С.Бүжин

Ерөнхий сайдын эхний зорилт биеллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн амаа цар тахлаас хамгаалах вакцинжуулалтыг эрчимтэй хийж байна. Шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилго ковидгүй зуны төлөө хүн амаа вакцинжуулах байв. Энэ зорилгодоо Засгийн газар эхний 100 хоногтоо хүрч байна. Тодруулбал, Монгол Улсын нэг сая иргэн вакцины эхний тунд хамрагдлаа. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50 хувь вакцины нэгдүгээр тунг хийлгэж буй юм. Өчигдөр гэхэд нийслэлийн хэмжээнд 50 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагджээ. Орон нутагт энэ ажил эрчээ авч байна. 

Түүнчлэн манайх 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарласан байна. Гуравдугаар сарын дунд гэхэд Лаос, Тайланд, Сингапур, Филиппин улсаас доогуур түвшинд явж байжээ. Харин дөрөвдүгээр сарын дундаас улсынхаа иргэдийн 30 орчим хувийг вакцинжуулсан Сингапурыг гүйцэж түрүүлжээ. 

Бусад улс орны хувьд вакцинжуулалт 10-аас доош хувьтай байгаа юм. Шинэ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Засгийн газар эхний 100 хоногт багтаан энэ ажлыг хийнэ” гэсэн нь ийн биеллээ оллоо. Дэлхийд вакцин хомсдолтой байхад улсынхаа бүх хүнд хийх 4.2 сая тун вакцины нөөцөө Засгийн газар бүрдүүлэх гэрээ хэлэлцээр хийжээ. Одоо татан авалт үргэлжилж байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН