Экспортын орлогын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mon­golia-2022” өчигдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Тус чуулга уулзалт ковидоос шалтгаалж хоёр жил өнжсөний эцэст болж байгаа нь энэ.

“Сэргэлтийг хамтдаа” уриан дор өрнөж буй уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж үг хэлсэн бол эхний өдрийн хуралдаанууд “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд”, “Уул уурхайн салбар дахь технологийн дэвшил, инноваци”, “Нүүрсний зах зээл дэх өөрчлөлт, түүний дүн шинжилгээ” гэсэн сэдвийн дор өрнөв. Өнөө жил нүүрсний салбар дангаараа 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт бүрдүүлнэ, оны эхнээс хойш 14 сая орчим сая тонн нүүрс экспортолсон гэх мэдээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгч байлаа.

Чуулга уулзалтын анхаарал татсан илтгэгчийн нэг нь “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал байв. Тэрээр “Нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба боломжууд” гэсэн сэдэв сонгожээ. Ж.Золжаргалын хөндсөн эхний асуудал нь Гашуунсухайт, Шивээхүрэн дээр барьсан терминалууд. Гашуунсухайт дээр барьсан байгууламж гэхэд хүчин чадлынхаа тавны нэгийг л ашиглаж яваа гэнэ. Шивээхүрэнгийн тухайд контейнерийн терминал нь бэлэн болчихсон хэрнээ ашиглалт нь тэг байгаа аж. Хөрөнгө мөнгө зарцуулаад хийсэн терминалыг ашиглах ганц арга нь төр засгаас Хятадын талтай хэлэлцээ хийх юм байна. Засгаас энэ мэт асуудалд анхаараад өгчихвөл оны сүүлээр нүүрсний борлуулалт өсөх боломж бий хэмээн “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал онцолж байв.

Түүний онцолсон дараагийн тулгамдсан асуудал бол жишиг үнэ, АМНАТ. Нүүрсний АМНАТ эдийн засгийн “шүдний өвчин” болсныг Ж.Золжаргалаас эхлээд засаг төлөөлсөн эрхмүүд ч онцолж байсныг тодотгоё. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал “Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортын жишиг үнэ гэж тогтоогоод, гэрээний буюу бодит борлуулалтын үнээс бус, тэрхүү жишиг үнээр тооцон татвар авж байгаа. Жишээ нь, сүүлийн үед бодит борлуулалтын үнэ баяжуулсан коксжих нүүрсэн дээр л гэхэд хамгийн ихдээ тонн нь 150 орчим доллар байтал, Австралийн юм уу Хятадын аль нэг боомтын 300-400 ам.долларын үнийг жишиг болгон тооцоод, уг дүнгээр татвар авчихдаг гэсэн үг. Энэ нь нүүрсний компаниудад маш хүндээр тусдаг. АМНАТ буюу роялти татварыг ч бодит борлуулалтын үнээс маш зөрүүтэйгээр тооцон авдаг.

Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд ихээхэн хүндрэл, алдагдалтай нүүр тулсаар яваа. Одоо эргээд харахад энэ нь дан ганц компаниудын алдагдал гэхээсээ илүү улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулж эхэлсэн. Цаасан дээрх тоог харвал 2022 оны эхний хагаст Монгол нүүрсний экспортоос гурван тэрбум ам.долларын орлого олсон гэж харагдана. Үнэхээр ийм их хэмжээний валют орж ирсэн бол өнөөдөр ам.долларын ханш бодитоор тогтворжин, буурах ёстой. Гэтэл Монголбанкны валютын нөөц алдагдалтай хэвээр байна. Статистик, дүн мэдээ буруу байснаар бүх анализ, бүх шийдвэрүүд бурууддаг. Нүүрсний экспортын орлого ба татварыг бодит бусаар тооцож ирсний сөрөг нөлөө нь ийнхүү улсын эдийн засаг, статистик, дүн мэдээнд хүртэл буруугаар нөлөөлж, төр засгаас буруу зөрүүтэй мэдээлэлтэйгээр, буруу зөрүү шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна. Салбарын ассоциаци холбоод энэ асуудлаар нарийн тооцоо гарган, яамдад уламжлан ажиллаж байгаа ч бодит үр дүн өнөөхөндөө анзаарагдахгүй байна” хэмээн онцоллоо. Тэрээр ярианыхаа төгсгөлд “Компаниуд АМНАТ-аас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх мэт бүх л татвар хураамжаа төлдөг. Өнөөдөр эдийн засаг хэцүү байна. Буруу шийдвэрээс болж ийм хэцүү үед АМНАТ-ын дарамтад орчихоод байна. Тэр нь акт, өр болчихсон яваа. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн юм.

“Coal Mongolia”-д оролцогчдын онцолсон тулгамдсан асуудлуудад тэсэлгээний түүхий эд ч багтав. Хойд хөршөөс импортолдог тэсэлгээний түүхий эд дайны байдлаас болж тасарч магадгүй байгаа аж. ОХУ тэслэх материалыг стратегийн чухал нөөцөд багтааж экспортлох хэмжээнд нь хязгаар тогтоожээ. Өнөө жилийн хувьд асуудалгүй ч ирэх жил тэслэх материалын хомсдолд орж магадгүй нь. Хэрвээ ийм байдал үүсвэл нүүрсний уурхайнууд ажиллах аргагүй болно гэсэн болгоомжлолыг салбарын компаниудын төлөөллүүд хэлж байв.

Чуулга уулзалтын анхаарал татсан илтгэлүүдийн нэгийг “Биг Могул” хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батмөнх тавьсан юм. Тэр илтгэлээ “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү” гэж гарчиглажээ. Дэлхийн улстөрийн уур амьсгал хүйтэрч байгаа ийм үед улс орнууд эрчим хүчнийхээ аюулгүй байдалд онцгой анхаараад эхэлчихсэн. Урд хөрш гэхэд өнгөрсөн жил нүүрсний олборлолтын хүчин чадлаа 300 сая тонноор өсгөж байв. Энэ алхмыг нь шинжээчид “Гаднаас нүүрс авахгүйн тулд дотоодын олборлолтоо нэмсэн хэрэг биш, эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бэлтгэлээ хийж байгаа хэрэг” хэмээн тайлбарлаж буй. Улс орнуудын иймэрхүү бодлогоос улбаалж эрчим хүчний нүүрсний эрэлт өсч, хомсдол үүснэ гэсэн таамаг дуулдаад эхэлчихэж. Эрэлт өсвөл эрчим хүчний нүүрсний үнэ дагаад өгсөх нь тодорхой. Тэр цагт эрчим хүчний нүүрсээ ахиухан экспортолж чадвал экспортын орлогоо огцом өсгөх боломж бий аж.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн Coal Mon­golia 2022 чуулганд тавьсан “Хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээс “Хөрөнгө оруулагчид зах зээл, нөөц боломж, улс төрийн тогтвортой байдал, хуулийн тогтвортой байдал, татвар болон бизнесийн орчинд онцгой анхаардаг. Гэтэл манай Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил, 1992 оноос хойш нийт 290 сайд Засгийн газарт багтсан байна. Ашигт малтмалын тухай хуулиа 1994 онд баталснаас хойш 44 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан” гэсэн статистикууд анхаарал татав. Тэрээр “Алтны дундаж ордыг нээхэд 287 зөвшөөрөл буюу акт, дүгнэлт, гэрээ, төлөвлөгөө, захирамж авах үүрэгтэй. Эдгээрийг бүрдүүлэхэд цаг их зарцуулдаг нь хөрөнгө оруулалтад томоохон саад болж байна. 2-5 жилд дуусгах боломжтой байсан төслийг 7-8 жил болгон сунжруулдаг. Энэ хэрээр зардал өсдөг” хэмээн онцолж байв.

Чуулганы үдээс хойших хуралдаан “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжиллээ. Энэ хэсэгт нүүрсний зах зээлийн судалгаа хийдэг Фэнвэй, Түдэй тинк танк зэрэг байгууллагын шинжээчид онлайнаар илтгэл тавьсан юм. Урд хөршийн нүүрсний шинжээчдийн тухайд ковидын хөл хорионы дүрэм журмаас шалтгаалж онлайнаар оролцсон. “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек”-ийн ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг онцолсон бол “Түдэй тинк танк”-ийн ерөнхий менежер “Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-ыг сонирхууллаа.

Экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдсэн нь нүүрсний салбарынхны олзуурхаж ярьсан өнцгийн нэг байсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нүүрсний ангилал нэмэгдсэний давуу талыг “Нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын нийт хэмжээ өсөх зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байлаа. БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн нь ч өнөө жилийн чуулга уулзалтын гэгээтэй мэдээний нэг байлаа.

Coal Mongolia өнөөдөр “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь”, “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд”, “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт хуралдаануудаар үргэлжилнэ. “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” хуралдааны сэдвийн хэлэлцүүлгин модератор, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн ТУЗ-ийн дарга О.Батболд “Уул уурхайн компаниудын амжилттай ажиллах гол суурь нь нийгмийн лицензээ авах. Тэр ч утгаараа удаагийн чуулга уулзалтын үеэр нүүрсний компани, орон нутгийн хамтын ажиллагааг анх удаа цогцоор нь хэлэлцэж хөндөх гэж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, МУУҮА, орон нутгийн удирдлагаас гадна судлаач шинжээчид оролцож олны анхаарал татсан энэ асуудлыг тал талаас нь харж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нүүрсний компаниудын орон нутагт үзүүлж буй сөрөг нөлөө гээд ярихад л тээврийн бэрхшээлээс үүдэлтэй экологийн асуудал бий. Мэдээж сайн жишээнүүд ч цөөнгүй бий” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.