Явсаар л, явсаар л. Цувсаар л, цувсаар л. Эргэж ирнэ ээ гэсэн нь мөдгүй бололтой. Ирсэн нэг нь буцаад явсан сурагтай. Ах дүү, амраг садан нь хэзээ татах бол гэсэн горьдлого тээн цүнхтэй хувцсаа үүдэнд тавиад цонх ширтэн өдөр, хоногийг аргацаана.

Монголоос гарчихвал учиртай гэж гадаадын элчингийн үүд сахина. Визэнд орсон залуус паасууртаа барин лам, бөө царайчилна. Яагаад?

 

- Мөнгө...

 

Байр, машины мөнгөтэй болох гэж хилийн чинадыг зорьдог Монголчууд байр, машинаа зараад "зугтаж" эхэллээ. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж асан дундаж давхрага, "2050 онд 80%" хүрэх учиртай дундаж давхрага, улс орныг чирж явдаг дундаж давхрага дундарсаар, дундарсаар дуун дээр гардаг жилээс жилд жижгэрсэн "Жирмийн цагаан нуур" боллоо. Төгрөгийн ханштай хөтлөлцөөд ядуусын эгнээнд орж байна. Халамжийн толоонд бүртгүүлээд хайрт намдаа данслагдаж байна.

 

сонин mn

 

сонин mn

 

Эдийн засгийн эрүүл мэнд доройтоод эмч нь болсон эдийн засагчдаасаа түүчээлээд "дүрвэж" байна. Энэ улсын эдийн засаг иргэдтэйгээ ижилхэн "элэгний хорт хавдар"-тай болсоныг тэд л мэдэх бус уу. Хорт хавдрын шалтгаан болсон халамжийн сэтгэлгээ, "поп" улс төрч хоёртоо хирург хийхгүй бол энэ улсад эмгэд өвгөд, хүүхэд багачуудаас өөр хүн үлдэхгүй нь бололтой. Ид хөдөлмөрлөх насны иргэд "Эх оронч", "Ард түмэнч", "Халамжлан хүмүүжүүлэгч" улс төрчдөд итгэлээ алдаж, зүтгэлээ дэвсүүлсэндээ 2, 3-аасаа эхлээд 23-аараа оргодог боллоо.

 

сонин mn

 

сонин mn

 

Визэнд тэнцэхгүй маниус нь атаархлын үг,  гомдлын харцаар тэднийг үднэ. Явлаа, явлаа гээд дэлхийгээсээ хаа холдхов. Үлдлээ, үлдлээ гээд дэлхий дээрээ л үлдхээс хойш хэн, хэнийгээ сайн, муугаар хэлээд яахав.  Асуудал хаана ч байна. АНУ-д ч, Африкт ч. Асуудлаас зугатаад, зугатаад Ангараг явахгүй шүү дээ. Явсан нь яс зуугаасай, үлдсэн нь хичээгээсэй. Гэрээ сахисан нь сахисан шиг, явсан нь явсан шиг яваад ирсэн шиг ирээсэй. Дэлхий бөөрөнхий болохоор эхэлсэн цэгтээ ирж л таарна. Эцсийн бөлөгт бид л гэр орноо өөд нь татахгүй бол өөр хэн татах билээ. Итгэлээ л алдаж болохгүй. Амьдрал бол итгэл. Итгэлээрээ амьдрах тэмцэл. Тэмцэх л хэрэгтэй. Байгаа юмаа арчлан тордож, байхгүй зүйлээ бий болгож, айлаас туршлага эрэхээр авдар саваа уудалж, авлига, хог новшноосоо салж, хошууныхаа хажуугаар хуруугаа бас хөдөлгөцгөөе. Эрвийх дэрвийхээрээ эдийн засгаа босгоцгооё.

 

Энэ бүхэнд уриалан хөтөлсөн ихэс дээдэс ч, даган баяссан дорд бид ч буруутай. Иймээс авлигач, популист улс төрчдийг ахин бүү сонгоцгооё. Амаа ангайсан ангаахай, дэгдээхэй байдлаасаа ард бид ч гарцгаая.

 

Эс бөгөөс бид үр удмаараа, тэд үе залгамжаараа энэ тамын шоог тоглосоор байх болно. Нэгэн цагт өвөө нь захирч явсан улсад үр ач нь "боолчлогдож" явна гэдэг гунигтай. Өөрийн бор гэрээ өөд нь татаж босгоод ийш тийш бутарсан, эрдэм ном өвөртөлсөн, туршлага хурааж хуримтлуулсан, шинэ санаа сэдсэн, сэтгэлгээний, эдийн засгийн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргаа олсон, эх орноо санасан элэг нэгт Монголчуудаа эргэн цуглуулах цаг ирэх нь дамжиггүй ээ. Энэ бүхнийг эс үйлдвээс...

 

сонин mn

 

Жич: Сонгуулийн ширээн дээр эдийн засгийн хорт хавдартай Монгол хамаг булайгаа дэлгэн хэвтэнэ. Популист улс төрчдийн шүлснээс халдвар авчээ. Ер нь л элэг солихгүй бол найдваргүй. Гэвч түүнд донор болох улс, орон олдсонгүй. Харин хавдартай хэсгээ тайраад, хөшөөний мацаг барьж, өөрөөр нь нөхөн төлжүүлэх зөвлөгөө өгчээ. Сонгуулийн тогтолцоо, эрх баригч нам, сонгуулийн хороо гурав цагаан бээлий өмсөж, хайч, хутга барин ханцуй шамлан "мэс засал"-д орлоо. Ард түмнийг харин амьсгалын хэмнэл, зүрхний цохилт харуулсан жижигхэн дэлгэц ширтүүлээд буланд суулгав. Цагаан бээлийтнүүд хорт хавдартай элэгний эрүүл хэсгээс огтлон хаяж, эдээ бээртэй хэсгийг үлдээгээд эргүүлэн оёлоо. Хагалгаа амжилттай хэмээн Сонгуулийн хороо ард түмэнд хэлээд "эдгэсэн" Монголыг тэргэнцэр дээр түрэн 2024-р тасаг руу авч одов оо...

 

Ч.Явуухүү