Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Золжаргал:

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр он гарсаар эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон, гэмт хэргийн шинжтэй 1459 бүртгэгдсэн. Үүнээс;

  • Мориноос унаж гэмтэж бэртсэн, амиа алдсан 23
  • Гол мөрөн, тогтоол усанд живсэн 11
  • Өндрөөс унасан 10
  • Халуун тогоонд түлэгдсэн
  • Буу, сум алдсан 4
  • Цахилгаанд цохиулсан 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Олон хоногийн амралтын өдөр иргэд гол мөрөн дагаж зугаалж томчууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа баярын өдрүүдэд цэнгэлдэхэд хүний хөдөлгөөн ихэсдэг тул хүүхдийн эцэг эхийн утсыг бичсэн цаасыг гарт нь зүүлгэж сэргийлнэ.

 

Хүй долоо худагт мал амьтны хөдөлгөөн их байдаг тул морь малын хөлд, тээврийн хэрэгсэлд дайруулах эрсдэл өндөр. Тиймээс эдгээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


 

Нийтийн хэв журмыг хангуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хурандаа Т.Лхагвадорж:
Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажилд орсон ба 7-ноос 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарах бөгөөд 9-14-ний хооронд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.

 

Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийх юм.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Дэд дарга Б.Батболд:
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Гурван жилийн өмнө зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. Олгогдсон зөвшөөрлийн дагуу автомашинуудыг байршуулна. Гандигийн гудамж, Нийслэлийн өргөн чөлөөний хоёр уулзварын тодорхой хэсгийг хааж иргэдийг явганаар хөдөлгөөнд оролцох нөхцөлийг бүрдүүлнэ. 

"Г" зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, урд чиглэлд Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн иргэд машинаа зогсоолд байршуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой юм.

Хүй долоон худагт долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Соёолонгийн уралдаантай өдөр буюу 12-ны өглөө Улаанбаатараас Хүй 7 худаг явах хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул Архангай салдаг уулзвараас Хүй 7 худаг хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд урсгалаар татах байдлаар зохион байгуулалтыг хийнэ. Соёолон насны уралдаан дууссаны дараа УБ хот руу нэг чигийн хөдөлгөөнөөр зохицуулна. Учир нь автомашины хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг.


Мөн 300 орчим такси үйлчлэх ба тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй, зориулалтын үйлчилгээнийх байх юм. Өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 19 хотхон байдаг ба оршин суугчид нь өөрсдийн иргэний үнэмлэх, орон сууцны гэрчилгээ, оршин суух хаягаа гэрчлэх баримт бичгээ үзүүлж нэвтрэх боломжтой гэлээ.



 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийж байна.

Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан ба 600 орчим мандатыг олгож байна. Мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.доллар юм.

Дараах дөрвөн янзын мандат байгаа ба ялгаа нь;

  • улаан- Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно
  • цэнхэр - Ерөнхий сурвалжилгын мандат буюу төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй
  • ногоон - Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах
  • шар - гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байна

Автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс хараахан гараагүй байгаа юм.