Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн хохирогч нар мэдээлэл хийлээ.

Хохирогчдын төлөөлөл "Бид АТГ, Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газарт өнгөрсөн есдүгээр сард хохирогчдын төлөөлөл гэх 40 гаруй хүний гарын үсэгтэй өргөдөл, гомдлыг өгсөн. Гэвч одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй. Аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа, хууль хүчний байгууллага ажлаа шударгаар ажиллахгүй байна. Шалгалт явуулахад зөрчил байгаагүй гэж албан тушаалтнууд мэдээлээд байгаа. Төр иргэдийн эрх ашгийн төлөө бус луйварчдын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Энэхүү хэргийг Засгийн газар анхааралдаа авах шаардлагатай. Цагдаагийн алба хаагчид тухайн хүмүүстэй хуйвалдсан гэж бодож байна. Компанитай холбоотой техник хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийг хураасан гэсэн ч 20 тэрбум төгрөгийн үнэ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Дөрөвдүгээр сард цагдаагийн дарга Л.Төгс-Ухаан тэрбум төгрөг тараасан. Гэвч зарим хүнд нь өгсөн ч заримд нь өгөөгүй. Энэ бол мөрөө баллахын тулд хийж буй хууль хүчнийхний бусармаг үйлдэл. Мөнгөн дүнгийн хэмжээг доод тал нь 50 сая гэж заасан.

Энэхүү хэрэгт тэтгэврийн зээл авч, хашаа байшингаа зарсан, ах дүүсээрээ 300-500 саяар хохирсон хүмүүс байгаа. Энэ гурван сарын хугацаанд Н.Гантулга гэх нөхөр хэвийн гэж зарлан, иргэдийн болгоомжлолыг үгүй хийчихсэн. Мөрдөн байцаах тасгийн 4-5 мөрдөгч Хөвсгөлд очсон. Тэдний хэлснээр 13 холбоотой дансанд нэг ч төгрөг байгаагүй. Битүүмжилсэн газар бэлэн төгрөг байгаагүй гэсэн. 40-50 тэрбум төгрөг гэдэг бол 5-6 тонн мөнгө. Хармаалаад явах боломжгүй. Энэ мөнгө хаачсан бэ? Луйвраар Монгол Улс гаршлаа" гэв.