Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн гэгээнтэн Далай Ламын амьдрал, үйлсийг толилуулах "Даян дэлхийн энэрэл хайр" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болох үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, номун хаан Д.Чойжамцтай товч ярилцлаа.

 

Дээрхийн гэгээн, XIV Далай ламын амьдрал, үйлсийн талаар гэрэл зургийн үзэсгэлэн Монголд гарлаа. Далай гэдэг цолыг Монголчууд өгсөн гэдэг. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

 

Бага хаадын үед Монголчуудын эв түнжин их муу байсан. Тухайн үеийн удирдагчид, хаад, ноёдууд бурхны шашны эвлэл, нигүүслийг авчрах зорилго тавьсан юм шиг байдаг.

 

Ингээд шашин залах газраараа Төвдийг сонгож, тухайн үеийн III Далай ламыг Монголын Түмэдийн Алтан хаан анхлан залж, багш шавь болон, улмаар Далай лам гэдэг цолыг хайрласан байдаг. Үүнээс хойш Далай лам гэдэг Монгол нэрээр дэлхийд алдаршсан.

 

Ялангуяа XIV Далай лам бол Далай гэдэг үгийг дэлхий нийтэд ойлгуулж, өөрийн нэр алдраар түгээн тархааж байна. Далай багш өөрөө Монголчуудын өгсөн Далай гэдэг нэрэнд би их дуртай байдаг гэж айлддаг. Тийм учраас Монголчуудын хайрласан энэ нэр Далай багштай хамт дэлхийн энхтайван, хүн төрөлхтөний сайн сайхан амьдралын төлөө зүтгэж яваа хүний алдар болсонд бид баярлаж, талархаж суудаг юм. 

 

Дээрхийн гэгээн, XIV Далай ламын амьдрал, түүхэн зам мөр нь бусад далай лам нараасаа ямар онцлогтой юм бол?

 

Дээрхийн гэгээн, XIV Далай лам бол бусдаасаа нилээн онцлогтой. Учир нь цаг үе, дэлхий ертөнц маш өөр болж өөрчлөгдсөн үед заларсан. Техник технологи, шинжлэх ухаан, материаллаг хөгжил дээд цэгтээ хүртэл хөгжиж яваа энэ үед бидэнд бие биенээ хайрлах, ёсзүйтэй, хүмүүжилтэй, тогтуун сайхан амьдрал хэрэгтэй байна. Том том хотууд бий болж, хүн амын нягтрал ихсэж байгаа энэ үед хүмүүсийн харилцаанд ч өөрчлөлт гарч байгаа.

 

Бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нигүүсэл, хайр, биенээ ойлгож мэдрэх, хайрлаж энэрэх, уучилж өршөөж чадах оюун ухаан болж байна.

 

Ийм үзэл санааг Далай багш дэлхийгээр түгээж, бурхан багшийн нигүүслийн сургаалийг түгээн тархаан, энэ замаар өөрийн бодисадын сайхан сэтгэлээрээ олон түмэнд хандаж байгаа явдал бол дэлхийн энхтайванд асар их хувь нэмэр оруулж байгаа явдал гэдэгт би итгэлтэй байдаг. 

 

Удахгүй Бурхан багшийн Их Дүйчэн өдөр болох гэж байна. Энэ өдрийг бид хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ?

 

Бурхан багшийн Дүйчэн өдрийг бурхны шашинтай бүх улс орнууд тэмдэглэж ирсэн. Нэн ялангуяа энэ удаагийн 3 том давхцал буюу Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаасаа гэтэлсэн ийм том Их Дүйчэн болдог өдөр юм.

 

Энэ өдөр бурхан багшийг дурсан санаж, түүний энэрэл нигүүсэл, бодит оршин тогтнолыг нь номлосон сургааль номыг нь сэргээн, өөрсөндөө тогтож, амьдралдаа хэрэгжүүлэх түлхэц өгсөн үйлээр өнгөрүүлж, хойшдын амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг нээдэг гэж бодож, санаж явдаг.

 

Энэ өдөр өөртөө буяны сэтгэлийг бий болгон, аль болох амьтанд тустай байж, энэрэл нигүүслийг түгээж, бусдыгаа хайрлан энэрч, бусадтайгаа зөв сайхан харьцаж, арван хар нүглийг тэвчин, арван цагаан буяныг дэлгэрүүлсэн өдөр болгохын тулд Монголын ард түмэн маань зориосой. Бидний үр хүүхэд болоод Монголчуудын амьдралд хамгийн хэрэгтэй зүйл бол энэ юм шүү. 

 

Ярилцсан М.Чойжал

sonin.mn