Коронавирусийн халдварын тохиолдлын тоо өдөрт 2000 даваад байна. Манай улсад өчигдрийн байдлаар 83128 тохиолдол батлагдаж, 389 хүн амиа алдав. Одоогоор коронавируст халдварын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэл байхгүй байгаа ч манай улсын хувьд халдварыг тогтоон барих, өвчтөнүүдийг эмчлэхэд витамин Д, Ц, арбидол зэрэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болох талаар Эрүүл мэндийн яам зөвлөж буй юм.

Арбидол эмийг эмчилгээнд өргөнөөр хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор үнэ нь нэмэгдсэн талаар иргэд шүүмжлэл өрнүүлсэн. Тодруулбал, 6000 төгрөгөөр зарагддаг байсан тус эм 40 мянган төгрөг болсон талаар иргэд мэдээлсэн юм.

Манай улсад аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ихсэхэд үнэ нь дагаад хэд дахин нэмэгддэг жишиг тогтоод удаж байна. Анх коронавирусийн халдвар Хятадын Ухань хотод дэгдлээ гэх сургаар маскны үнэ хэд дахин нэмэгдсэн түүх ч бий. Иймд арбидол эм, ижил төсөөтэй эмийн үнэ нэмэгдсэн эсэх талаар сурвалжиллаа. Бөмбөгөр худалдааны төвийн замын эсрэг талд байрлалтай эм ханган нийлүүлэх төвийг зорин очлоо. Эм ханган нийлүүлэх “Фарм трейд”, “Их төгөл”, “Тэгш-Анар” эмийн сан, төвүүдэд арбидол эм зарагдаагүй байв. Тус төвүүдийн эмийн санчид “Манай эмийн санд ирдэггүй, нийлүүлээгүй удаж байна” гэх тайлбар өглөө. Харин “Цагаан овоо фарм” эмийн сан БНХАУ-аас импортоор нийлүүлсэн арбидол эмийг нэг хайрцаг /20 ширхэг, 100 мл/-ийг нь 33000 төгрөгийн үнээр худалдаалж байлаа.

Эмийн үнэ эрс өссөн шалтгааныг эмийн санчаас тодруулахад “Манай эмийн сан өөрсдөө импортоор оруулж ирдэггүй. “Монос” эмийн сангаас хэдэн хайрцгийг худалдан авч, борлуулж байна. Үнэ нь манайд ирэхдээ нэмэгдэж ирсэн” гэх тайлбарыг өглөө. Мөн Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд байрлалтай “Агар фарм” эмийн сан руу очив. Тус эмийн санд ОХУ-аас оруулж ирсэн арбидол эм хайрцгаараа 43000 төгрөгийн үнэтэй байв. Эмийн санч “Өмнө нь арбидол манайд ирж байгаагүй. Саяхнаас нийлүүлж байна. Үнэ хэр их нэмэгдсэн талаар мэдэхгүй” гэлээ. “Монос” эмийн сангаас ковидын эсрэг багцыг худалдаанд гаргасан байна. Тус багцад аспирин, арбидол, витамин Д, Ц, септидин, витагрипп орох ба 51400 төгрөгөөр худалдаалж буй юм. Арбидол эмийг дангаар нь 38800 төгрөгөөр зарж байлаа.

Эмийн үнийн өөрчлөлтийн талаар “Монос” эмийн сангаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 2021 онд Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаас 12 нэрийн Умифеновир, Фавипиравир, Ремдесивир гэх вирусийн эсрэг эмийг импортлох зөвшөөрлийг 15 эм ханган нийлүүлэх байгууллагад Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон байна. Үүний дагуу энэ оны эхний зургаан сарын байдлаар вирусийн эсрэг Умифеновир 100 мл эмийг 2.1 сая ширхэгийг, 200 мл эмийг 995 мянган ширхэгийг импортоор оруулжээ. Фавипиравир эм 750 мянган ширхэгийг, Ремдесивир эмийг 12200 ширхэгийг импортолсон талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн юм. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад эмийн нөөц Умифеновир 306 мянган ширхэг, Фавипиравир 200 мл 287 мянган ширхэг, Ремдесивир 100 мл тариа эмийн нөөц 3941 ширхэг байна гэв.

 

ХАЛДВАР АВСАН ИРГЭД ЭМЧИЛГЭЭНДЭЭ 500 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Коронавирусийн эмчилгээнд арбидол эмийг найман цагаар буюу хоногт гурван удаа уух заалттай. Тэгэхээр 20 ширхэг эмийг долоо хоногийн хугацаанд уух юм. Халдвар авсан хүн хамгийн багадаа 14 хоног, цаашлаад нэг сарын хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой. Энэ хугацаанд тус эмнээс хоёроос гурван хайрцгийг ууна гэж үзвэл 120 мянган төгрөгийг зөвхөн энэ эмд зарцуулах юм. Мөн витамин Д, Ц, Лидер-7, Зову-8 зэрэг олон төрлийн ардын эмчилгээний тан, аспирин нэмэгдэнэ. Гэр бүлээрээ вирусийн халдвар авсан тохиолдолд дээрх үнэ хэд дахин үржигдэнэ. Ажил орлогогүй, гэртээ хоёр жил суусан иргэд эдгээр эмийг авахад асар их хүндрэл, бэрхшээл тулгарч байна. “Ковид 19” өвчний халдвар аваад эдгэрсэн Ж.Ганчимэг “Арбидол эмийг 43 мянгаар, витамин Ц-г 48000, витамин Д-г /4000гр/ 29000, Мана-4, Норов-7 танг тус бүр 4500 төгрөгөөр 15 хоног хэрэглэсэн. Олон удаагийн давталттай аваад байхаар нийлээд бараг 500 мянган төгрөг хүрсэн. 

Эдгэрсэн үгүйгээ мэдэхийн тулд рентген зураг авахуулж шалгуулна гээд маш их мөнгөний хэрэг гарсан. Өвчнөөр далимдуулж эмийн үнэ тэнгэрт тулчихсан байна. Эм авахад байгаа хэдэн төгрөгөө зарцууллаа. Ажил, орлогогүй гэртээ тусгаарлагдсан. Олон ам бүлтэй айлд бүр хэцүү. Төр засагт иргэддээ анхаарал хандуулж байгаа зүйл огт алга” гэлээ.

ТЭЭВРИЙН ЗАРДАЛ, ЦАГ ХУГАЦААНААС ШАЛТГААЛЖ ЭМИЙН ҮНЭ ӨССӨН

Вирусийн эсрэг эмийн үнэтэй холбоотой асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын өгсөн мэдээллээр Арбидол, Фавипиравир эмийн нөөц хангалттай байгаа ч Ремдесивирийн нөөц дэлхий дахинд хомстолтой байгаа тул хангалт муу байгаа ажээ. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханаас арбидол эмийн үнэ нэмэгдсэн шалтгааныг тодрууллаа. Тэрбээр “Зөвшөөрөл авсан 15 байгууллага вирусийн эсрэг эмийг оруулж ирэхэд хүндрэлтэй зүйлүүд тулгарч буй талаар мэдээлсэн. Учир нь ОХУаас эм импортолж тээвэрлэхдээ Орос-Турк-Сөүл-Улаанбаатар гэсэн чиглэлээр дамжин ирж байгаа тул тээврийн зардал гурваас дөрөв дахин нэмэгдсэн.

Харин БНХАУ-аас оруулж ирэхэд хил дээр 30-40 хоног хүлээгдэж, тээврийн зардал тав дахин нэмэгдсэн. Мөн Хүний эмийн зөвлөлөөр “Ач-Үр” компанид нэг удаагийн лицензийн зөвшөөрлийг олгосон. Лицензийг олгохдоо зах зээлд хиймэл хомстол үүсгэхгүй байх, үнийг хөөрөгдөл гаргахгүй байх шаардлага тавьдаг. Тус компани 100 мл-тай нэг ширхэг арбидол эмийг 899 төгрөгөөр, 200 мл-тай нь 1799 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлж байгаа. Эмийг оруулж ирэхэд олон шат дамжлагаар дамжиж байгаа тул ачаа тээврийн үнэ гурваас дөрөв дахин нэмэгдсэн талаар мэдээлэл өгсөн. Мөн үйл ажиллагааны зардал, эмийн үйлдвэрлэгч компанийн заасан үнэ, тун хэмжээнээс хамаараад өөр өөр байдаг. Эдгээр шалтгааны улмаас эмийн үнэ нэмэгдэх болсон. 

Арбидол эмийн тухайд, Эрүүл мэндийн яамны шилэн дансан дахь мэдээллээр нэг таблетк эм 890 гэж тооцоход тухайн эмийн хайрцаг дахь үнэ гардаг.Үүнд зарим төөрөгдөл гардаг. Жишээ нь, зарим эм нэг ширхэг нь 1050 төгрөг болбол хайрцгаараа 21 мянган төгрөг. Энэ мэтчилэн хайрцаг, тун хэмжээтэй холбоотой төөрөгдөл, үл ойлголцол гарсан байх магадлалтай. Бидэнд импортоор орж ирж буй эмийн үнэ бий. Үүнд бид тухайн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл, хэрэглэгчдийн гарт хүрэх үнийн дээд хязгаарыг ярилцаж байна. Эмийн тухайд, үйлдвэрлэгч компаниас хамаарч тухайн эм тун хэмжээнээс хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Иймд бид ААН болгонтой эмийн үнийг нэг бүрчлэн ярилцаж хэрэглэгчдийн гар дээр очих дээд үнийг хамтарч шийднэ.

Хэрэв аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдөл гаргавал торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно. Бидний зүгээс эмийн сан бүр арбидол эмийг харилцан адилгүй үнээр зарж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтарч үнэ нэмэгдсэн асуудлыг шалгаж байна. Хамтарсан шалгалтын дүн хоёроос гурван хоногийн хугацаанд гараад дүн судалгааг танилцуулах болно” гэв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр арбидол эм ойролцоогоор нэг таблетк нь 21 мянган төгрөгөөр борлуулагдах боломжтой юм. Гэвч эмийн сангууд тээврийн зардал нэмэгдсэн гэх үндэслэлээр 33- 43 мянган төгрөг хүртэл нэмж борлуулж байна. Тодруулбал, эмийн сангууд арбидол эмийг 10-20 мянган төгрөгөөр нэмж борлуулж буй ажээ. Үүнд төрийн байгууллагын хяналт шаардлагатай байна. Түүнчлэн иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төр засгаас эмийн тусламж, дэмжлэг үзүүлдэггүй юмаа гэхэд эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөнгөлөлт үнээр эм худалдаалах шаардлага тулгарч байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН