Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3,310, Найман шарга захын ханш өнөөдөр 3,510 төгрөгт хүрчээ.  Өнгөрсөн Даваа гарагт 3,248.97 төгрөг байсан Монголбанкны албан ханш ийнхүү 3,310 болж, 61 төгрөгөөр нэмэгджээ. 

Төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13 хувь сулраад байна.

Монголбанкны зүгээс оны сүүлчээр ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдээлсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оны өмнө 800 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгааг хэлсэн. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой", "Оюу толгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг аж ахуйн нэгж экспортын орлогоо Монголбанканд тушаах хүлээлттэй байна. Мөн арилжааны банкууд олон улсын санхүүгийн байгууллагаас дунд хугацааны санхүүжилт болгон 200 орчим сая ам.долларыг татахаар байгаа бол Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгохоор болсон 100 сая ам.доллар оноос өмнө орж ирнэ. Тэгэхээр валютын орох урсгал тогтворжиж, валютын захад үүсээд байгаа хомсдол арилна гэж Монголбанк үзэж байгаа" гэсэн юм. 

Гадаад валютын улсын нөөц өнөөдрийн байдлаар 2,695 сая ам.доллар байна.