Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Э.Одбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэв.

Прокуророос гаргасан саналыг хянахад үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.

Тодруулбал түүнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.