Хутагт, хувилгаад, амьд бурхад гэгдэж байсан төвд, монгол бүх лам нар бол жирийн л хүмүүс байв. Тэдэнд илтэд байсан, нотлогдсон ямар ч ид шид, гоц чадвар байгаагүй. Нэгдүгээр ба хоёрдугаар Богд Жавзандамба нараас бусад зургаан Богд бол мөн л жирийн төвд лам нар байв. Харамсалтай нь тэдний ихэнх нь тун ч богинохон насалжээ.

Хүүхдээрээ хорвоог орхисон нь ч нэг биш. Төвддөө, эцэг эхийн гар дээр өсөж бойжсон бол тэд тийм харамсмаар богино наслахгүй л байсан болов уу. Дурдсан 6 богдоос эрх дураараа байж, авгай авч, архи дарс хэрэглэж. тавь гаран наслаж, тансаглаж, бүр Монголын хаан гэгдэж чадсан нь ганцхан наймдугаар Богд билээ. Тэрээр ном эрдмийн хувьд жирийн л нэг төвд лам байв. Онцгойрох авъяас чадвар, хөдөлмөрч зан чанар, тэвчээр хатуужил түүнд байгаагүй. Эрүүл мэндээр ч тааруухан нэгэн.

Наймдугаар Богдыг Монголын хаанд өргөмжлүүлж чадсан “гавъяа” Оросын дипломатуудад оноогддог. Тэд Монголын эх орончид, хувьсгалчдыг төвд лам, Богд гэгээнтэй бодлогоор холбож, тусгаар тогтнох хөдөлгөөн нь Богдын оролцоо, санаачилгын үр дүн, биелэл мэт болгож хаандаа, хожуу нь Зөвлөлт Засгийн Газарт танилцуулдаг, мэдээлдэг байв.

Ингэх нь Оросын ашиг, сонирхолд нийцтэй байжээ. Монголыг “Бамбай улс” болгож ашиглахад тоглоомын Засгийн Газар, хүлцэнгүй ноомой хаан хэрэгтэй байснаас биш халуун эх орончид, идэвхтэй тэмцэгчид, Чингисийн алтан ургийн ноёд, хан нар ер хэрэггүй байсан нь тодорхой юм. Хэнд хэн хэрэгтэй байна түүнийгээ л дэмждэг нь хууль шүү дээ!

Нэгдүгээр болон хоёрдугаар Богдын хувьд /тэд хоёулаа монгол хүмүүн/ Монголчуудын туурга тусгаарлахын төлөө оролдлого, тэмцэл дэмжигдэх нь тодорхой юм. Харин удаах зургаан төвд лам-Богд нарын хувьд тийм санаа, сэдэл байх, гарах шалтаг, шалтгаан, үзэл ухамсар үгүй байв. Манжийн төр доройтож мөхлөө ч гэсэн төвд лам нарын ашиг, сонирхолд хохиролтой зүйл тарахгүй ба Монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ч төвд нарт сонин биш байлаа. Харин Оросын дипломатуудын хувьд Монголчуудын туурга тусгаарлахын төлөө тэмцлийг Оросын хувьд л ашигтай байдлаар өрнүүлэх, уг хэрэгт Богд гэгээний нэр, нөлөөг сааруулагч хүн болгон хэрэглэх нь л чухал байжээ. Туурга тусгаарлахын төлөө хөдөлгөөн, тэмцэл нь нармай Монголын төлөө, Монгол угсаатнуудыг нэгтгэхийн төлөө хөдөлгөөн, тэмцэл болон өрнөх, өргөжихөөс Оросын төр засаг эмээж, Хятадын улс төрчид ч айж байсан нь үнэн болно.

 

Богд гэгээний Монгол дахь дүрүүд нь Төвдийн эрх баригчдын хувьд тоглоомын “амьд бурхад”, утсан хүүхэлдэйнүүд, Монгол сүсэгтэнгүүдийг урхидах өгөөш байлаа. Жавзундамба хутагтын удаах шинэ дүрүүдийг нь далай лам нар өөрсдийн ойр дотны хүмүүс, төрөл садны хүмүүсийн хүүхдүүдээс хүртэл тодруулж сэргэлэнтэж байв. Жишээ нь дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг 1775-1814/ нь Далай ламын ахын хөвгүүн байжээ.

Харин наймдугаар Богд Агваанлувсан /1870-1924/ бол Далай ламын нэг шадар түшмэлийн хүү юм. Түүнийг дөрвөн настайд нь 1874.онд Монголд залж халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Луйвар, булхайд гаршсан манай зарим дарга хөвгүүнээ Богд гэгээний 10-р дүрээр тодруулуулах гэж ил далд оролдсон нь дээрхтэй агаар нэгэн ажээ. XXI зууны өндөрлөгөөс, мөн хүний эрх, хүүхдийн эрхийн үүднээс хандах юм бол 3-5 настай балчир хөвгүүдийг /өөрөөс нь асуухгүйгээр, өөрт нь ямар ч сонголт үлдэхгүйгээр, хүчээр шахам/ хэн нэгэн нас барсан ламын хойд дүрээр тодруулж хувь заяаг нь шашины ашиг, сонирхлын тулд дур мэдэн шийдвэрлэх нь гэмт үйлдэл мөн юм. Хэрэв эцэг, эх нь гомдол мэдүүлж шүүхэд хандах аваас шүүхийн шийдвэр эцэг, эхийн талд гарах нь эргэлзээгүй. 

3-6 настайд нь хэн нэгний хойд дүрээр тодруулж сүм хийдийн мэдэлд шилжүүлсэн хөвгүүдийн ихэнхийн нь хувь заяа аюулд өртөж, балчирхан насандаа үхэж үрэгдэх нь олон байжээ.

Богд Жавзундамбын хойд дүрээр Төвдөөс тодорч Монголд залж авч ирсэн сүүлчийн зургаан хүүхдийн хувь заяа ч өмнө хэлснийг нотолж байна. Баримт дурдая.

1. Гуравдугаар Богд Ишдамбийням /1758-1773/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр 15 настайдаа өвчний учир нас баржээ.

2. Дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг /1775-1814/ Лхаст төрж 7 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр Далай ламын ахын хөвгүүн байсан ба 39 настайдаа өвчнөөр нас баржээ.

3. Тавдугаар Богд Цүлтэмжигмэд /1815-1841/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 26 настайдаа өвчнөөр нас баржээ. Зургадугаар Богд Лувсандамбийжанцан /1843-1849/ Төвдөд төрж 6 настайд нь монголд авч иржээ. Ширээнд суугаад 42 хоноод өвчнөөр нас баржээ.

4.Долдугаар Богд Чойжваанчиг /1849-1868/ төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 19 настайдаа өвчнөөр нас баржээ. Түүнийг Жавзундамба хутагтын 51 дэх дүр гэж үздэг ажээ. Бие цогцос торниж, бэхжиж завдаагүй балчир хүүхдийг төвдийн өндөрлөгөөс огт өөр уур амьсгалтай Монголд авч ирээд хүнс хоол, ус унд, цаг агаарын ялгаа, зөрөөг үл тооцон сүм хийдийн олон хөлийн газар “хорьж” шахуу байлгах нь ихэнхдээ л муу үр дагавар үүдсэн нь энэ ажээ. Манжийн хааны хатуу зарлигийн дагуу Төвдөөс нэгэн хөвгүүнийг 5-7 настайд нь Монголд залж авч ирэх гэж маш олон хүн оролцож, маш их зардал, сүйтгэл гарч, тэр ажил заримдаа 15-19 сар үргэлж байжээ. Жишээ нь VI Богдыг залах үеэр замын хүнсэнд зориулж 2500 хонь тууварлан авч явжээ. Тэр хүүхдэд орон байр бэлдэж, Төвдөөс багш нар, оточ урьж, анх тодруулсан том лам нарт мөнгөн шагнал олгож, дагалдаж ирсэн хүмүүсийн буцах зардлыг ч бүрэн дааж байв. Жишээ нь VII Богдыг тодруулахад биечлэн оролцсон Далай лам, Банчэн эрдэнэ хоёрт 60 мянган лан цагаан мөнгө шагнажээ. Богдын шавийн аж ахуйг эрхэлдэг албаныхны зардал, сүйтгэл ч тун их байжээ. 1870 оны үесэд Богдын мэдлийн сангийн малын тоо 130 мянга гаруй, шавь нар нь 17 их отог болж байв.

Богдын дүрүүдээр цовоо, сэргэлэн Монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан Монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ.

Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тархсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл суртлын нөлөөнд атгагдчих аваас эцэстээ ямар үр дүн гардгийг Монголчууд бидний жишээнээс дэлхий харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад ба Төвдийн удирдлагын хувьд эерэг үзэгдэл, харин монголчууд бидний хувьд онцын сөрөг үзэгдэл, гамшиг мөн байлаа.

 

XIII, XIV, XV зууны туршид болон хожуу үед, мөн эдүгээ цагт ч гэсэн Монголчуудад,Ммонголын түүхэнд таагүй ханддаг, аль нэг хэмжээгээр хонзогнож ханддаг үзэгдэл байсаар иржээ. XIII, XIV, XV зууны үед ийм үзэгдэл хамгийн их өргөн, хүчтэй байсан нь ч үнэн юм. Манж, Төвд, Хятад, Орос, Солонгос, Япон гэх мэтийн орны зарим түүхч, зохиолч, нийтлэгч нар Монголчуудын цэрэг-дайны үйл ажиллагааг зориуд харлуулж, гуйвуулж, хонзогнох байр сууринаас цөөнгүй бүтээл туурвижээ.Энэ бол байдаг л үзэгдэл гардаг л үйлдэл юм. Үүнийг Монголчууд бид буруушаахаасаа өмнө ойлгож, тэвчээр гаргаж, хүлээцтэй хандаж өнгөрөөх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн түүхэн үйл явлуудад өнөөгийн бидний, мөн тэдний буруу гэж үгүй билээ. Дэлхий даяараа л түүхээс сургамж авч өнөөгийн хэрэг явдлаа зөвөөр үйлдэж байх учиртай. XIII, XIV, XV зууны хонзогногчдыг ч гэсэн ойлгож, тэвчиж хандах ёстой.

Дэлхий дахины түүхэн дэх олон олон аян дайны субъектууд нүүдэлчид байсан, нүүдэлчид л таван тивийг эзэлж, суурьшиж, удаа дараа сандчааж, урт настай уламжлалт нийгмүүдийг мөхөөж, шинэ шинэ нөхцөл, байдлыг буй болгож, даяаршлыг эхлүүлж, өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсээр байсан нь үнэн билээ. Чухам тиймийн учир дэлхий дахины консерватистууд нүүдэлчдэд хэзээ, ямагт таагүй хандаж, бүр үзэн ядаж иржээ. Орон орны консерватистууд ил далд сүлбэлдэж, нэгдэж, нүүдэлчдийг аль болохоор л дарж, хавчиж, мохоож, цөөрүүлж, хооронд нь яс хаян дайтуулж хүч, эрчмийг сулруулж байв. Иймэрхүү үзэл санаа, үйл ажиллагааны нэгэн томоохон хохирогч бол ХVII-ХХ зууны үеийн Монгол, Монголчууд юм.

Монголчуудыг номхон хүлцэнгүй болгох, тоог нь цөөрүүлэх, газар нутгийг нь хумих, цэрэг зэвсэггүй болгох, хооронд нь яс хаяж хагалах, бутаргах, оюун санааны амьдралыг нь шашинжуулах, мухар сүсэгт автуулах зэрэг хол явах хорлол ихтэй бодлогыг Манж, Хятад, Төвдийн удирдлага далдуур сүлбэлдэн хэрэгжүүлжээ.

Монголчууд нэгдэх, хүчирхэгжих боломж, нөхцлийг аль болохоор үгүй хийж байх нь хөрш улсуудын хувьд төрийн хар хайрцагны бодлого хэвээрээ байгаа нь үнэн юм. Түүхэн их айдас тэднийг одоо ч түгшүүлдэг бололтой

Монголчууд бид хөршүүдийн сэтгэл зүйг ойлгож, тэвчээртэй хандаж, мөнхүү түүхэн айдас хүйдсийг аль болохоор нимгэлэх, бүх нийтийн даяаршлын эрин үед Монголчууд зөвхөн энх тайвныг эрхэмлэгчид болсон чин үнэнийг сурталчилж байх нь чухал байна. Үүний зэрэгцээ хөршүүд маань шашныг ашиглаж биднийгээ дөнгөж чадсан тэр чөдөр, тушаанаас хүн амынхаа юун санааны ертөнцийг чөлөөлж авах нь тулгамдсан асуудал, хойшлуулшгүй зорилт болчихлоо. Энэ түүхэн үнэнийг, мөнхүү хорлолыг юмсын наад, цаад, ил далд, инаш алсуурх учир, утга, ур дагаврыг ойлгохтойгоо болсон зиндаа, түвшний лам нар  хүртэл ухаарч энэ хэрэгт хүчин зүтгэмээр байна. Лам залуус ч гэсэн Монгол эх орончид, Монголоо гэх халуун сэтгэлтэн, үнэнийг дээдэлдэг оюутан, зөв үйлстэн шүү дээ. Тэд өнөөдөр аав ээжээ, ах эгчээ, дүү нараа мухар сүсэгтэн, сохор шүтлэгтэн бүү болчихоосой гэж зовних ухаан, сэхээтэй л баймаар даа. Миний ард түмэн шашны үл биелэх хуурамчлалд дахин давтан бүү хууртаасай гэж бодмоор доо. Дэлхий даяарт аливаа бүхнийг ашин биш шинжлэх ухаан л шийдвэрлэж, цар тахлыг ч шиншлэх ухаан л хазаарлаж, зогсоож чадаж байгаа шүү дээ.

Төвдийн ч тэр, Монголын тэр том лам нар, Далай лам, Банчин Богд, Жавзундамба хутагт, хувилгаадад өнгөрсний талаарх юухэн үнэн, өнөөгийн талаарх зөв ойлголт, мэдээлэл, ирээдүйн талаарх үнэн, оновчтой төсөөлөл, таамаглал байгаагүй болох нь одоо нэгэнт тодорхой болчихлоо.

 

Тэднийг ердөө л худал дуулиантуулан магтаж, алдаршуулж, тахиж шүтүүлдэг байж шүү хээ. Энэнийг өнөөдөр хүн төрөлхтний мэдлэг, боловсролтой хэсэг нь таньж мэдчихээд байна.

 

Цааш цаашдаа аливаа луйвар, булхай, заль, мэх, бүх төрлийн хуурамчлал ямар ч ирээдүйгүй, үнэнд дорхноо л гүйцэгддэг, илчлэгдэж шившгээ хутгадаг болох нь ч тодорхой танигдаж, тогтоогдчихоод байгаа билээ. Шашин болон бүх төрөл, хэлбэрийн хоосон суртал яаж ч шинэчлэгдээд нэмэргүй, нийгмийн амьдралаас шахан зайлуулагдах нигууртай.

Эцэст нь анхааруулж хэлэхэд “Монголчууд бид чинь улс төр-эдийн засгийн хувьд Манж-хятадад колончлогдож, харин оюун санаа-эдийн засгийн хувьд Төвдөд колончлогдож байсан юм гэж адилтган, дүрслэн хэлж болохоор амьдрал, оршихуйг туулсан юм” гэдгийг мартаж огт болохгүй. Худал, хуурмаг, амьдралд хэрэгжих бололцоогүй үзэл сурталд /шашин, марксизм-ленинзм г.м/ хөтлөгдөх нь оюун санааны амьдралын колончлолд байна гэсэн үг юм. Шашин сурталд хэт автагдсанаар оюун санааны төөрөгдөлд ч ордог, дагалдаад эдийн засгийн мөлжлөгт ч автагддаг нь нэгэн жам хууль ажээ.

Шашны ховсдол, төөрөгдөлд автсан ард түмэн улам л уруудаж, доройтсоор мөхөл, сүйрэлд ордог нь түүхээс үлдсэн баримт, мартаж боломгүй сургамж юм.

Манж нар, төвдүүд, мөн хятад түшмэдүүд хоорондоо сүлбэлдэн тохиролцоод шарын шашныг Монголын бүх нутаг газарт бодлогоор хүчлэн дэлгэрүүлээд зогссонгүй ном эрдэмтэй гэгдэж шүтэгдсэн төвд лам нарын хойд дүрүүдийг тодруулж Монгол дахь томоохон сүм, хийдүүдийг байнгын амьд бурхад, хутагт, хувилгаадтай болгож чаджээ. Хойд дүрээр тодорсон балчир насны хөвгүүд сүсэгтэн олны өргөл барьцыг аваад хариуд нь гараар болон хонхны очир, судар тэргүүтнээр адис хүртээж сууж байх болжээ. Чингэснээр жасуудын хөрөнгө байнгад л нэмэгдэж, лам нар ч малчин ардуудаар тэжээлгэн төвд ном цээжлэн сууцгааж байх болсон түүхтэй. Жирийн нэгэн балчир хүүхдийн гараас адис авах нь хэр их учир, утгатай байх билээ. Харамсалтай нь иймэрхүү нөхцөл, байдал эргээд давтагдах төлөвтэй болчихлоо. Хоёрдохоо, тэр тусмаа XXI зуунд, дахин давтан хууртах хэрэг байгаа гэж үү?...

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав