Үе үеийн армийн удирдлагууд "Цэргийн ангид нэгнийгээ дэглэх асуудал огт байдаггүй" гэж ам бардаж хэлдэг.

Гэсэн ч хугацаат цэргийн алба хаагчдыг яргалдаг хуучин нийгмийн үзэгдэл ардчилсан нийгэмд ч амь бөхтэй оршсоор л байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон залуус нас барах тохиолдол тасрахгүй байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагч “Н"-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарлаа. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд 40 гаруйхан хоногийн дараа амьсгал хураажээ. ЦЕГ-ын зүгээс "Задлан шинжилгээний хариу гараагүй байна" гэхээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.

Бид талийгаачийн ахтай ярилцлаа.

зураг

 

Өдрийн сонин

- Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

- Цэргийн алба хаахаар мордсон дүүгийн маань ходоод задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.

Ходоодыг нь тайрсан ч хугацаа алдсан гэх оноштойгоор амьсгал хураалаа. Тус ангийн удирдлагуудын зүгээс гаднын нөлөөгүй гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар хэлээд сууж байна. Миний дүүд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өвчин хэлдэггүй, эм тарианаас хол, цоо эрүүл хүүхэд цэрэгт явсан юм. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь үүнийг гэрчилнэ.

- Ар гэрийнхэн нь талийгаачтай сүүлд хэзээ уулзсан бэ?

- Тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсээд л, инээж хөхрөөд сууж байлаа.

Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь эрс муудаж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ.

16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн.

- Эмч нарын зүгээс ходоод задарсан шалтгааныг яаж тайлбарлаж байна вэ?

- Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө тайлбар өгөх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Дүүгээ эмнэлэгт хэвтэж байгааг нь харахад шарх, сорви харагдаагүй. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс "Ходоодыг нь тайрахаас арга байсангүй" гээд гарч ирж байсан. Тухайн өдөр идсэн хоол нь хэвээрээ л байна лээ. Эрүүл ухаанаар бодоход хордлого аваад задардаг ходоод гэж байхгүй биз дээ.

- Та хугацаа алдсан гэх зүйлийг онцолж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

- Цэргийн ангийн эмч нар нь оношоо зөв тодорхойлж шуурхай арга хэмжээ авсан бол миний дүү амьд гарах боломж байсан. Ходоод нь задраад удсан учраас дотор эрхтнүүддээ нөлөөлөөд нас барсан.

- Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд алба хаахаар явсан залуугийн ходоод задарсан шалтгааныг ангийн удирдлагууд нь юу гэж тайлбарлаж байна вэ?

- Ангийн удирдлагуудын зүгээс салатнаас хордсон гэж хэлж байна лээ. Эрүүл саруул хүүхэд салат идээд л ходоод нь задарна гэж байхгүй.

Мэргэжлийн эмч нараас тодруулахад архаг хууч өвчтэй, ходоодны шархлаатай хүний ходоод ингэж задарна гэх байр суурийг хэлж байна лээ. Ходоодны шархтай хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн алба хаана гэж байхгүй шүү дээ. Үүнд гадны нөлөө байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна.

- Та бүхэн тухайн ангийн камерыг шалгаж үзсэн үү?

- Зодоон нүдээний асуудал огт байхгүй гэдгийг ангийн удирдлагууд хэлсэн. Тухайн үеийн камерын бичлэгийг нь ч үзсэн. Зодолдож байгаа юм анзаарагдаагүй. Камерын өмнө хүн зодоод зогсож байна ч гэж юу байх билээ. Тухайн цэргийн ангид 16 камер байдаг юм билээ. Үүний хоёр нь ажиллахгүй байсан.

- Та өөрөө цэргийн алба хаасан уу. Тухайн үед дэглэлт байв уу?

- Би 2003 онд цэргийн алба хаасан. Цэрэгт дэглэлт байцаг. Цэргийн алба хаасан хэн ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Намайг алба хааж байхад газар хэвтүүлж байгаад л гэдсэн дээгүүр гүйчихдэг байсан. Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна. Ажил хийж ар гэрээ авч явах дүү маань өөд болчихлоо. Гомдолтой байна гэв.

ИХ ЭМЧ Б.ЗОЛБОО: ХҮНИЙ ХОДООД ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР Л ЗАДАРНА

Ходоод задрах шалтгааны талаар их эмч Б.Золбоогоос тодрууллаа.

- Хүний ходоод задрах ямар шалтгаанууд байдаг юм бэ?

- Ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон бол цоорч болно. Задарна гэсэн ойлголт бараг байхгүй. Ийм үед хүнс идэх ямар ч боломжгүй. Хүний ходоод гаднын нөлөөтэйгөөр л задарна. Хоол идсэн үед гаднаас нь цохих ч юм уу тийм нөлөөгөөр л хагарах боломжтой. Нэг бол хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уусан даруйдаа гаа хэрэглэсэн бол цоорч болно гэв.

ШИНЭ ЦЭРГҮҮДЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ УС УУЛГАЖ БАЙГААД ГЭДЭС РҮҮ ЦОХИДОГ ГЭВ

Шинэ цэргүүдийг ил харагдах шарх үлдээхгүйгээр зодож битүү гэмтэл учруулдаг, яргалдаг, ар гэрийнхнээс нь мөнгө нэхдэг гэх зэрэг дарамт цаг тутам учирдгийг цэргийн алба хаасан хэн бүхэн л онцолж байна. Шинэ цэргүүдэд цаг тутам сэтгэл санааны дарамт үзүүлж, ёс бус харилцаа үүсгэдэг, шийтгэдэг талаар ХЭҮК-оос гаргасан 2021 оны илтгэлд ч тодорхой дурджээ.

Тодруулбал, Жанжин штабын ... дүгээр ангийн нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны...сараас 2021 оны .... cap хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах. суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн...

...Зэвсэгт хүчинд ... Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан. цэвэрлэгээ муу хийсэн. цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн...

2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан. гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар өшиглөсөн, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан...

...Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагчдаа, ахлагчид хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ. тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л. толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй’ нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь "хоохордох" гэдэг.

Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн "тугны иш" гэдэг дэглэлт байдаг. Тэр нь rap дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих, эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх. эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав. аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг. тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд нэг км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө "авчихна", тэгэхээр нь дахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна" гэх зэргээр тайланд тусгажээ.