Зургаадугаар сарын 20-ны өдөр цахим сүлжээнд нэгэн хүү бусдад бүлэглэн зодуулж байгаа бичлэг тарсан билээ.

Уг бичлэгт гарсан хүү Техник технологийн коллежийн хоёрдугаар курсэд сурдаг ба тухайн бичлэгт түүнийг зодож байгаа цагаан цамцтай хүүгийн хуучин найз охинтой үерхсэн гэдэг шалтгаанаар зодсон байна. Уг хэрэг Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны 12 дугаар байрны тоглоомын талбайд гарчээ. Энэ талаар хүүгийн ахтай холбогдож тодрууллаа.

- Тухайн үед юу болсон талаар дүү тань ямар нэгэн зүйл танд хэлээгүй юү?

- Дүүгээ бусдад зодуулсан талаар би мэдээгүй. Биднээс нуугаад өнгөрсөн байна лээ.

- Дүүд тань гаднаас харахад ямар нэгэн бэртэл гэмтэл байсан уу?

- Ил харагдах шарх, улайлт хөхрөлт байгаагүй. Дүү маань ч өөрөө нуусан болохоор мэдээгүй өнгөрсөн.

- Та энэ талаар хэзээ мэдэв?

- Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгээс л үзэж мэдлээ.

- Дүү нь одоо хаана юу хийж байгаа вэ?

- Хичээлийнх нь амралт ч таарч хөдөө айлд мал маллахаар явсан.

- Цагдаагийн газартай холбогдоход бичлэгт гарсан хүүхдийг олж тогтоосон. Хэргийг шалгаж байгаа гэсэн. Тантай холбоо тогтоосон уу?

- Холбогдсон. Өнөөдөр (өчигдөр) дүүг маань хөдөөнөөс цагдаагийнхан авчирсан. Шүүх эмнэлгээр үзүүлээд эгчтэй цуг ирж яваа.

- Та бүхэн хүсвэл хууль зүйн үнэгүй өмгөөлөл үзүүлэх хуульч бий. Гомдол гаргах уу?

- Эгч, дүү хоёр Шүүх эмнэлгээс ирж яваа. Ирэхээр нь эгч, ах, дүүтэйгээ зөвлөлдөж байгаад гомдол гаргах эсэх, өмгөөлөгч авах эсэхээ шийдье.

- Дүү нь хотод нагац эгчийндээ байдаг гэсэн үү?

- Тийм. Бид ах, эгч нарынхаараа байдаг. Тухайн үед дүү маань манай нагац эгчийнд байсан. Байнга уулзаад байж чаддаггүй болохоор ийм хэрэг гарсныг мэдээгүй өнгөрсөн байна гэв.

Тухайн бичлэгт гарснаар хүүг зодож байгаа хүүхдүүд долуулаа байсан аж. Зодож байгаа цагаан цамцтай хүүг М гэдэг. "Сэтгэмж" цогцолбор сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө Япон-Монголын хамтарсан сургууль руу шилжжээ.

ТАНХАЙРАХ ЗҮЙЛ АНГИАР ЭРҮҮ ҮҮСЭХ ЁСТОЙ

Бичлэг хийсэн болоод хамт байсан хүүхдүүдэд ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох эсэх болон бүлэглэн танхайн хэрэг мөн эсэхийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Цолмоноос тодрууллаа.

- Та тухайн хүүхдийн зодуулж буй бичлэгийг үзсэн үү. Хууль зүйн үндэслэлээр тайлбарлан авч үзвэл ямар зөрчил илэрч байна вэ. Бүлэглэн танхайрсан гэмт хэрэг гэж үзэх үү?

- Үзсэн. Энэ нь тухайн хүүхэд хэр хэмжээний гэмтэл бэртэл авснаас шалтгаална.

Хэдий зодуулсан ч огт гэмтэл аваагүй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв гэмтэл учраагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь зүйлийн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан гэсэн үг.

Нийтийн эрх, журмыг бүлэглэн зөрчсөн үйлдлээрээ арга хэмжээ авхуулах ёстой. Энэ нь 1-5 жил хүртэлх хугацаагаар зорьчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялд дайчлагдах байх. Мөн хохирогч хүүхдийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гээд гэмтлийн гурван зэргээс ямар нэгэн бэртэл учирсан бол давхар зүйлчлэгдээд явдаг.

Энэ нь хөнгөн гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1 гэдэг зүйл анги давхар 20.16-тай зүйлчлэгдээд ялын хэмжээ өсөөд явна гэсэн үг. Уг бичлэгээс үзэхэд зодож байгаа хоёр хүүхдэд шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 буюу танхайрах зүйл ангиар эрүү үүсэх ёстой.

- Тэгвэл тухайн хүүхдийг зодуулж байхад туслалцаа үзүүлэлгүй харж суусан болон бичлэг хийж байгаа хүүхдэд эрүү үүсгэх ёстой юу?

- Одоогоор ямар нэгэн эрүү үүсгэх боломжгүй. Өмнөх 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед тусламж үзүүлээгүй, холбогдох байгууллагад мэдээлэл өгөөгүй тохиолдолд хариуцлага тооцдог байсан. Харин 2015 оноос дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан хуульд харж зогссон хүүхдүүдэд цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүйгээс болж арга хэмжээ авхуулна гэсэн зүйл заалт байхгүй.

- Энэ хүүхэд өөрөө ямар нэгэн байдлаар гомдол гаргахгүй тохиолдолд яах вэ?

- Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэсэн мэдээлэл явж байна лээ. Гомдолтой. гомдолгүй эсэхээс шалтгаалахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 гэдэг зүйл заалт дээр арга хэмжээ авхуулах ёстой. Хүүхэд өөрөө гомдолтой гэж үзээд ямар нэгэн байдлаар хууль зүйн туслалцаа авах шаардлагатай бол өмгөөлөгчтэй холбогдоод учирсан хохирлыг бүрэн тогтоолгох боломжтой.

- Уг хэрэг 2-3 сарын өмнө гарсан юм шиг байна. Хохирлыг шүүх эмнэлгээр тогтоолгоход хугацаа алдсанаас шалтгаалан учирсан гэмтэл бэртэл нь бүрэн гүйцэд тодорхойлогдох болов уу?

- Үр дүн муутай ч тухайн үед зодуулснаас болоод ил булчирхайн шарх гэмтэл учирсныг. түүнийхээ зургийг аваад баримтжуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Мөн гэмтлээс улбаатай ужиг үүссэн байх магадлалтай. Тиймээс Шүүх эмнэлэгт заавал үзүүлэх хэрэгтэй.

- Нэгэнт тус хэргийг гэрчлэх бичлэг олон нийтэд цацагдчихсан. Энэ нь уг хэргийг гэрчлэх хөдөлшгүй баримт болно гэсэн үг биз дээ?

- Тийм. Тухайн бичлэг шууд бүрэн эрхээрээ авагдах ёстой.

- Хэрэв тухайн хүүхэд зодуулж байгаад тэсэхээ байгаад харилцан зодоон үүсгэсэн бол ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх үү?

- Хэрвээ зодож байгаа хоёр хүүхдийнхээ нэгийг гэмтээсэн бол хариуцлага хүлээлгэх асуудал бас яригдана. Гэхдээ хуулийн аргагүй хамгаалалт, биеэ хамгаалж байгаа нөхцөл байдал гээд маш олон ярвигтай асуудал яригдана.

- Шинэ хуулийн зохицуулалтаар аргагүй хамгаалалт гэдэг зүйл заалт байхгүй болчихсон гэх юм. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

- Ямар ч тохиолдолд аргагүй хамгаалалт гэж зүйл байгаа. Хүн хэн нэгэнд алуулах гэж байвал ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаална. Хүн амьд явах эрхтэй гэсэн Үндсэн хуулиар заасан эрх бий. Тэгэхээр өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд, эрүүл мэндээ хамгаалах ямар нэгэн үйлдэл хийхийг буруутгаж үзэх аргагүй.

- Шинэ хуульдаа аргагүй хамгаалалтын талаар юу гэж заасан байдаг вэ?

- Аргагүй хамгаалалт гэж зүйл заалт бий. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл. Өөрийн, эсвэл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохгүй. Нэг ёсондоо өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хийж байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан байна. Гэхдээ аргагүй хамгаалалтыг хэтрүүлэх гэж бас нэг ойлголт байгаа.

- Хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

- Хэтрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Гэмт хэрэг таслан зогсоогдчихсон, нөхцөл байдал дууссаны дараа үргэлжлүүлэн довтолгооноо хийх байдлаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэмтэл учруулсан бол аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж үздэг. Тэгэхээр тэр хүүхэд аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн тохиолдолд өөрөө эргээд хариуцлага хүлээнэ. Өөрийнхөө амь нас. эрүүл мэндийг хамгаалахаар хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ. Түүнийг хэтрүүлж болохгүй. Тэгэхээр түүнд бол хуулийн хариуцлага тооцохгүй. Хэрэв тэр хүү болон ар гэрээс нь над руу холбогдоод хууль зүйн тусламж хүсвэл ямар нэгэн үнэ төлбөргүйгээр хууль зүйн өмгөөлөл үзүүлнэ. Та бүхэн үүнийг дамжуулаад өгөөрэй.

Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Тухайн бичлэгт гарсан хүүхдүүдийг олж тогтоосон. Одоогоор мөрдөн шалгалтын ажил явагдаж байна. Өнөөдөр (өчигдөр) хохирогч хүүг авчрахаар Цагдаагийн байгууллагаас хүн томилоод авчруулсан байгаа" гэсэн мэдээллийг өглөө.