дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байгаа. Саахалт айлынхаа хүмүүстэй хамт мод бэлтгэхээр ярилцаж, тохирсон байсан. Мөн аав, ах хоёр маань ачааныхаа машиныг унаад мод бэлтгэлийн газар руу явсан. Харин бид хүнтэй уулзчихаад жижиг машинаараа араас нь очъё гэж хэлсэн. Тэгээд хүнтэйгээ уулзчихаад, хоёр хүүхэдтэйгээ хамт очсон. Машин байгаа яг энэ байрлалд зогссон. Хоёр хүүхэд маань доороос өгсөж ирэхдээ л унтаж байсан юм. Би хажууд нь утсаа оролдож байсан. Тэгээд модонд ирсэн юм чинь гэж бодоод машиныхаа хажууханд үүс бөөгнүүлсэн. Манай түлээ ачиж байсан машин 200 метрийн зайд байсан учраас уруудаж очоод шуудай асуусан чинь байхгүй гэсэн. Тэр үед ажиллахгүй хөрөө байгаа. Машиндаа аваачиж тавиарай гэхээр нь аваад өгсөөд ирэхэд хүү маань байхгүй байсан. Би хамгийн удаандаа 20 минут явсан. Шууд аав руу нь Пүрэвсайхан байхгүй байна гээд орилсон. Аав нь гүйж ирээд энэ хавиараа хайсан. Ийм үед утсаар ярих ухаан ч орж ирдэггүй юм билээ. Цаг ч хараагүй. Аав нь ирээд харанхуй боллоо. Утсаар яриарай гэхэд охиноо хамт явсан ахдаа өгөөд хадам эгч рүүгээ хамгийн түрүүнд ярьсан. Тэгээд айлууд руу ярьж хүмүүс цуглаад хайж эхэлсэн. Тэр өдрөөс хойш сураг чимээ гарсангүй. Үнэхээр гайхаж байна. Хувцас хунар нь ч олдохгүй. Надад бол амьд байгаа гэдэг мэдрэмж бий.

-Хүүхдээ орхиод явахдаа машиныхаа хаалгыг онгорхой орхисон уу?

-Хаалттай байсан. Манай хүү их чадмаг. Жолоочийн суудлын хойд талын хаалгаар буусан байх. Үгүй бол жолооч талаараа буусан. Гэхдээ би жолоочийн хажуу дахь суудлыг налуулж байгаад охиноо унтуулсан байсан. Агаа нь дүүтэйгээ толгойгоо нийлүүлээд унтаж байсан. Өндийгөөд ирэхэд л дүүгээ харна. Дүүгээ ерөөсөө орхиж явдаггүй. Харин шээс нь хүрэхээрээ орилоод гараад ирж магадгүй. Гэхдээ машинаасаа буусан ч ийшээ, тийшээ огт гүйдэггүй.

-Арын суудал дээрээ унтуулчихсан байсан уу?

-Тийм. Аав нь утсаар яриад хүмүүс дуудах үед хүү минь энэ хавьд байгаа юм шиг. Гараад ирэх юм шиг мэдрэмж төрж байсан. Охиноо тэврээд хайхаар шургаж уначих гээд гүйж чадахгүй. Амьхандаа энэ хавиараа орилохоор охин маань гэнэт, гэнэт цочино. Аль болох энд, тэнд уйлж байгаа чимээ сонсох гэхээр огт чимээ гарахгүй.

-Өмнө нь дүүтэй нь орхидог байсан уу?

-Орхидог байсан. Ах эгч хоёр нь сургуульдаа орчихно. Суман дахь дэлгүүр ороход хүртэл дүүтэйгээ үлдчихдэг байсан. Машинаасаа бууж гүйхгүй. Сигналиа дараад машин дотроо сууж байдаг.

-Машины цонх онгорхой байсан уу?

-Жолооч талын цонх жаахан онгорхой байсан. Бусад цонх бол хаалттай. Наашаагаа буух боломжгүй. Доод талаасаа буусан бол дүүгээ сэрээнэ. Хаалганы хажууд дүүгийнх нь хувцас байсан. Тэр ерөөсөө хөдлөөгүй байсан. Би суудал руу уначихсан юм болов уу гээд дахин, дахин харж, орилоход ямар ч дуу чимээ гараагүй. Өвөө, ах, аав нь бүгд тал, тал тийшээ орилоод гүйгээд л байсан. Ямар ч сураг чимээ гараагүй. Гэгээтэйд энэ хавийн хүмүүс ирсэн. 16:40, 50 минутад багийн дарга Соёлоо эгч рүү ярьсан. Тэд нар дуудлага хүлээж авлаа гээд ирсэн.

-Хэр ярьдаг вэ?

-Маш сайн ярина. Ааваа, ээжээ, Содмоо, Мягаа, шээе, баая гээд ярьдаг. Хөл их чангатай.

Хүү минь алга болсноос хойш таних, танихгүй олон хүн сэтгэл гаргаж ирсэн. Бүхий л албан байгууллагууд бүх хүчээрээ ажиллаж байна. Өдөр шөнөгүй л энэ уулыг самнаж байхад ямар ч ул мөр олдоогүй. Хүүг минь хайх эрлийн ажиллагаанд зүрх сэтгэлээ зориулж байгаа бүхий л хүмүүстээ баярлаж байна. Ээж хүний зөн совин гэж байгаа байх. Ямар ч байсан миний хүү эрүүл саруул байгаа. Миний зөн совингоор зүүн хойд зүгээс хүүг минь эрэгтэй хүн тэврээд гараад ирэх юм шиг мэдрэмж төрдөг. Миний хүү эндээгүй. Амьд байгаа гэдэгт нь итгэж байгаа. Ямар нэгэн байдлаар миний үр заавал ээждээ олдоно.

Дугаар шилжих мөчид эрлийн ажиллагаа үргэлжилж байлаа.

 

А.Даваадулам