Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрээн хотод хатуу хөл хорио тогтоосон учраас өргөн царигийн галт тэрэгт бараа, бүтээгдэхүүн ачих ачилт зургаадугаар сарын 2-ноос зогссон. Монголын талаас өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсны 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо юм. Эрээн хотын шуурхай штабт хатуу хөл хорионы дэглэмийн үед Монгол руу нарийн ногоо, жимсний ачилт хийж өгөх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Хариу ирээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Эрээний талтай эхний ээлжид нарийн ногоо, жимс татах асуудлыг түлхүү ярьж байна. 

Түүнчлэн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд гаалийн бүрдүүлэлт нь хийгдсэн 200 чингэлэг бий. Эдгээр нь өнөө маргааш 20, 30-аараа орж ирж дуусна. Харин бүрдүүлэлт хийгдээгүй 200 чингэлэг ачаанд хэрхэн зохион байгуулалт хийх тухай асуудлыг ярьж байна.

Зургаадугаар сарын 7-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол 149 болж нэмэгдсэн ба үүнээс 48 нь шинж тэмдэггүй илэрсэн байна. Халдварын тархалтыг богино хугацаанд дарахын тулд Эрээний тал хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Бид үүнийг ойлгож хүлээж авах ёстой. Харин энэ хугацаанд яаж эвтэй байдлаар хил боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах вэ гэдэг дээр хоёр талаас харилцан зөвшилцөж, хэрэгжүүлнэ" гэдгийг онцоллоо.