Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг өнөөдөр нээнэ гэж байсан ч ажил нь саатжээ. Үүнтэй холбоотой тайлбарыг нийслэлийн удирдлагууд өглөө.

"Уг тохижилтын ажил хойшилсны улмаас 200 сая орчим төгрөгийн алдагдалд ороод байна"

Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга хэлэхдээ “Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэгч байгууллага тохижилтыг аравдугаар сарын 15-нд дуусгах ёстой байсан боловч энэ үйл ажиллагаа сарын хоцрогдолтой байна. Үүнээс үүдэж одоогийн байдлаар 200 сая орчим төгрөгийн алдагдалд орсон буюу энэ хэмжээний нэмэлт хөрөнгө шаардлагатай болж байна.

Өнөөдөр бараа материал үнэ, ажиллах хүчний зардал зэрэг наад захын зардал өсөөд байна. Гэхдээ бид богино хугацаанд энэ тохижилтын ажлыг дуусгах үүргийг Хотын даргаас авч байгаа.

Харамсалтай нь "Энигма" компани уулын тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй байна. Сүүлийн хоёр өдөр гэхэд ямар ч техникийг энэ талбай руу оруулсангүй.

Цаашдаа ийм байдлаар явбал хот төсвийн алдагдалд орох буюу энэ тохижилт дээрх төсөвт өртөг нэмэгдэх асуудал үүсээд байна. Үндсэндээ сарын хугацаанд бидний ажил гацсан. Тухайн аж ахуйн нэгжтэй хотын удирдлага ирж ойлголцохгүй, бүр цагдаа хүртэл авчирч байгаад техник хэрэгслээ оруулж ирсэн тохиолдол бий" гэв.

Мөн тэрбээр, Дугуй цагааны тохижилтын явц дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэллээ. Хот тохижилтын газар нь Дугуй цагаан, Бага тэнгэрийн амын тохижилт, Богд хааны музейн урд талбайн тохижилт, зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасны дараах тохижилт, хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд нийт 16 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж байгаа аж. Энэ ажлуудын нэг нь Дугуй цагааны тохижилтын ажил юм байна.

Тухайн тохижилтын ажилд дээр нэр нь дурдагдсан ААН саад учруулахгүй бол 15 хоногийн хугацаанд дуусгуулахаар шахаж байгаа хэмээн тайлбарласан юм.

"Энэ компани зүгээр л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна"

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Цаг хугацаатай уралдаж хийж байгаа энэ тохижилтын ажлыг саатуулж буй энэ компани валютын зөрүү, инфляцын зөрүүг төлөх үү. Бүтэн сарын тээвэрлэлт, ханшийн алдагдлыг энэ компани төлж чадахгүй. Зүгээр л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна.

Энэ компани энэ газрыг өөрийн өмч мэт харж байна. Гэвч үнэндээ энэ газар улсын өмч. Нийслэл аж ахуйн нэгжээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийн дэмжих хэрэг үү” хэмээн ярив.

Мөн Улаанбаатарчуудын амардаг алхдаг уулын амыг ганц компани хашчихаад хэн орох, орохгүйг мэдээд байж байна гэдэг буруу гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дурдаж байлаа