Олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй монгол гэртэй холбоотой бичлэгийн талаар “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлагаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн 8 жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, 10 дугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалиудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанид урьдчилан мэдэгдсэн болно.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр Altantuya Byambasuren хийж тараасан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж, хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтрэхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсэж тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буй нэр бүхий иргэнд харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё.

Энэ ташрамд өнгөрсөн он жилүүдэд Европын орнуудад болон Итали Улсад Монгол Улсын язгуур урлагаа сурталчлах бидний амаргүй ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын ЭСЯ-ны хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье" гэжээ.