БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол иргэн бусдад зодуулж, нас барсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Ажилласан цалин хөлсөө авч чадаагүй, ажил олгогч нарын гурван хүнд зодуулж нас барсан гэх түүний цогцсыг гэрээс нь 20 гаруй хоногийн дараа олсон гэж мэдээлэгдэж байгаа юм.

Тэгвэл, энэ асуудлаар ГХЯ тайлбар өглөө. Үүндээ "Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энэ хэрэг өнгөрсөн онд БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод гарсан. Тухайн иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Солонгос иргэдэд зодуулж нас барсан эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сөүл хот дахь Элчин сайдын яам энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. 

Манай яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэжээ.