Цар тахлын улмаас ирэх есдүгээр сарын 1-нд бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг эхлүүлэх эсэх тодорхой шийдвэр гараагүй байна. 
 
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.07.30/ хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Манай яам Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад 9 дүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэх талаар заавар зөвлөмж удирдамжийг боловсруулж эхэлсэн.

Тухайлбал хүүхэд хичээлийн цагаар халуурвал ямар арга хэмжээ авах, гурван ээлжийг хэрхэн зохицуулах талаарх зөвлөмжийг бэлтгэж байна. Нэг ангийн 40 хүүхэд байлаа гэхэд 20 хүүхэд гэрээсээ цахимаар, үлдсэн нь танхимдаа ирж суух зэргээр хичээллүүлж анги дүүргэлтээ шат дараатай нэмэгдүүлээд явах хувилбар байгаа.

Боловсролын байгууллагын үйл ажиллагааг аль болох эхлүүлэх тал дээр хоёр яам хамтран ажиллаж байна” гэлээ.