ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
50 минутын өмнө
Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ХЭҮК-ын шинэ гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ.

Тэгвэл хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын гишүүн гэж хэн бэ? Түүнийг хэн, хэрхэн сонгон шалгаруулж томилдог вэ? Бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байдаг, ямар шалгуур тавигддаг, цалин хөлс болон хараат бус байдлыг нь хэрхэн баталгаажуулдаг вэ?
Шинэ гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлсэн энэ үед ХЭҮК-ын гишүүний тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй 5 баримтыг хүргэж байна.
1. ХЭҮК-ын гишүүнийг Комиссын дарга томилдоггүй
Нэр дэвшигч хуульд заасан сонгон шалгаруулалтад оролцож, эцсийн шийдвэрийг Монгол Улсын Их Хурал гаргана.
Тиймээс энэ нь байгууллага дотроосоо шууд томилогддог албан тушаал биш.
2. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил
ХЭҮК-ын гишүүн зургаан жилийн хугацаатай ажиллана. Энэ нь хүний эрхийн асуудлаар тогтвортой, урт хугацаанд ажиллах боломж бүрдүүлдэг.
Хуульд заасан нөхцөл, журмын дагуу нэг удаа улируулан томилж болно.
3. Хэн ХЭҮК-ын гишүүн болж болох вэ?
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшинэ гэдэг ердийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орохтой адилгүй. Нэр дэвшигч нь хуульд заасан боловсрол, мэргэжлийн мэдлэг, ажлын туршлага болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагын тусгай шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Учир нь Комиссын гишүүн хүний эрхийн асуудлыг хууль тогтоомж төдийгүй олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, үндэсний бодлого, практиктай уялдуулан авч үзэж, шийдвэр гаргах өндөр хариуцлага хүлээдэг.
4. Төрийн өндөр албан тушаалтан. Харин цалин нь?
ХЭҮК-ийн гишүүний сонгон шалгаруулалтын үеэр заавал ярих асуудал
ХЭҮК-ийн гишүүн хүний эрхийн зөрчлийг шалгаж, шаардлага, зөвлөмж гаргах өндөр хариуцлага хүлээдэг. Хуульд гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохирсон цалин авах ёстой гэж заасан.
Гэтэл гишүүний цалин өндөр албан тушаалтнуудын дунд хамгийн бага, бүр Тамгын газрын мэргэжилтнийхээс доогуур гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна. Комиссын дарга цалингийн асуудлаар гурван жил дараалан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад хандсан ч шийдэгдээгүй гэх мэдээлэл ч бий.
Үүн дээр Комисс байгуулагдсан цагаасаа түрээсийн байруудад ажиллаж ирсэн гэх байрны асуудал нэмэгдэнэ. Эдгээр нь зүгээр нэг ажилтны хангамжийн тухай биш, хүний эрхийг хамгаалах хараат бус байгууллагын ажиллах нөхцөлийн тухай асуудал юм.
Шинэ гишүүн сонгохын өмнө УИХ болон Комисс тодорхой хариулах хэрэгтэй: Гишүүний албан тушаалын цалин яг хэд вэ, мэргэжилтнийхтэй хэрхэн харьцаж байна вэ? Сүүлийн гурван жилд хүргүүлсэн хүсэлтэд ямар шийдвэр гаргасан бэ? Комиссыг тогтвортой ажлын байраар хангах төлөвлөгөө бий юу?
Хувь хүний цалингийн хуудас хувийн мэдээлэл байж болно. Харин улсын төсвөөс санхүүждэг албан тушаалын цалин, түүнийг тогтоосон шийдвэр, байгууллагын байрны зардал бол нэр дэвшигчид болон олон нийтэд тайлбарлах ёстой асуудал.
5. ХЭҮК-ын гишүүн хэний өмнө “хараат” вэ?
Хүний эрхийг хамгаалахдаа хэн нэгэн албан тушаалтны заавар, чиглэлээр ажиллах ёсгүй.
ХЭҮК-ын гишүүн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хараат бус байх зарчимтай. Учир нь хүний эрхийн зөрчил төрийн аль ч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой байж болно.
Тиймээс хүний эрхийн зөрчилд хяналт тавьж, шаардлага хүргүүлж, асуудлыг олон нийт болон шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх институц өөрөө хараат бус байх нь хамгийн чухал баталгааны нэг юм.
Товчхондоо, ХЭҮК-ын гишүүн гэдэг нь зүгээр нэг төрийн албан тушаал биш.
Энэ албан тушаал нь хүний эрхийн зөрчилд хяналт тавих, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих онцгой чиг үүрэгтэй.
Тиймээс ХЭҮК-ын гишүүнийг зөвхөн байгууллагын удирдах албан тушаалтан бус, хүний эрхийг хамгаалах хараат бус институцийн төлөөлөл гэж ойлгох нь зүйтэй.






