Сүүлийн саруудад тогтмол өсөөд буй ам.долларын ханш, мөнгөний бодлогын хүүг тойрсон асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногт Төвбанк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн. Ингэснээр инфляц буурахаас эхлээд давуу талтай гэж мэдээлсэн. Таны байр суурь ямар байна вэ?

 

-Энэ асуултад хариулахын тулд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг ойлгохыг хичээх нь зүйтэй. Тэгэлгүйгээр өнгөц хандаж, зөв буруугаар дүгнэх нь алдаанд хүргэж болзошгүй. Би одоогоор Монголын эдийн засгийг нэлээд хүнд нөхцөлд байна гэж тодорхойлно. Энэ нь эдийн засгийн өсөлт сул, инфляц өндөр, валютын ханшийн өсөлтөөс харагдана. Хамгийн чухал нь эдгээрийн нөлөөллөөр иргэдийн орлого буурч амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй байдал юм. Иймээс бидэнд эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааг хамгаалах байдлаар хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар давах сорилт тулгараад байна. Өнөөгийн эдийн засгийн байдлаас шалтгаалж, энэ хоёр зорилгыг бодлогын арга хэрэгслээр шууд хэрэгжүүлэх боломж бага учраас аливаа бодлогыг хэрэгжүүлэхдээ хоёр талын нөлөөллийг харьцуулан шийдэх шаардлага бий боллоо.

 

Шалтгаан нь мөнгөний бодлогын хүү эдийн засаг дахь мөнгийг удирдах төв банкуудын гол арга хэрэгсэл. Өнөөгийн нөхцөлд нэмэгдүүлэх нь мөн эерэг, сөрөг хоёр талтай. Өнөөдөр мөнгөний бодлогын тохиргоо хийх шаардлага байна уу гэвэл бий. Монголбанкны гол зорилго нь хуулиар төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал. Тиймээс бодлогын хүү нэмсэн нь зөв шийдвэр болсон.

 

Харин хоёр нэгж хувиар өсгөх нь арай огцом байлаа. Шийдвэрийн үр дүнд мөнгөний нийлүүлэлт багасах, зах зээлийн хүү өсөх нөлөөг бий болгоно. Ингэснээр Төвбанкнаас дурдаж буй инфляц буурах, үнийн өсөлтийн дарамт саарах эерэг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр, зах зээлийн эрсдэлээс шалтгаалж зээлийн олдоц муудсан энэ үед нийлүүлэлт, хүү багассанаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Монголбанкнаас үнийн дарамтыг онилж, энэ нь илүү чухал гэж үзээд, энэхүү шийдвэрийг гаргасан болов уу.

 

-Сүүлийн саруудад ам.долларын ханш зогсолтгүй өсөж байна. Төвбанкнаас нөөц багассан гэх тайлбарыг өгч гадны зээлээр тэрбум орчим ам.доллар орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Ханш буурах шинж байна уу?

 

-Ам.долларын ханш өсөх үндсэн нөхцөл нь орох урсгал багассан явдал. Энэ нь төлбөрийн тэнцлээс харагдаж байна. Тодруулбал, цар тахлын хорио цээрийн дэглэм цуцлагдсантай холбоотойгоор харьцангуй идэвхжил бий болж, зарим гадаад төлбөр хийгдсэнээр гарах урсгал нэмэгдсэн. Харин орох урсгалд доголдол бий болсон. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа ч нүүрсний экспортын хэмжээ, төлбөр тооцооноос шалтгаалан гадаад орох урсгалууд татарсантай холбоотойгоор тэнцвэр алдагдсан.

 

Үүний эсрэг Төвбанкнаас дотоод нөөцийн түвшинд ханшийн өсөлтийг хязгаарлах, валютын нөөцийг хадгалах амаргүй сонголттойгоор бодлогын зохицуулалт хийхийг оролдож байна. Гэвч Монголбанкны өөрийн боломжоос нь давсан зүйл тул валютын орох урсгал, нэмэгдэх нөхцлийг хангахгүйгээр үр дүнд хүрэх боломжгүй юм.

 

Тиймээс бид таны асуултад байгаа орох урсгалыг хүлээгээд байгаа хэрэг юм. Мөн ханш буурах эсэхийн хариулт нь он дуустал экспорт болон бусад хэлбэрээр орох ам.долларын хэмжээнээс хамаарна. Орох урсгал нь гарч байгаа түвшингээс давахгүй бол төлбөрийн тэнцлийн болон төсвийн өндөр алдагдалтай үед ханш буурах нөхцөл бүрдэхгүй. Үүн дээр нэмээд дараа жилийн эрсдлийг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлогод ихээхэн анхаарах хэрэгтэй.

 

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гаргасан шийдвэртэй холбоотойгоор тус улсын иргэд Монгол Улс руу ихээр ирж байна. Энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Хойд хөршийн иргэдийн орох урсгал нэмэгдэж байгаа шалтгаан нь үнэхээр тухайн тушаалтай холбоотой бол нэн тэргүүнд тухайн иргэдийн амь нас, эрүүл мэнд, амь насны асуудал болж хувирна. Юуны өмнө энэ асуудалд бидний өгөх хариулт юу байх вэ гэдэг нь хамгийн гол асуудал болов уу. Үүнээс гадна гадаад харилцаа, геополитикийн гэсэн Монгол Улсын эдийн засгаас илүү үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах томоохон асуудал ч гэж хэлж болно. Тиймээс энэ асуудлыг хэдэн хүн орж ирэх, энэ нь доллар, рублийн ханшид хэрхэн нөлөөлөх, мөн бид ядаж байхад баахан хүн орж ирээд хоол булаацалдах гэх мэт явцуу хүрээнд харахгүй том агуулгаар харахыг би хувьдаа хүсч байна. Харин эдийн засгийн талаас харвал эдгээр хүмүүс тодорхой хугацаанд л Монгол Улсад байх боломжтой. Мөн тооны хязгааргүйгээр оруулах боломжгүй. Тэд тодорхой валют, солилцоо, санхүүгийн харилцаанд оролцсоноор эдийн засгийн хувьд эерэг нөлөөллийг бий болгох боломжтой. Гол нь валютын арилжааны хувьд бид анхаарах тухайн нөхцөл байдлаас шалтгаалж долларын гарах урсгал нэмэгдэхгүй байх нөхцлийг харгалзах хэрэгтэй.

 

 

 

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин