Н.БАТ

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай гэх урт нэртэй хуулийн талаар уншигч та нэг биш удаа сонссон байх. Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ сарын 13-нд болсон шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ихэд бухимдан “Нийтийн тээврийг шинэчлэх, автобусны худалдан авалтууд ирэх оноос эхэлнэ. Нөгөө 60 автобус байхгүй. Манай төрийн худалдан авах хуулийн эрхзүйн зохицуулалтын лойдор байдал нь энэ. Явуулчих гээд зөндөө үзлээ явдаггүй ээ. Нэг хөгийн хоёр гурван компанийн шуналын дэв шүгэлсэн хүмүүсийн шуналаас болж, өнөөдөр бүх л бүтэн нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаа гачигдал дутагдалд ороод байна. Шуналын туламнууд шүү дээ. Зарим аж ахуйн нэгжүүдийг би үнэндээ үзэн ядаж байгаа.  Тэгээд шүүхдэнэ. Сангийн яам руу бичиг явуулна, Авлигатай тэмцэх газар руу явуулна. Бие биенээ матна. Би авах ёстой гэж орилно. Эргээд нийслэлийн 1,5 сая иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг аятайхан автобусаар үзүүлье гэдэг ажил талаар болно. Одоо энэ LRT болоод хурдны зам мөн ялгаагүй. Чадахгүй мөртлөө чаддаг царайлдаг улсуудаар дүүрсэн. Тийм учраас хуулийн хэлтэс Мөнх-Эрдэнэ дарга, Батмөнх зөвлөх бусад зөвлөхүүд бүгд ажиллаад, тендерийн хуулинд онцгойлон өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулахгүй бол бидний энэ ажил унана угаасаа. Угаасаа унагаана. Бүтээн байгуулалтын ажил 2022 онд хийгдэхгүй бол 2023 онд амжихгүй. Энэ нэг заваан  хуулиас болж.

Хуулин дээр тоглодог заваарсан новшийн компаниудаас болж бидний ажил унана. Тэгээд удирдаж байгаа удирдлагууд нь юм зохион байгуулж чадаагүй гэдэг хогийн нэр зүүдэг. Буцаагаад иргэд нь хүртэх ёстой бүтээмж чанар стандарт хангасан зүйлүүдээ хүртэж чаддаггүй. Өнөөгийн Монголын бас нэг том эмгэнэл энэ. Тэгээд тендерийн хуулиар хамгийн хогийн нь хамгийн хогийн, хогийн, хогийн хямдхан юмыг авчирч шахдаг” хэмээн ярьсан. Өмнө нь тэрбээр энэ асуудлаас болж Сангийн яам болоод тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг буруутгаж ширүүхэн маргаад авсан. Сангийн яамны зүгээс “Нийслэл өөрөө захиалагч, тендерийн баримт бичигт тавигдах шаардлагаа өөрсдөө боловсруулдаг, хуулийн бүх эрх өөрт нь бий. Захиалагчийн хариуцлагатай холбоотой асуудал. 2020 онд нийслэлийн тендертэй холбоотой 22 гомдол ирсний 16 нь хууль зөрчсөн, 2021 он гарснаар 9 гомдол ирсэн бүгд хууль зөрчсөн байсан. Тиймээс нийслэл худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу зөв шударга явуулах шаардлагатай” гэсэн хариулт өгч байлаа.

 

Яагаад хууль зөрчдөг вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яагаад зөрчдөг вэ? Хуулийн чухам ямар заалт нь болохгүй байгаа юм бэ? Төрийн байгууллагуудаас нийтлэг ямар зөрчил илэрдэг вэ гэдгийг Үндэсний Аудитын газраас лавлалаа.

Аудитын III  газрын дарга Д.Энхболд:

-Худалдан авах ажиллагааны тухай хуулийг тусгайлан авч үзэж аудит хийдэггүй ч  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, санхүүгийн аудит хийх үедээ шат шатанд нь энэ хуулийн, энэ заалт болохгүй байна гэдэг чиглэлээр зөвлөмж өгч ажилладаг. Аудитын тайлан  тус бүрийг харах шаардлагатай тул яг аль заалтанд гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө  энэ хууль дээр онцлох асуудлыг тухайн аудитынх нь тайлангаар өгөөд явж байгаа.

Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг:

-Худалдан авах ажиллагааны тухай хуулийг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил байгууллага бүр дээр аудитаас илрүүлдэг. Гол нь төсөв батлагдах, эцэслэн хууль болж гарах процесс, сарын дараа олон нийтэд мэдээлэх гээд Төсвийн тухай хууль маань өөрөө цагалбартай хэрэгжээд явдаг. Хүндрэл нь юунд байгаад, юу нь зөрчигдөөд байна вэ гэхээр манайх дөрвөн улиралтай орон. Тендерээ эрт зарлаагүйгээс болж, төсөл арга хэмжээ нь хойшлогдох, Төсвийн хууль нь батлагдсан  ч төсвийн жилдээ ажил нь хийгдэхгүй байх нь элбэг байна. Жишээ нь, Барилга гэхэд тендер шалгаруулалт сунжирснаас баригдахгүй хойшлох гэх мэт. Байгууллага маань төсвөө захиран зарцуулахдаа өөрсдөө худалдан авах ажиллагааны хуулиа яаравчилсан маягаар, нээлттэй тендер зарлахгүй шууд гэрээ байгуулах зөрчлүүд байсаар байгаа. Аудитаас ч анхааруулсаар байна. Өнөөдөр жишээ нь Соёлын яамны санхүүгийн тайлангийн аудитыг өглөө нээсэн.

Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд маань “соёлын үнэт зүйлийг худалдаж авах болдог. Соёлын үнэт чухал зүйл маань хэдхэн хүний гар дээр байдаг. Нээлттэй тендер зарлахаар тэд нь оролцдоггүй” гэх зэрэг асуудал тавьж байна. Хуультай холбоотойгоор салбар бүр дээр онцлог шийдэх асуудал байна гэдгийг хэлсэн. Шинэ хуулиараа санхүү дээр +нийцэл гэж үздэг болсон учраас бид тэр талаас нь Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөх ёстой юм байна гэдгийг олж харсан.

Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням:

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль дээр бид удаа дараа саналууд хүргүүлж байгаа. Ялангуяа хугацааны хувьд. Тендер шалгаруулалтын хугацаа бидний тооцсоноор хамгийн багадаа 160 хоног зарцуулдаг. Ийм урт хугацааг зарцуулахаар манайх шиг улирлын шинж чанартай улсад авто зам барилгын ажлууд тендерээ хүлээсээр байгаад хамаг цагаа алддаг.  Тиймээс хугацааны хувьд үнэхээр анхаарах  шаардлагатай байна.  Тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш сонгон шалгаруулалт нь явагдсаар байтал ажил хийх хугацаагүй болчихдог. Энэ хугацааны асуудлыг шийдэхийн тулд өмнөх онд нь тендерээ зарлаад төсөв нь батлагдангуут санхүүжилтээ өгөөд явах талаар бидний зүгээс удаа дараа санал хүргүүлж ажиллаж байгаа. Мөн Төрийн болон албаны нууцтай холбоотой зарим худалдан авах ажиллагаа нууцын зэрэглэлтэй явдаг. Энэ нууцын зэрэглэлтэй яваа нь хуулиндаа нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тодруулах үүднээс холбогдох байгууллагад нь асуулга хүргүүлсэн. Дээр нь худалдан авах ажиллагааны үед  их гардаг зүйл бол гомдол маргааны асуудал. Ялагдахаараа гомдол гаргачихдаг. Ингээд гомдол гаргахаар нөгөө ажил нь дараагийн хүнд нь очдоггүй, өөрт нь ч очдоггүй. Ажлыг бүрэн гацаагаад орхидог. Энэ гомдол маргааны  ажлыг хэрхэн шуурхай шийдэх талаар холбогдох газрууд Сангийн яаманд нь удаа дараа саналууд хүргүүлж ажиллаж байна.

Аудиторуудын ярианаас харахад ТБОНӨХБАҮХАТ хууль нь улирлын чанартай ажлыг хийх боломж үнэхээр олгодоггүй. Дээрээс нь өргөдөл гомдлоос үүдэн түмэн асуудал үүсч, ахиад л тодорхойгүй хугацаа, тодорхойгүй байдал. Ёстой Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэлснээр удирдаж байгаа удирдлагууд нь юм зохион байгуулж чадаагүй гэдэг хогийн нэр зүүдэг бололтой.

 

Хуулийг хэрхэн шинэчлэх вэ?

2005 оны 12 дугаар сард батлагдсан энэхүү хуулийн 2011, 2014, 2016, 2017, 2019, 2020 онд гээд сүүлийн жилүүдэд  тогтмол нэмэлт өөрчлөлт хийхээр байгаа аж. Гэсэн хууль өнөөдрийн цахимжсан бас цаг хугацаатай уралдсан нийгмийн шаардлагыг хангахгүй байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөөр байна. Хэрхэн өөрчлөх, ямар заалт нь болохгүй байгаа талаар  бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг хийж, хуулийн шинэчилсэн найруулгад санал ч авч байгаа юм. Энэ тухай тодруулахаар асуудал дагуулаад байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайвантай холбогдлоо. Тус газрын мэдээллээс харвал энэ онд нийслэлийн хэмжээнд 300 гаруй тендерийн төсөл арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм байна. 

 Г.Энхтайван даргаас нийтлэг тохиолдож байгаа бэрхшээл, хуульд шинээр оруулах өөрчлөлтийн талаар тодруулахад “Манайх бол гүйцэтгэгч байгууллага. Хуулийг шинэчлэх талаар Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тийм учраас Төрийн худалдан авах ажиллагааны газраас асуугаарай. Манай зүгээс бол энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Би хотын даргын ярьсан бэрхшээлийг л давтаж хэлнэ шүү дээ” гэлээ.Уг нь хотын дарга бэрхшээлтэй байна гээд байгаа боловч энэ хуулийн хаана нь ямар заалт нь болохгүй байгааг хариуцсан хүний амнаас сонсвол илүүтэй байх гэсэн боловч манай дээд байгууллагаас асуу гээд халгаасангүй. Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандвал “Ажлын хэсэг Сангийн яаман дээр төвлөрч байгаа тус яамтай холбогд” гэлээ. Ингээд Сангийн яаманд албан ёсоор хандаж, Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлстийн дарга Ц.Батзулаас энэ талаар тодруулах хүсэлт тавьсан боловч, эргээд хариу хэлье гээд таг болох нь тэр. За ямартай ч УИХ-ын 2021 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй юм чинь аажуурч, уужирч байгаад л өгөх байх гээд орхиё.

Харин НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэт­гэ­лийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалт өчигдөр болжээ. Сургалтад Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлт­сийн дарга Ц.Батзул “Хөрөнгө оруу­лалтын ажлыг зохион байгуу­лах чиглэлээр нийслэлийн хэм­жээнд анхаарах асуудал” сэд­вээр илтгэл тавьсан байна. Тэр­бээр “Нийс­лэлд газартай холбоо­той асуудал их гардаг. Газ­рын бэлт­гэл ажлыг хангах, чөлөө­лөх ажлыг өвлийн улиралд яарал­тай хийх шаардлагатай. Мөн тендер шалгаруулалтыг зо­хион байгуулахдаа хугацааг нь зөв тооцоолох, хуулийн хуга­цаан­­даа багтаах, худалдан авах ажиллагаатай холбоотой мэ­дээл­лийг хуульд нийцүүлэн ил тод мэдээлэх ёстой. Тендерт оролцогч­доос шаардах материалыг цөөлөх, төрд байгаа мэдээлэлд үндэслэн үнэл­гээ хийдэг болох хэрэгтэй байна” хэмээн энэ үеэр ярьсныг онцольё.

 

Тендер шалгаруулах арга, хугацаа өөрчлөгдөх үү

 

2021 оны долдугаар сард Ху­дал­даа аж үйлдвэрийн танхимд илгээ­сэн ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТ­ГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛ­ДАН АВАХ ТУХАЙ (Шинэчилсэн най­руул­га) хуулийн төслийг авч үзлээ.

Төрийн байгууллага болоод хяналтын байгууллага хоёрын хооронд зөрчил болоод байдаг Тендер шалгаруулалтын аргын хувьд ямар ч байсан өөрчлөхөөр тусгасан харагдлаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар Нээлттэй тендерээс гадна Тендер шалгаруулалтын онцгой журам буюу хязгаарлагдмал, харьцуулалт, гэрээ шууд байгуулах зэрэг аргаар шалгаруулалт явуулахдаа хамгийн багадаа ажлын тав хоног, ихдээ 30 буюу түүнээс дээш хоногоор хэмээн зохицуулсан байдаг.Харин шинэчилсэн хувилбараар Тендер шалгаруулалтын аргыг нээлттэй тендер, өрсөлдөөнт хэлэлцээ, үнийн санал цахимаар дуудах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ байгуулах гэх  зэргээр тусгасан байна. Хугацааны хувьд ажлын 15 хоногоос доошгүй ажлын тав хоног, ажлын гурав хоног гэх мэтээр тусгажээ. Гэхдээ ажлын хэсгээс яг ямар төсөл УИХ-д орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хамгийн харамсалтай нь цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ерөнхий сайдын Шинэ сэргэлтийн бодлогод нэг бус нэлээн хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил туссан учраас Төрийн албыг авлигаас ангид байлгахад хамгийн чухал зохицуулалт болсон энэ хуулийн шинэчлэл нэн чухал байгааг хаа хаанаа мэдэрч байгаа гэж итгэе.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН