"Чингис хаан" хаад язгууртны музей аравдугаар сарын 12-ноос олон нийтэд үйлчилж эхэлсэн. 

Тухайн долоо хоногтоо нээлтийн урамшуулал болгож, ахмад настнуудыг үнэ төлбөргүй зочлуулжээ. Харин энэ долоо хоногоос эхлэн 15,000 төгрөгөөр үйлчилж байгааг тус музейгээс мэдээлэв.

"Чингис хаан" музейн том хүний тасалбар 30,000 төгрөг байдаг бол оюутан, ахлах ангийн сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тасалбар 15,000 төгрөг байхаар тогтсон байна. 

Энэхүү тарифыг тогтоохдоо Ахмад насны тухай хуулийн 3.1, Музейн тухай хуулийн 9.3 заалтыг үндэслэжээ.

Амралтын өдрүүдээр музейд зочилсон үзэгчдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байсан ба одоогоор нарийвчилсан тоо гараагүй аж. 

Хуулийн дагуу 0-16 насныхан уг музейг үнэ төлбөргүй үзэж сонирхох учиртай, мөн нас насных нь онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйг цахим хуудсаараа мэдэгдсэн юм. 

Музейд зочлохдоо том зураг, биет үзвэрээс нэг метрийн зайнаас үзэх, үзвэрийн танхимд уух, идэх зүйлтэй орохгүй байх, үзмэр, шилэн хоргонд гараа хүрэхгүй байх зэргийг музейн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан зөвлөлөө.