Манай улсад 2022 оны эхний таван сард 42,060 жуулчин ирсэн талаар мэдээлж байсан. Тодруулбал, энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус ирсэн байна.

Харин зургаадугаар сард жуулчдын урсгал ямар байгаа талаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяагаас тодруулахад "Монгол Улсад зочилж, аялахаар ирж байгаа жуулчдын тоон мэдээлэл сарын сүүлээр гардаг. Тухайлбал, зургаадугаар сарын тоон мэдээлэл ирэх сарын 4, 5-нд эцсийн байдлаар гарна гэсэн үг.

Тавдугаар сарын 30-ны байдлаар манай улсад 42,000 гаруй жуулчин аялсан байна. Үүнтэй холбогдуулан ДНБ-д 33 сая ам.долларын орлого орсон талаарх тоон үзүүлэлтийг Хил Хамгаалах Ерөнхий Газар (ХМЕГ)-аас гаргажээ" гэдгийг хэллээ. 

Мөн тэрбээр "Бид энэ жил жуулчдын тоог 250 мянгад хүргэх зорилттой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсыг зорьж буй жуулчдын тоогоор ОХУ тэргүүлж байгаа. Монголд аялдаг жуулчдын 50 орчим хувийг ОХУ болон БНХАУ-ын жуулчид бүрдүүлдэг. Гэхдээ энэ жил БНХАУ-ын жуулчдын тоо маш бага байна. 

2019 оны мэдээллээс харахад БНХАУ болон ОХУ-ын 200,000 жуулчин дотоодод аялсан байдаг. Энэ жилээс эхэлж БНСУ-ын жуулчид визгүй зорчих эрхтэй болсноор Солонгос жуулчдын урсгал нэмэгдэж байна. Солонгосын жуулчдын визийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл чөлөөлсөн байгаа.

Энэ жил Зүүн Азийн улс орнуудыг зорилтот зах зээлээ болгох, дотоодод аялуулах бодлого чиглэлтэй байна" хэмээн мэдээлэл өгөв.