ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийх юм.

Яг одоо хоёр улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар мэдээлэл хийж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна.

Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол болон ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалдаа эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. 

С.В.Лавровтой сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдсан асуудлын талаар ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо. 

Монгол, Оросын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж, ярилцсан. 

Сүүлийн үед хоёр улсын бүс нутгийн харилцаа идэвхжиж, хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол бидэнд бий. С.В.Лавров сайдтай өнөөдөр хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна. 

Мөн эрчим хүчний салбарт техникийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцлаа" гэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров "ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье. Өнөөдрийн яриа хэлэлцээр маш амжилттай болж өнгөрлөө. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: