--- Крипто өвөл тохионо гэв үү ---

Б.БАЯРТОГТОХ


Шинээр эхлүүлсэн бизнесийн 90 хувь нь бүтэлгүйтэж, үлдсэн цөөхөн хувь нь амжилттай үргэлжилдэг гэсэн судалгаа бий. Энэ жишгээр бол гарч байгаа койн болгон алдар нэрээ мандуулахгүй. Өөрөөр хэлбэл, 100 койн тутмын 10 нь үлдэж, бусад нь зах зээлээс арчигдана гэсэн үг.

Бодит хэрэглээ байхгүй бол койны насжилт тэр хэрээр богиносож таарна. Дэлхийн жишгээс харахад ихэнх койны амьдрах хугацаа зургаан сараар хэмжигдэж байна. Тухайн койны төлөвлөж буй төсөл нь амьдрал дээр хэрэгжих эсэх мөн л эргэлзээтэй. Тиймээс нөгөө талд хөрөнгө оруулагчдын хэдэн хувь өгөөжөө өгөх хүртэл нь койноо хав дарсан чигээрээ хүлээж чадах бол... Тэвчээр шалгах хүлээлт энэ. Сэтгэл зүйн хувьд ч амар биш.

Огцом өсөхөөр нь цөм хийнэ гэсэн хүсэлтэй хүмүүс өдөр болгон цаг агаарын мэдээ харахтай адилхан койны ханшаа шалгана. Энэ нь дадал зуршил болон тогтож байна. Үүнээс болоод нойргүйдсэн гэх хүмүүс ч байсан. Нэг ёсондоо хэт автсан. Шинэ он хоног хоногоор ойртон буй баярын энэ өдрүүдэд хүмүүс алдагдал хүлээгээд ч хамаагүй хэрэглээгээ хангахын тулд койноо мөнгөжүүлнэ. 

Өнөөдөр нийт бэлэн мөнгөнийхөө 37 хувийг крипто зах зээл оруулчихсан хүмүүс бусдаас зээлэх эсвэл ломбард руу зорихоосоо өөрт хамгийн ойр крипто биржийн хэтэвчээ л цэнэглэнэ. Ийм нөхцөлд зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар койны ханш сулрах эрсдэл үүснэ. Богино хугацаанд өндөр ашиг л эндээс олохын тулд оролцогчдын дийлэнх нь орсон. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд дотоодын зах зээлд гарсан койны ханш нэг л базаасангүй. Дорвитой өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдаа урамтай гэгч баярлуулсангүй. Үргэлж өсдөг хөрөнгө оруулалтын хэрэгсэл ч гэж байхгүй. Өсөлт, уналт давтагдана. Койны нийлүүлэлт манай улсад сүүлийн хоёр сар эрс нэмэгдсэн. Сонголт хийхэд улам хэцүү болсон. Крипто зах зээлийн үнэлгээ өнгөрсөн амралтын өдрөөс хойш олон улсад буурч байна. Крипто өвөл айсуй хэмээн зарим шинжээч үүнийг дүгнэн бичив. Зах зээлийн сэтгэл зүй хэлбэлзэж, хөрөнгө оруулагчид эрс­дэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгс­лээс зугуухан татгалзаж, худалдан авалт хийхээс эмээх болов. 

Инфляцын огцом өсөлтөөс үүдэн АНУ тэргүүтэй улс орнуудын төв банк бодлогын хүүгээ аажмаар чангалах, мөнгөний нийлүүлэлтээ хумих чиглэл барьж эхэлсэн. Энэ нь ногооноор эргэлдэж байсан крипто зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж байна. Крипто зах зээлийн савлагаа түр зуурынх биш бололтой. Цаашид ч үргэлжилж болзошгүй юм. 
Монгол Улсад крипто зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 53 хувь, даатгалын компаниудын орлогын 995 хувь, банк бус санхүүгийн байгууллагын олгосон зээлийн 103 хувьтай тэнцэх хэмжээ юм. Богино хугацаанд огцом тэлэлт явагдсаныг эндээс харж болно. Одоо хууль эрх зүйн асуудал маш эрчимтэй яригдаж байна. Нийгмийн, зах зээлийн захиалга ч гэж хэлж болохоор.

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хурлаар мягмар гарагт хэлэлцэж,  гишүүдийн олонх нь дэмжсэн. Одоо нэгдсэн чуулганд танилцуулах л дутуу. Үүний дараа их зүйл тодорхой болж ирнэ. Дарамт, шахалт, төрийн хүнд суртал ч амилаад ирж мэднэ. 

Хэрэв УИХ дэмжлэг үзүүлж чадвал Монгол Улс виртуал хөрөнгийн тухай хуультай анхдагч улсуудын нэг болж магадгүй. Насанд хүрэгчдийн 30 хувь, ажил эрхлэгчдийн 50 хувь ямар нэгэн крипто койн, токеныг дунджаар дөрвөн сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн статистик бий. Крипто зах зээлийг зохицуулах хууль гарахаас өмнө амжих гэсэн койнууд шил шилээ даран яаран мэндэлж байгаа. Эдгээрт хөрөнгө оруулалт хийхийг ухуулсан сурталчилгаа олон нийтийг ч тасралтгүй нүдсээр. Нугарсан ашиг, огцом өсөлт л хүмүүсийн нүдэнд харагдаж байгаагаас эрсдэлийн талаар сануулах нэгэн цөөн байна. Эрсдэл даах хэмжээгээрээ л энэ зах зээлд нэвтэр гэж зарим тоглогч сануулж байгааг үгүйсгэхгүй. 

Монголд өнөөдөр 22 крипто бирж үйл ажиллагаа явуулж, нийт 65 койн худалдаалагдаж байна. Эдгээрээс 22 нь анхдагч захиалга авсан, 16 нь арилжаалагдаж буй бол 27 нь хүлээгдэж байгаа аж. Анхдагч захиалгын дүн 339 тэрбум төгрөг бол хоёрдогч зах зээлийн арилжааг тооцох боломжгүй. Ойролцоогоор 7-10 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн гэх таамаг л байна. 

2021 он криптогийн жил болон өнгөрч буй. Ар араасаа гарах койны урсгалыг зогсоох арга байхгүй. Хууль гарсны дараа ч үргэлжлэн койн шинээр гарах нь дамжиггүй. Харин бирж л эдгээрт хамгийн том босго, шалгуур нь болохоор байна. Биржээр дамжуулан крипто зах зээлийн бүтээгдэхүүн болгоныг эрэмбэлж, ангилах боломж байна. Өөрөөр хэлбэл, крипто бирж байна гэдэг өөрөө асар том хариуцлага, нэр төр, итгэл үнэмшил, зах зээлийн хөгжлийг хамгаалах тулах багана байх нь. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гарснаар биржийн хариуцлагын тогтолцоо илүү боловсронгуй болно гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ зөвхөн эрх зүйн орчин бүрдсэнээр асуудал бүрэн цэгцрэхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, крипто биржүүд олон нийтийн виртуал хөрөнгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, таниулах ажлаа улам сайн хийх хэрэгтэй болж байна. Судалгаагаар, криптовалютын арилжаанд орол­цож буй иргэдийн хувьд 42 хувь нь өөрийгөө анхлан суралцагч гэж үзэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд крипто зах зээл олон улсад 143 дахин өссөн хэдий ч энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байлаа. Ялгаагүй манай улсад ч харанхуй буюу сургаар шахам крипто зах зээл рүү насаараа хуримтлуулсан хад­га­ламжаараа эсвэл зээл аваад зарим нь орж байна. Койны арилжаа руу идэвхийлэн орсон нь биднийг крипто үндэстэн болгож чадсан. Дэлхийн аль ч улстай харь­цуулахааргүй хэмжээнд крипто нэвт­рэлт явагдсан нь онцгой үзэг­дэл. Сайн, муу гэж дүгнэх нь боломжгүй. 

Криптовалютын арилжаанд оролцогчид оруулсан хөрөнгөө 49 хувь нь цалингаасаа бага багаар хөрөнгө оруулсан бол 41 хувь нь өөрийн хадгаламжаа ашиглан хөрөнгө оруулжээ. 16-22 насны оролцогчдын хувьд 43 хувь нь өөрийн хадгаламжаа ашиглан криптовалют, койнд хөрөнгө оруулсан гэсэн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн судалгаа байна. Криптовалютын арилжаанд оролцохдоо 1 сая болон түүнээс доош дүнгээр орсон хүмүүсийн дундаж хөрөнгө оруулалт 362 мянга бөгөөд 1 саяас дээш дүнгээр орсон хүмүүсийн дундаж хөрөнгө оруулалт нь 12 сая төгрөг байна. Харин насны бүлгийн хувьд 23-30 насны бүлэг хамгийн өндөр дүнгээр хөрөнгө оруулжээ. Нүд ирмэх зуур крипто зах зээл манай улсад цэцэглэсэн. Одоо харин өрсөлдөөний хуулиар зарим нь амь тавьж, үлдсэн нь урагшлах сонголттой нүүр тулж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН