Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
10 минутын өмнө

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.11.12) Төрийн ордонд боллоо.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир “Нийслэлийн МАН-ын даргаар Засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдон томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг уландаа гишгэж, иргэдээс огт сонгогдоогүй Б.Пүрэвдагва МАН-ын төв байрнаас томилогдсон. Тэрбээр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг зөрчин, цагаан байрнаас томилгоо хийж эхэлсэн. Энэ бол авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдсон МАН-ынхны хийж сурсан ажил. Сүүлийн 10 жилд энэ байдал гаарлаа.
Өнөөдөр бидэнд байгаа мэдээллээр, 2019 оноос хойших долоон жилийн хугацаанд 900 гаруй нийслэлийн иргэн сайжруулсан гэх шахмал түлшинд угаартаж нас баржээ. 2024 оны утааны сонсголын үеэр УИХ-ын гишүүн, эмч Ж.Чинбүрэн 779 хүн гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд дахин 119 хүн угаартаж нас барсан. Ингээд нийт 900-аад хүн угаартаж нас барлаа. Хэн хариуцлага хүлээх вэ? Энэ ямар Халх голын дайн уу? Орос, Украины дайн уу? Энэ бол МАН Улаанбаатар хотыг утаагүй болгоно гэсэн пиар хийж, сайжруулсан түлш нэрээр сонгуулиа санхүүжүүлэх мөнгө босгохын тулд Монгол Улсын бүх стандарт, иргэдийнхээ эрүүл мэндийг үл тоомсорлож, 900 гаруй иргэнийхээ амь насыг хохироосон гэсэн үг. Иргэдээ угаартаж нас барахад хүргэсэн гэсэн үг. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу, УИХ-ын дарга уу? Эсвэл одоогийн Хотын дарга, өмнөх хотын дарга нарын хэн нь хариуцлага хүлээх вэ? Лайваар нэг нэгнийхээ мууг дуудаад дуусах уу? Энэ асуудлыг зүгээр хараад суусаар байгаад энэ жил дахиад хэдэн хүн угаартаж нас барахыг хүлээх үү? Асуудал хаанаас эхлэв. Улаанбаатар хотод 2019 онд Толгойт, Налайхад сайжруулсан түлшний үйлдвэр барьсан. Эдгээр үйлдвэрээс болж бидэнд 2 их наяд төгрөгийн өр үлдсэн. Толгойтын үйлдвэр нь хаагдаж, Налайхын үйлдвэр ажиллаж байна. Нэмээд Улаанбаатар хотын иргэдийн төлсөн татвараар Хятадаас 300 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан түлш худалдан авч байна. Энэ бол МАН-ын бизнес болсон. Үүнийг бизнес гэж хэлэхгүй юм бол өнгөрсөн хугацаанд яагаад стандарт хангасан ганц үйлдвэр ч бариагүй юм бэ?
900 иргэний амь насаар туршилт хийчихээд одоо хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барина гэж байна. Энэ жил дахиад нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн МАН-ын даргын амласан мөрийн хөтөлбөрүүд хэрэгжих боломжгүй. Нийслэлийн 5.9 их наяд төгрөгөөр батлагдсан төсвийг 1.6 их наяд төгрөгөөр танаж байна. Үүний улмаас метро, трамвай, хурдны замын төслүүд танагдаж байгаа. Ингээд түгжрэл хэвээр үлдэх нь. Нэмээд иргэд угаартаж нас барсаар байна. Ийм нөхцөлд хариуцлага ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан иргэдийг “Түлшээ буруу түлсэн”, “Хүмүүс угаартэж нас бардаг биз дээ” гэх зэргээр доромжилж ирсэн. Ардчилсан нам зургаан жилийн турш иргэдийн эрх ашгийг хамгаалан ажилласны үр дүнд Монголын төр иргэнээ угаартуулсан гэдгийг тогтоосон Улсын дээд шүүхийн шийдвэр анх удаа гарсан. Тухайн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, ялалт байгуулсан анхны тохиолдол, энэ. Тэгвэл угаартаж амь насаа алдсан бусад иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” хэмээн ярилаа.






