Эрчим хүчний салбарт эрсдэлтэй ажлын байр үүсээд буй талаар ажилтнууд нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор "2019 оноос хойш эрчим хүчний салбарын үнэ тариф огт хөдлөөгүй. Салбарын байгууллагууд үйлдвэрлэсэн үнээсээ 5-59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулж байна. Үүнээс үүдэн эдийн засгийн хүндрэлүүд үүсэж байгаа. Тухайлбал, эрчим хүчний салбарт 2019 онд 59, 2020 онд 92, 2021 онд 78, 2022 оны хүлээгдэж буй дүн 168.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. 

Хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас шалтгаалж шаардлагатай засвар үйлчилгээний ажлаа цаг хугацаанд нь хийж чадахгүй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжгүй байна. Станцууд болон шугамын насжилт ихэссэнтэй холбоотойгоор шинэчлэлт хийж чадахгүй байгаа тул аваар ослын тоо ихсэж байна" гэдгийг хэлсэн юм. 

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар олгогдсон ажилтны болон ажил олгогчийн эрх, үүрэг хэрэгжихгүйд хүрчээ. Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байдлаас үүдэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх, хамтын гэрээ хэлэлцээрийг хангуулах, ажилтны нийгэм, цалин хөлсний асуудал эрчим хүчний салбарт орхигдсон байна. 

Энэ талаар Ерөнхий сайдад хандсан талаар "Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдлын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавдугаар сарын 18-нд албан бичиг хүргүүлсэн. Төлөөллийн уулзалт хийхийг хүссэн ч хариу ирүүлээгүй. Салбарт гарч буй хүндрэл бэрхшээлийн улмаас ямар нэгэн аваар саатал гарвал хариуцлагыг нь Ерөнхий сайд хариуцах ёстой гэж бид үзэж байна. 

Эрчим хүчний зохицуулах хороо салбарын байгууллагуудыг алдагдалтай ажиллахад хүргэсэн үнэ тарифыг баталсаар өнөөдрийг хүрлээ" гэдгийг Д.Долгор дарга хэллээ.