Гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ.

Тухайн хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

"БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Зохион байгуулалттай бүлэг дээрэм хийсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих заалттай” гэв.

Хар баг зүүсэн тэд 45 настай хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Гэмт этгээдүүд 1980-1990 онд төрсөн, 32-42 насныхан байжээ.

Одоогийн байдлаар 1,1 орчим тэрбум төгрөг дээрэмдсэн гэсэн ч 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан байгаа. Яг хэдэн төгрөг байсныг бид шалгаж байна. Хэрэв үнэхээр 1,1 тэрбум гаруй төгрөг байсан бол үлдсэн нь хаана байгааг олж тогтооно. Шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хэрэг гараад дөнгөж нэг хонож байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эд мөрийн баримтаар мөн нэг ширхэг буу хурааж авсан нь үнэн. Иймд иргэд их хэмжээний мөнгийг биедээ бэлэн авч явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.