Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчийн хаягаас “Урд шөнө 3-4 цагийн орчимд нэг хүн маш чанга шүгэлдээд салдаггүй, бараг бүх айл сэрсэн байх, Пижигнэтэл орцны хаалга нүднэ, жижүүр онгойлгосон байх, шатаар дээш доош гүйв, гарч ирээд ахин чангаар шүгэлдэж эхлэв. Бүр гайхаад босоод цонхоор хартал, POLICE гэсэн хувцастай залуу таахалзаж байна. Яагаад шүгэлдээд байгаа юм, хүүхэд хөгшид бүгд сэрчихлээ гэтэл салаавч гаргалаа" гэх мэдээлэл, дүрс бичлэг нийтлэгджээ.

Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад тухайн дүрс бичлэгт гарч буй цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай эрэгтэй өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оны арванхоёрдугаар сард Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан нэгэн байсан байна.

Тодруулбал Завхан аймгийн харьяат 27 настай, “Д” болохыг тогтоожээ. Түүнийг төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй хэрнээ цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

15.21 дүгээр зүйл.Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах

1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг хуульд заажээ.