Боловсролын сайдыг Баян-Өлгий аймгийн иргэд заналхийлсэн хэргийг хууль хүчний байгууллагаас шалгаж байна гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар нэгдүгээр ангиас заана гэдэг нь казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой.

Монгол Улсын иргэд монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа.

Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казах залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казах залуусын шинэ үе гарч ирэх цаг нь болсон" хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.